Joinme.mn платформын захирал Э.Цоморлигтой дотоодын аялал жуулчлалын талаар ярилцсанаа хүргэе.
-Юуны түрүүнд Joinme.mn платформын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Joinme.mn бол дотоодын жуулчдад зориулсан Монголын анхны аяллын платформ. Аялал жуулчлалын салбарын дижитал шилжилтийг түүчээлэн ажиллаж байгаа баг. Монгол хүн эх орноороо аялахад шаардлагатай бүх мэдээллийг нэгтгэсэн технологийн шийдэл гэж ойлгож болно. Аяллын хөтөлбөр, амралтын газар, жуулчны бааз, онцлох арга хэмжээ, зөвлөгөө гээд жуулчдад хэрэгтэй бүх мэдээлэл энд бий. Аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимаар худалдан авах боломжийг бүрдүүлсэн нь манай платформын онцлог. Тухайлбал, та энэ зун Алтай Таван богд руу аялах бол манайхаас тухайн чиглэлд төлөвлөсөн багц аяллыг сонгож болно. Харин өөрөө аяллаа зохион байгуулж, хувийн машинаараа явна гэвэл биднээс амралтын газар болон нэмэлт үйлчилгээ авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд хэрэглэгч дурын аяллаа цахим лизингээр авах боломж нээлттэй. Элдэв бичиг баримт бүрдүүлж, банканд очих шаардлагагүй, аялалтай холбоотой бүхнээ дэлгэцийн цаанаас шийднэ гэсэн үг.
-Дотоодын жуулчлалыг идэвхжүүлэх хөшүүрэг, түүнчлэн аялагч болон тур операторуудыг холбох гүүр гэж ойлгож болох нь ээ?
-Хэт нэг талын бодлого барьж ирснийг “Ковид-19” бидэнд, аялал жуулчлалын салбарынханд ойлгуулсан. Бид өмнө нь зөвхөн гадаадын жуулчдад зориулж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж, контентоо бүтээдэг байв. Өөрөөр хэлбэл, дотоодын аялагчдыг ойшоож байгаагүй. Гэтэл нөгөө талаасаа нүүдэлчин соёл ахуйтай холбоотой юм болов уу даа, монгол хүн үргэлж аялахыг хүсэж, эрмэлздэг. Харамсалтай нь энэ хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн санал болголгүй дэндүү олон жил явсан учраас иргэд ихэвчлэн бие даан аялал зохион байгуулах жишиг тогтчихож. Харин бид монголчууд ч гадаадынхан шиг бүтээгдэхүүн, үйлчилгээ авч, аюулгүй байдалдаа санаа зоволгүй, эдийн засгийн хэмнэлттэйгээр эх орноороо аялах боломжтойг олон хүнд ойлгуулахыг зорьсон юм. Аялал жуулчлал гэдэг бол нарийн мэргэжил. Аяллыг мэргэжлийн түвшинд зохион байгуулахад менежерээс эхлээд жолооч, хөтөч, тогооч шаардлагатай. Гэтэл Монголын дотоодын аялал жуулчлал энэ жишгээс хол. Тогооч, жолооч, хөтөч, зохион байгуулагчийн үүрэгт ажлыг иргэд өөрсдөө гүйцэтгэдэг. Гэр бүлийн гишүүд хоорондоо тухтай ярилцаж, халуун дотно уур амьсгал мэдрэх ч завгүй өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй. Үүнээс болоод түүртэж, ядарна. Аяллын буюу амралтын утга учир алдагддаг. Эрсдэл үүрч, эдийн засгаараа хохирох нь ч элбэг.
-Дотоодын жуулчид мэргэжлийн компанийн үйлчилгээг авахаас татгалздаг гол шалтгаан нь хямдаар аялах хүсэл. Гэвч бодит байдалд түүнээс давсан зардал гаргадаг гэж үү?
