Олны дунд “Уран Пүүжээ” гэж танил болсон Д.Пүрэвсүрэн зорин ирэх хол, ойрын зочдыг урландаа өдөрт хэдэндээ угтаж, үддэг. Түүгээр үйлчлүүлсэн хүн дахин ирэх нь бий. Дархан хүний ухаан, мэлмий, сэтгэлийн урыг илэрхийлэх ховор бүтээлүүд түүний гараас төржээ. Урланд нь ур хийцээрээ давтагдашгүй олон төрлийн чулуун хөөрөг, мөнгөн аяга, уран зураг байх юм. Тэрбээр сарын сайныг товлон бүтээлээ урлаж эхэлдэг гэсэн. Авьяас билиг, ур дархаараа өнөө цагийн монгол дархчуудыг манлайлж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа хэмээн түүнийг мэдэх хүмүүс магтдаг. Тэрбээр уран дархны ертөнцөд хөл тавьсан цагаасаа бүтээлээрээ монгол өв ухааныг баяжуулж, хилийн чанадад таниулах зорилго өвөртөлж иржээ.
-Дархан болсон түүх тань сонирхолтой юм билээ. Монгол Улсын начин, улсын алдарт уяач Г.Ганхүүгийн шавь гэл үү. Алдартай дархны шавь байх нь.
-Би 16 настайдаа багшид шавь орж, алх, дөштэй нөхөрлөсөн. Багш минь Монголын соёлоос гурван сайхан өв тээж яваа. Мэргэжлийн дархчуудад шавь сургалтаар хойч үеэ бэлтгэж ирсэн уламжлал бий. Багшийгаа эхэндээ “Энэ хүн бидэнд эрдэм заах юм уу. Хог шүүрдүүлж, шал угаалгаад байх юм” гэж боддог байж билээ. Бидэнд “Та нар худлаа ярихгүй, хулгай хийх ёсгүй. Хүнд нүнжигтэй зүйл урлаж бай” гэж захина. Тэр ч хэрээрээ уран дархны өв соёл, ёс жудаг, дэг жаягаас харамгүй зааж сургасан. Багштайгаа анх уулзахад монгол бөхийн хүндлэл, ёс жудаг, эрэмбэ сайхан санагддаг байв. Энэ хүний шавь болж, эрдмээс нь суралцсандаа бахархдаг.
Багш “Манай шавиар урлуулах зүйл байвал хийлгээрэй” гээд “Урт цагаан”-ы дархчуудад хэлнэ. Дархчууд ч “Алив Пүүжээ үүнийг ингэж хий, тэрийг тэгж давт” гээд гар, хөлийнхөө үзүүрт зарна. Сүүлдээ ч Пүрэвсүрэнгүй хүн байхгүй болж, би хэний эд зүйл урлаж байгаагаа ч мэдэхээ больсон. Залуу байсан болохоор ажлын ачаалал даана, олны урмын үгэнд урамшиж, бүтээх хүсэлд хөтлөгддөг байлаа. Багш нүүрэн дээр ер магтахгүй. Хааяа нэг “Ээ дээ, манай шавь мөн ч хурдан гартай шүү, дориун дархан болох шинжтэй” гэж магтсаныг хүнээс сонсоод баярлана. “Уг нь юмыг овоо дориун хийх юм, даанч залхуу” гэж зэмлэхээр нь намайг байнга зардаг байж ганц ч урмын үг хэлэхгүй шүү гэж хааяа гоморхоно. Дархан хүн ур хийцийг олон талаас нь хардаг юм. Тэр дундаа мөнгөн эдлэл давтахаас эхэлж шинжинэ. Би багшийн хажууд мөнгөн аяганы доторхыг гурван жил давтсан. Сүүлийн үед металл элддэг машин гарснаар алх, дөшний дуу багасан, давтаж урласан бүтээл ховорджээ.
-Багшийн тань ухаан эрдэм болж үлдсэнийг бүтээл, ур хийцээс нь харагдаж байна л даа.
