Хөдөө аж ахуйн биржийн Захиргаа удирдлагын нэгжийн менежер Х.Энх-Амгалантай тус бирж арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлж буйн үр дүн, зарим ажлынх нь төлөвлөгөөний талаар ярилцлаа.
-Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем ашиглалтад оруулна гэсэн. Уг ажлын явц ямар шатанд байна вэ?
-Системийн хөгжүүлэлт 80 гаруй хувьд хүрсэн. Энэ улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гамшгаас хамгаалах түвшнийг ахиулсантай холбоотойгоор төлөвлөсөн хугацаа бага зэрэг өөрчлөгдөж магадгүй боллоо.
-Ийм технологи нэвтрүүлснээр биржийн үйл ажиллагаанд ямар үр дүн гарах вэ?
-Арилжааг блокчэйнд бүртгэснээр тухайн хэлцэл, мэдээллийг өөрчлөх, устгах боломжийг хааж, оролцогч талуудын итгэлцлийг өсгөнө гэсэн үг. Мөн бүх таваарын арилжааг 24/7/365 зарчмаар тасралтгүй явуулах боломж бүрдүүлэх нь олон улсын оролцогчдыг хамруулах нөхцөл болно. Түүнчлэн уламжлалт арилжаанд дундын зуучлагчид ажилладгаас ашгийн хуваалт нэмүү гарч, оролцогчдын идэвх бууран, биржийн зах зээлийн хөрвөх чадвар сулрахад нөлөөлдөг байдлыг халах юм. Өөрөөр хэлбэл, технологид суурилсан автоматжуулалт, интеграц хийснээр зуучлагчдын тоог бууруулж, зардал хэмнэх боломжтой.
-Биржийн байнгын бус гишүүдийг арилжаанд оролцуулахыг идэвхжүүлнэ гэсэн. Үүнд хэн, хэрхэн оролцох вэ. Арилжих түүхий эдийн хэмжээ өсөж, зах зээл нь тэлэх үү?
-Биржийн арилжаанд хэн, хэрхэн, оролцох талаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны журамд заасан байдаг. Мэдээж арилжаа гэдэг утгаараа зарах, худалдан авах хоёр тал оролцоно. Тэдний хоорондын төлбөр тооцоо, арилжсан бараа, түүхий эдийн чанар, тээвэрлэлтэд шаардлагатай тохиолдолд бирж хяналт тавих, баталгаажуулах үүрэг хүлээдэг. Ер нь бирж сонгодог утгаараа ажиллавал бараа, түүхий эдийг худалдах, худалдан авах нөхцөлийг буюу үүсмэл санхүүгийн хэрэгслийг хэдэн сараар үүсгэн, ханшийн зөрүүнээс ашиг хүртэх, аливаа эрсдэлийг бууруулах боломж бүрдэх учиртай. Хуулиар бол биржийн байнгын бус гишүүн нь хоршоо. Ийм хоршоод шалгуур үзүүлэлтийг ханган, биржтэй зохих гэрээ байгуулснаар арилжаанд оролцох эрхтэй болно. Улмаар малчин, мал бүхий этгээд нэг хоршоогоор дамжуулан арилжаанд оролцоно. Байнгын бус гишүүн болсноор хоршоологчдынхоо бараа, түүхий эдийг нэгтгэх, анхан шатны тордолт хийх, улмаар төлбөр тооцоогоо эрсдэлгүйгээр барагдуулах зэрэг давуу тал үүснэ. Хэрэв биржийн арилжаанд зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий брокер оролцуулбал зуучлалын хөлс төлөх, мөн орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй хоршоод заавал зуучлагчаар дамжуулан арилжаанд оролцох болно. Өдгөө малын түүхий эдийг бэлтгэх, худалдах, худалдан авах тогтолцоо нь нэгдмэл бус, зохих стандартгүй шахам, малчид бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх болон анхан, дунд шатны боловсруулалт хийсэн, эсэхээс үл хамаарч үнэлгээ багатай байна. Мөн дотоодын үйлдвэр, экспортлогчид тус бүртээ түүхий эд бэлтгэх, цуглуулах, боловсруулах ажил хийж буй. Харин хоршоодыг идэвхжүүлснээр түүхий эд бэлтгэх явц, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, стандартын шаардлага хангасан зах зээлд бүтээгдэхүүнээ бодитой үнэлүүлэх, урт хугацаанд форвард, фьючерс гэрээ, хэлцэл байгуулж, бодит өгөөж хүртэх суурь болох юм.