-Тооцоогүй, төлөвлөгөөгүй аялал дан ганц эдийн засгийн бус, олон эрсдэл дагуулдаг. Машин техникээ эвдэх нь наад захын эрсдэл. Цаашлаад амь, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй. Тиймээс ирэх зун аялахаар бол маш сайн төлөвлөөрэй гэж уриалмаар байна. 2021 он бол монголчууд эх орондоо хөрөнгө оруулах жил. Цар тахлын нөлөөгөөр нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед та эх орондоо аялснаар улсдаа хөрөнгө оруулна. Мэргэжлийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авбал бүр ч сайн. Хэмнэлттэй, тав тухтай, сэтгэл ханамжтай аялаад, эх орондоо хөрөнгө оруулах боломж хүн бүрт бий.
Нэг сонирхолтой баримт хэлье. 2019 онд гадаадын жуулчид Монголд аялахдаа 607 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Харин монголчууд гадаадад аялахдаа 615 сая ам.доллар зарцуулжээ. Гадаадынхан Монголд зарцуулснаас 10 орчим сая ам.доллароор илүү буюу ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийг бид бусад орны зах зээлд шингээсэн гэсэн үг. Шинэ жил, аливаа баяр ёслолоор байгууллагууд шилдэг ажилтнуудаа урамшуулах нэрийдлээр Утай Гүмбэн, Хөх хот, Чэжү, Манжуур аялах эрх олгодог. Монгол аялагчид гадаадад жуулчлахыг илүүд үзэж иржээ. Энэ тэдний буруу биш. Ийм байх нөхцөлийг Монголын аялал жуулчлалынхан бүрдүүлсэн. Монгол аялагчдадаа ач холбогдол өгөлгүй, зөвхөн гадаадын жуулчдад төвлөрсөн бодлого ийм үр дүнд хүргэсэн. Харин “Ковид-19” энэ их алдагдсан боломжийг бидэнд сануулж, бизнес эрхлэгчдийн нүдийг нээлээ. Эдийн засаг агшиж, олон тооны ажлын байр үгүй болсон ч монголчууд гадаадад жуулчлахдаа зарцуулдаг тэр их мөнгөний ядаж тал хувь нь өнгөрсөн жил аялал жуулчлалын салбараар дамжин Монголын эдийн засагт шингэсэн гэдэгт итгэлтэй байна.
-Ер нь монголчууд шинээр ямар төрлийн аялал сонирхож байна вэ?
-Бид өнгөрсөн намар Хагийн хар нуур луу нисдэг тэрэгтэй, Алтай Таван богд руу нислэгтэй аялал санал болготол үнэхээр эрэлттэй байлаа. Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй үедээ “Монголчууд аяллын үнэд л мэдрэг” гэж буруу дүгнэдэг байв. Тухайн үеийнхээ эрэлт, сонголтыг үндэслэн ингэж дүгнэсэн хэрэг. Гэтэл энэ ойлголт намар өөрчлөгдсөн. Монгол жуулчдад хэн сонирхолтой, содон, шинэлэг үйлчилгээ санал болгож чадна, тэр байгууллага худалдан авах чадвар өндөртэй жуулчидтай “вальс эргэх” боломжтой.
-Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц хангалттай бий гэдэг. Тэгвэл байгаль, түүх, соёлын өгөгдлийг “жинхэнэ” бүтээгдэхүүн талаас нь сурталчилж, хөгжүүлсэн компани бий юү?
-Байлгүй яах вэ. Маш олон бий. Харамсалтай нь, бид энэ талаар мэдээлэл багатай нь мэргэжлийн байгууллагууд энэ бүхнээ тэдэнд хандаж, санал болгодоггүй байсантай холбоотой. Жишээ нь, бидэнд хамгийн ойр орших Хустайн нурууны байгалийн цогцолборт газар бол зэрлэг адуу нутагладаг байгалийн үзэсгэлэнт газар. Гэтэл өнгөрсөн зун хотын төвийн гудамжинд санамсаргүй байдлаар сонгосон 20 хүний 18 нь Монголд зэрлэг адуу нутагладгийг мэдэхгүй байв. Дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адууг монголчууд эл нуруунд нутагшуулаад, өсгөж үржүүлээд өчнөөн жил болж байхад шүү дээ. Энэ нь дотоодын жуулчдад зориулсан мэдээлэл, сурталчилгаа хомстой холбоотой. Хустайн нуруунд хэзээ очвол тахь сүрлэг сайхан харагддаг зэрэг мэдээллийг түгээж, сурталчлахад аялагчид сонирхоно шүү дээ.