-Эрийн гурван наадмын өв соёлыг тээж яваа бөх, уяач, үндэсний сур харваачдын малгайн титэм, бүс дэх чимэг зүүсгэлийг багш анх санаачилж урласан. Монгол Улсын аварга О.Балжиннямын малгайн титмийг би урлаж байлаа. Наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглодог бөхчүүдийн малгайг хараад багштайгаа урласан юм шүү дээ гэж баярладаг. Өөрөөсөө дээш цолтой бөхөө хүндэлдэг эрэмбэ бөхчүүдэд бий. Г.Ганхүү багштай уулзахаар О.Балжинням аварга ирэхэд “Дээшээ морил” гээд хүндэтгэж угтана. Ярилцаж суухдаа багш цолны эрэмбээр аваргын доод талд сууна. Гарч, орохдоо зөвшөөрөл авна. Ийм сайхан хүндлэл зөвхөн монголчуудад бий. Би багшийнхаа заасан эрдмийг өвлөж, алх, дөшний буянаар өөдрөг амьдарч яваа. Өдгөө төрийн түшээ, эрдэмтдээс эхлээд улсын цолтой аварга бөх, уяачид надаар эд зүйлээ урлуулдаг.
-Хүний сэтгэлд хүрсэн бүтээл урлана гэдэг гайхамшигтай авьяас шүү.
-Уран бүтээлч хүний эрхэмлэх зүйл бол сэтгэлээсээ урлах. Өндөр гэгээн Занабазар бүтээлээ урлахдаа бясалгал хийж, өдөр, сарын сайныг сонгодог байжээ. Дархчууд өөрийн гэсэн ялгарах өвөрмөц урлалтай. Би хөөрөг урлахдаа аавдаа хийж байна гэж боддог. Дархан хүн үйлчлүүлж буй хүнтэйгээ ярилцаж байж бүтээл урладаг юм. Сэтгэлд нь нийцэх эд зүйл санал болгож, урлах загвараа сонгоно. Хүний сэтгэлд хүрсэн бүтээл урлахад хийморь сэргэдэг юм шүү дээ.
-Бүтээлдээ шинийг эрэлхийдэг хүн байна, Та. Үнэт эдлэл хийх олдвор, эх сурвалжийг хаанаас олдог вэ?
-Манай “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоонд үйлдвэрлэл эрхэлдэг урчууд бий. Хүмүүстэй яриа дэлгэж суух завгүй ч гэлээ дор бүрнээ бүтээлдээ анхаарч, шинэ зүйл эрэлхийдэг юм. Надад олонтой нээлттэй, шударга харилцдаг давуу чанар бий. Урлуулж буй бүтээлийнх нь олдвор, эх сурвалжийн талаар сонирхож, мэдээлэл солилцдог. Яриа өрнүүлэхдээ эртний алдартай хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хөөргийг бишгүй нэг харлаа. Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн хөөрөг Асашёорюү Д.Дагвадорж аваргад, Даян аварга А.Сүхбатад даян халтар, дархан халтар хөөрөг бий. Хөөргө цуглуулагч Д.Ганболд хэмээх хүн бий. Түүнд Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн хөөрөг байдаг. Аав Даваадорж нь эртний цуглуулгатай. Зарим хүн миний үзэж хараагүй чулуугаар хөөрөг хийлгэхээр бариад ирдэг юм.
-Холбооны тэргүүний хувьд та урчуудынхаа бүтээлийг дэлхийд сурталчлан таниулах, үзэсгэлэнд оролцуулах гээд гүүр нь болдог байх, тийм үү?
-Бид хойшид юу урлаж бүтээх вэ гэж их боддог. Монголыг бодвол БНСУ байгалийн баялаггүй. Гэтэл хөгжилд хүрч чадсан. Гадаадынхан солонгос дархчуудаар үнэт эдлэл захиалж, урлуулдаг. Манай дархчууд хаана ч давтагдашгүй ур хийцтэй бүтээл төрүүлдгээрээ илүү. Бидэнд гайхалтай олон давуу тал бий. Ази, Европын орнуудын үзэсгэлэнд оролцож, олон зүйл харсан. Монголчууд биет бус олон өв тээж яваа. Манайд гар урлал хөгжсөн. Хэн ч үнэт эдлэлээ бариад ирсэн хүссэн загвараар нь урлаж байна. Харин одоо төр, засагтайгаа хамтран ажиллах нь чухал. Төр, засгийн удирдлагуудад монгол дархчууд өөрсдийгөө ойлгуулах хэрэгтэй. Дэлхийн брэнд болох бүтээлүүд манай дархчуудаас төрж байна. Гадаадад очих болгонд надад цагаан атаархал төрдөг. Монголд үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд ямар ч татваргүй орж ирсэн Солонгос, Турк, Тайландын бараа дүүрсэн. Гадаадынхан манай дархчуудын бүтээлүүдийг харж, бэлгэдэл утгыг нь сонсоод гайхан дуу алддаг. Гэтэл бидэнд үнэт эдлэлийн зах зээл хангалттай байдаг ч үйлдвэрлэл явуулах боломжоо хамгаалан тэмцэж чаддаггүй. Солонгосчууд үйлдвэрлэл явуулж чаддаг учраас нэг загварыг 100 000 ширхэг хэвлэж байна. Гэтэл манайхан татвар төлөхөөсөө халгаж, 10 ширхгийг хэвлэх жишээтэй. Гэхдээ бидэнд эх орондоо брэнд болох зүйл хийе гэж бодсон зүйл бий.
-Манай дархчуудад тулгамддаг асуудал олон байдаг бололтой. Эвлэлдэн нэгдвэл шийдэлд хүрч болохоор санагдах юм.
-Монгол дархчууд барилгын хонгилд үйл ажиллагаа явуулж байна. Дархчууд амьдрахын тулд Хөх хотыг их зорьсон. С.Намсрай багшаас VIII зууны тухай өгүүлсэн гайхамшигтай зургийг өвөр монголчууд 10 сая төгрөгөөр авах гэж ирэхэд нь би өгүүлээгүй. Би багшдаа нэг зүйл хийнэ гэж амласан, түүнийгээ заавал хэрэгжүүлнэ. Алдартай ахмад дархчууд жилээс жилд цөөрч байна. Тэднийгээ амьд сэрүүн байхад бүтээлийнх нь талаар өгүүлсэн нэвтрүүлэг, баримтат кино хийж, ном болгон хэвлүүлж олонд хүргэх сэн гэж боддог.
-Дархан хүний хамгийн нандин зүйл нь хүмүүсийн насан туршдаа бахархах эдийг урлахад байдаг уу?
-Эзэн нь бахархаж хэрэглэх эд урлах нь дархан хүний мөрөөдөл. Монголчууд эрдэнийн чулуугаар мэндэлдэг. Тэр ч хэрээрээ байгаль дэлхий, мөнх тэнгэртэй хүйн холбоотой оршдог. Бидэнд эцэг өвгөдийнхөө эд зүйлийг өвлөн хэрэглэдэг уламжлал бий. Монгол эр хүн гэртээ эмээл, хазаар, ташуур залсан байхад үр хүүхдүүд нь даруулгатай, зөв хүмүүждэг. Хөөрөг энэ бүхнийг батлах ёс заншлын томоохон эд зүйлийн нэг. Би хүүтэйгээ хөөрөг зөрүүлж мэндэлдэг. Миний хүү Монголын өв соёлын гайхамшгийг хөөрөг зөрүүлэх хүндэтгэлийн зан үйлээс мэддэг байх ёстой. Монголчууд нүүдлийн соёл иргэншлийн ахуй соёлыг өөртөө шингээснээ өдөр тутмын амьдралаараа харуулдаг.
-Монголчуудын уламжлалт урлаг бэлгэдэл агуулдаг. Тухайлбал, батноров, дарьганга, ноён сэврээ хийцийнх гээд хоорондоо ялгардаг шүү дээ.
-Монгол дархчуудын бүтээл XVIII зууны үед өндөр түвшинд хөгжсөн. Бүтээлийг нь сонирхоход амьтай, сүнслэг байдал анзаарагддаг. Гар, ухаан, мэлмийн урыг шингээсэн бүтээл давтагдашгүй болдог. Манай дархчуудын бүтээлд энэ бүхэн шингэсэн. Өндөр гэгээн Занабазарын Цагаан, Ногоон дарь эх бүтээл үүнийг батална. Бүсгүй хүний гадаад, дотоод гоо сайхныг бүтээлдээ цогцлоон харуулж чадсанаар дэлхийд одоо ч гайхагддаг. Энэ үед монгол дархны бүтээлд дарьганга, батноров, ноён сэврээ гэж нэгнээсээ ялгарах ур хийцийн урсгал гарсан. Бат бөхийн бэлгэдэл батноров, нүнжигтэй, мөнхөд оршихуйн бэлгэдэл ноён сэврээ, ихэмсэг оршихуйн бэлгэдэл дарьганга хийц гэх зэрэг нутаг нутгийн хийц, ураар нэрлэж ирсэн. Дарьганга хийцийн урлал наана цаанаа давхар хээтэй. Батноров хийцийг Тожил хэмээх дархан бат бөхийн бэлгэдлийг бэлгэдэж хийсэн байдаг. Архангай аймгийн Далайчойнхор вангийн хошуу ган сийлбэрээр алдартай байсан. Монгол дархчуудын энэ их өв соёлыг өдгөө дэлхийд таниулах нь чухал. Тиймээс “Түмэн эрдэнэс” холбоо уран бүтээлээ гадаад зах зээлд гаргах гарц сэдэж байгаа.