-Ирэх тавдугаар сараас хил нээх сураг дуулдаж эхэллээ. Хилээ нээсэн ч дотоодын жуулчлал идэвхтэй байх болов уу. Ер нь ямар зураглал харагдаж байгаа бол?
-Хилээ нээлээ ч олон улсын аялал жуулчлал цар тахлын өмнөх үеийнх шигээ хэмнэлд мөддөө орохгүй болов уу. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Дэлхийн улс орнуудын хил нээх хугацаа харилцан адилгүй. Хоёрдугаарт, Европын орнууд жуулчдыг евро бүсээс өөр тивд аялаад ирсэн тохиолдолд 14 хоног зайлшгүй тусгаарлах бодлого баримтлах болсон. Аялагчид үүнд 1800 евро төлөх ёстой. Зөвхөн европ жуулчдын хувьд гэхэд л ийм байна. Дараагийн нэг шалтгаан нь вакцинаас үүдэлтэй хязгаарлалт. Улс болгоны сонгож буй вакцин адилгүй. Улс төрийн зөрчил, нөхцөл байдлаас болоод зарим улс аль нэг төрлийн вакциныг хүлээн зөвшөөрөхгүй, түүнийг хийлгэсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх талтай. Энэ мэтчилэн зохицуулалт, зөрүүтэй хууль, журмуудаас болоод аялагчдад хүндрэл үүсэх нь тодорхой учраас олон улсын аялал жуулчлал эргэн сэргэхэд багагүй хугацаа шаардлагатай.
-2020 онд Монголд төдийгүй дэлхий дахинд дотоодын жуулчлал эрчимжсэн гэдгийг та хэдэнтээ онцоллоо. Үүнтэй холбоотой баримт, статистик мэдээлэл танилцуулахгүй юү?
-Бид 2018 онд олон улсын аялагчдын тоо нэг тэрбумд хүрлээ гээд сүр дуулиан болж байв. Гэтэл өнгөрсөн онд дэлхий дахинд есөн тэрбум хүн эх орондоо аялжээ. Ес дахин их гэсэн үг. Нийт хүрээгээр нь авч үзвэл дотоодын аялал жуулчлал олон улсынхаас зургаа дахин том. Салбарын нийт орлогын 75 хувийг дотоодын аялагчид бүрдүүлдэг. Ханшийн зөрүүгүй, соёлын ялгаа үүсдэггүй, виз, гадаад паспорттой холбоотой хүндрэл бэрхшээл гардаггүй учраас ямар ч орны дотоод аялал жуулчлал нь олон улсынхаас илүү үнэ цэнтэй, ашигтай. Тиймээс улс орнууд энэ чиглэлийн аяллыг нэн тэргүүнд тавьж, бодлогоор хөгжүүлдэг юм. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлснээр улирлын хамаарлыг арилгах боломжтой. Дэд бүтэц, хэт бөөгнөрлийг сааруулж, ажлын байр бий болгодог. Мөн хязгаар нутгийн хөгжлийг дэмжиж, үндэсний соёл, түүх дурсгалын үнэ цэнийг хойч үедээ ойлгуулахад чухал хувь нэмэр оруулна. Салбарын гол арга хэмжээнүүдийг дотоодын аялагчид л бойжуулдаг шүү дээ. Манай улс өргөн уудам газар нутагтай, соёлын болон байгалийн ялгарал сайтай гэхчлэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүх угтвар нөхцөлийг бүрэн хангасан. Гагцхүү оновчтой бодлого, төлөвлөлт л чухал.