-Зуун дамжсан үнэт эдлэл ямар түүх тээснээ хэлээд байх шиг санагддаг.
-Дархан хүний бүтээлүүдээс дотоод сэтгэлийн мэдрэмж, мэдрэхүй харагддаг. Гар хийцийн бүтээл зуунаас зуун дамжин үнэлэгддэгийн нууц нь энэ. Сэтгэлээ шингээсэн бүтээл бат бөх болдог. Сүнслэг амьтай бүтээл Халхын өндөр гэгээн Занабазарын бүтээлд илүү тод харагддаг юм. Манай дархчууд бүтээлдээ донж, зохиомжийг гайхалтай гаргадаг. Монгол дархны урлал хөөмий, цутгуур, баримал, утсан, сүлжмэл гээд баялаг. Дархан хүн урлах бүтээлийнхээ хэлбэрийг сайн ажиглан харж судалдаг. Урлалд төсөөлж бүтээх нь чухал.
-Танд үе дамжин өвлөгдсөн эдлэл байдаг уу?
-Өвөө минь нутагтаа нэртэй уран хүн байсан. Аав гарын уртай. Монголын сор болсон уран дархчуудын дунд ээж минь гоёл чимэглэгчээр ажилласан. Хүүхэд байхдаа ээжийнхээ ажилд очиж, урчуудын бүтээлийг хараад бахархана. Тэндээс гоё сайхныг олж хараад ялгах нүдний уртай болсон гэж боддог. Надад өвөө, аавын минь эдэлж хэрэглэсэн хөөрөг өвлөгдсөн.
-Танайхныг удмаараа уран гэлцдэг. Нэг айлын хүүхдүүд ийм байх нь ховор шүү дээ.
-Монгол дархны урлалд бид өөрийн чадах зүйлээр хувь нэмэр оруулж яваа. Би урлаж суухдаа баяртай байдаг. Шинэ бүтээлийн санаа төрвөл “Надад нэг бодол байна, энэ зохиомжид ийм санаа оруулвал ямар вэ” гээд зөвлөлдөж ярилцана. Дүү Д.Баатарсүрэн мөнгөн аяга, эмээл хазаар, ах Д.Намнансүрэн хөөргийн толгой, нуух, халбага, ээмэг, бөгж, дээлийн товч урлана. Бид сүүлийн үед залуу дархчуудтай хамтран ажиллаж байгаа. Уран дархчууд тус тусдаа бүтээл урлахаасаа илүү эвлэлдэн нэгдвэл бусдаас хоцрохгүй хөгжинө. Нэг санаа зорилготой байна гэдэг хамгийн чухал.
-Танай холбоо “Монгол уламжлал дэлхийг гоёно. Монгол дархчууд цор ганцыг бүтээв” гэсэн уриатай юм билээ?
-Тийм ээ, бид ядаж түлхүүрийн оосор хийхдээ тодорхой нэг үнэ, тоогоор хэвлэх хэрэгтэй. Энд тэндхийн үзэсгэлэнд оролцоход хүн бүр өөрийн гэсэн загвар гаргаад 10-20 ширхэг хэвлэдэг, гэтэл гадаадынхан сонирхож авахаар ирэхэд дууссан гээд зогсож байдаг. Тэд биднээс өөр ёс заншил соёлтой учир түүнийг нь судалж бүтээл урлах ёстой юм. Монголын урчууд Унгарт 2016 онд болсон үзэсгэлэнд оролцохдоо гараар хийсэн бүтээл ховор байхыг харсан юм. Монголчуудын хэрэглэдэг мөнгөн аягыг тэд авахгүй, цай дээжлэн хийдэг ёс ч тэнд байхгүй. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг үзэсгэлэн Хөх хотод болдог. Тэгсэн Монголоос оролцсон 800-гаад аж ахуйн нэгж эмээл, аяга хийгээд очжээ. Өмнө нь эмээл сайн зарагдсан юм байна л даа. Үзэсгэлэн тарсны дараа эмээлээ яах вэ гэсэн хүмүүс энд тэндгүй таарсан. Манайхан юманд туйлширдаг зангаа хаях хэрэгтэй.
-Дархан хүнийг дэг жаяг, жудагтай байх ёстой гэлцдэг.
-Дархан хүний ёс зүй бол шуналгүй байх юм. Хэн нэгэн аав, ээжийнхээ үнэт эдлэлийг бариад ирвэл хүссэн загвараар нь урлах хэрэгтэй. Итгээд үлдээсэн эдлэлээс нь хумсалж болохгүй. Хэрвээ алтнаас хумсалбал нас хорогдоно гэж үздэг. Багш бидэнд “Алт, мөнгөн эдлэлийн үртсийг газарт битгий хая, буянаа барна. Энэ чинь арван цагаан буян юм шүү” гэж захидаг байв.
-Монгол дархчуудын бүтээлд зэрэг зиндаархах зүйл бас ажиглагдаад байдаг шүү.
-Зиндаархах зүйл бий. Монгол хатдын чимэг зүүсгэл, эд хэрэглэл гайхалтай. Монгол эр хүний хэрэглэдэг эдэнд хийморь сэргээх нүнжиг шингэсэн байдаг. Хаш хөөргийг язгууртан угсааны хүмүүс барьдаг байсан. 1900 оны үед гадаадын судлаачид үлэг гүрвэлийн судалгаа хийхээр Монголд ирэхдээ хүрээний ноён, хатны зургийг сонирхож авсан байдаг. Тэр зургийг хэдэн жилийн өмнө сэтгүүлд гарсан байхыг үзээд монгол эр хүн хэр үнэ цэнтэй эд эдэлж, хувцас өмсдөг болохыг үнэлэн тооцоолж үзжээ. Тэгтэл ноён угсааны хүн 600 000 ам долларын үнэтэй эд, эдлэл хэрэглэдэг байсан нь баримт болж үлдсэн байгаа юм.
-Урчуудын ур чадвар, уран бүтээл хэдэн насандаа тэгширдэг бол?
-Монголчууд “Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэж ярьдаг. Дархан хүний ухаан, мэлмий, сэтгэлийн ур тэгшрэхээр сайхан бүтээл гардаг юм. Судлахад манай алдартай уран дархчууд 40-60 насандаа сор болсон гайхамшигтай бүтээлээ урласан байдаг юм билээ. Монголын язгуур урлалын зохиомж цаанаа нэг өөр, сэтгэл татдаг. Луу урласан зохиомж нь үүлний наана, цаана нэг гарч харагдах хөдөлгөөнийг харуулахаас гадна тэнгэрийн хүчтэн гэж ийм л байдаг болов уу гэх бодол төрүүлдэг. 21 дарь эх бүтээлийг хараад эхэндээ ойлгодоггүй байлаа. Нас яваад ухаан суух тусам харахад бас нэг өөр. Одоо бол хараад олон зүйлийг ойлгодог болжээ. Монгол дархан алтан бөгж урлахдаа амыг нь хуурайдахгүйгээр нийлүүлж урладаг. Хүний үнэтэй эдлэлд хуурай хүргэхгүй урлана гэдэг ухаан, ур чадвар их шаардана шүү.
-Монголд хөөрөг урлахад ямар чулуу олдоцтой вэ?
-Чулуу өөрөө сайхан урлал болохыг хүсдэг юм шүү дээ. Монголчууд мана чулууг чуна, халтар, сүүж зэргээр өнгө, анагаах увдисаар нь 200 гаруй төрөл болгон хуваадаг. Мана чулуу галт уулын дэлбэрэлтээс үүссэн гэдэг. Дүүрэн байхын бэлгэдэл агуулж маныг цүдгэрдүү урладаг. Мана хөөрөг хавтгай байвал халаасны хөөрөг гэж үздэг юм. Хэрэв хөөрөг цуурч хагарвал амьдрал сэвтэнэ, сэв гарвал амь хааж байна гэж үзээд овоонд өргөдөг ёс бий.