Хязгаар нутгийн хөгжилд дотоодын аялал жуулчлал хэр чухал нөлөөтэйг батлах хэдэн жишээг онцлон дурдъя. Баян-Өлгий аймаг 2019 онд дотоод, гадаадын 13 000 жуулчин хүлээж авсан бол өнгөрсөн жил 25 000 хүн тус аймгаар аялсан байна. Наадмын дараах 20 хоногийн хугацаанд л ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөгийн орлого орон нутагтаа төвлөрүүлжээ. Өлгийн төв дэх хүнсний дэлгүүрүүдийн орлого энэ үеэр хоёр дахин өссөн байна. Буйр нуур дахь жуулчны баазууд 2020 онд өмнөх жилийнхээсээ хоёр дахин их ашиг олсон. Халхгол сум дахь Ялалт музейнхэн өмнөхөөс гурав дахин олон тасалбар борлуулжээ. Дундговийн Цагаан суварга чиглэлд уржнан 6000 орчим хүн аялсан бол ноднин 20 000-д хүрэв. Архангайг зорьсон жуулчны тоо мөн 2-3 дахин өссөн гэнэ. Хамгийн их ядуурал, ажилгүйдэлтэй гэгддэг Завханы Улиастай дахь дэлгүүрүүдийн орлого хоёр дахин нэмэгджээ. Эдгээр тоонууд дотоодын жуучлалын талаар олон зүйлийг “хэлж” байна.
-Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах хүсэлтэй ч хаашаа, ямар төлөвлөгөөтэй, яаж явахаа мэдэхгүй байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Олон хүн ингэж асуудаг. Энэ асуултад тодорхой хариулахын тулд joinme.mn платформыг байгуулсан. Манайд 80 орчим байгууллагын 150 орчим бүтээгдэхүүн бий. Төрөл бүрийн багц аялал, жуулчны бааз, амралтын газрууд, онцлох арга хэмжээ, мэргэжлийн экспертүүдийн зөвлөгөө, мэдээлэл гээд танд хэрэгтэй бүхэн тэнд байгаа. Би аялал жуулчлалын салбарт 20 жил ажиллаж байна. Оюутан байхаасаа гадаадын жуулчид авч, хөтөч, тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн юм. Тиймээс аль чиглэлд, хэний компани сайн бэ гэдгийг мэднэ. Ижил чиглэлд аялал зохион байгуулдаг компаниудаас хэн нь илүү гүйцэтгэл сайтайг гадарлана. Тиймээс энэ туршлагадаа үндэслэн, тухайн компанийн үйлчилгээний чанар, гүйцэтгэлийг нь харгалзсаны үндсэн дээр хэрэглэгчдэдээ санал болгодог.
-Лизингээр аялна гэдэг монголчуудын хувьд харьцангуй шинэ үйлчилгээ. Ямар нэг шалгуур тавьдаг уу?
-Энэ шийдлийг санал болгоход манай салбарынхан анх эргэлзэнгүй хүлээж авч байлаа. “Зээлээр аялуулчихаад, дараа нь мөнгөө олж авах гэж бөөн асуудал үүснэ” гэсэн хандлага ажиглагдсан. Энэ ойлголтыг өөрчлөхийн тулд бид багаараа маш сайн ажилласан. Харин одоо өөрөөр хардаг болсон. Тухайн хүн лизингээр үйлчилгээ авах боломжтой, эсэхийг банк цахимаар үнэлж, шийдвэр гаргадаг учраас бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгогч компани болон тэдгээрийг зуучлагч манай байгууллагад ямар ч эрсдэлгүй.
-Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудлуудаас нэн түрүүнд шийдвэл зохимжтой нь гэвэл таны хувьд юу байдаг бол?
-Нэн түрүүнд дотоодын аялал жуулчлалыг цэгцлэх, зөв голдирлоор нь хөгжүүлэх чиглэлд бодлогоор анхаараасай. Мөн аялагчдын боловсролыг дээшлүүлэхэд тодорхой хөрөнгө төсөвлөж, дорвитой ажлууд хийх хэрэгтэй гэж боддог. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд энэ чиглэлд хүчээ нэгтгэх цаг нь болсон.