-Түүхий эдийг биржээр дамжуулан арилжих сонирхол малчид, бэлтгэн нийлүүлэгчдэд хэр байгаа бол. Биржээр арилжихын ач холбогдол юу вэ?
-Малчид, хоршоологчид түүхий эд, бүтээгдэхүүнээ зах зээлд бодитой үнэлүүлэх, аль болох их ашиг хүртэх сонирхолтой. Харин худалдан авагч нь бага үнээр авах хүсэлтэй байх нь тодорхой. Тиймээс зах зээлд нь төр оролцон, зохиомол аргаар үнэ тогтоох, аливаа татаас өгөх нь урт хугацаанд өгөөжгүй. Харин зах зээлийн өрсөлдөөн, бизнесийн орчныг мэдэрч, эрсдэлээ тооцох, хуваарилах талаар малчид болон хоршоодод мэдлэг, мэдээлэл өгөх нь зайлшгүй чухал. Хэрэв малчид ирэх жил бэлтгэх ноолуураа энэ онд зарах боломжтой болчихвол тэд санхүүгээ бодитой тооцоолох, зах зээлд үнэ тогтохыг хүлээхгүйгээр урьдчилан тохирсон стандарт, үнээр бүтээгдэхүүнээ арилжих боломж бүрдэнэ. Түүхий эдээ нийлүүлэх үед л мөнгөтэй болдог байдал өөрчлөгдөж, санхүүгийн бэрхшээлээс хамгаалагдана. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган эрсдэл бууруулах арга ашиглан, санхүүгийн үүсмэл хэрэгсэлд суурилсан биржийн арилжааг илүүтэй хөгжүүлж чадвал энэ салбарт маш их боломж бий.
-Улаан буудайн арилжааг ХААБ-ээр дамжуулж хийнэ гэсэн. Үүний ашиг тус нь юу байна вэ. Арилжаанд оролцогчдод ямар давуу тал үүсэх бол?
-Тариаланчдын хувьд чанар, стандартын шаардлага хангасан улаан буудайг зах зээлийн үнээр худалдах, олон хэрэглэгчтэй харилцах боломж бүрдэнэ. Манай улсад 30-40 га талбайгаас 2000-5000 га хүртэл ашиглан үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд бий. Бидний боловсруулан, танилцуулах арилжааны зохицуулалт нь тариалан эрхлэгч бүрт үр ашигтай байна гэсэн үг. Улаан буудайг биржээр арилжих асуудлаар салбарын яамнаас ажлын хэсэг гарган, нарийвчилсан тооцоо судалгаа хийн, оролцогч талуудын саналыг тусгах, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэх ажил хийж буй. Удахгүй илүү тодорхой мэдээлэл өгөх боломж бүрдэнэ. Бидний тооцсоноор улаан буудайг энэ онд багтаан биржээр арилжина, мөн зохих урамшууллыг нэвтрүүлж, түүхий эд бэлтгэлийн нэгдсэн систем бий болгох анхан шатны ажлууд хийнэ.
-Цаашдын төлөвлөгөөнөөсөө танилцуулаач. Та бүхэнд ямар нэгэн бэрхшээл тулгарч байна уу?
-Бид биржийн дүрэм журмыг шинэчлэн боловсруулах, арилжааны цахим системийг ашиглалтад оруулах, бараа, түүхий эдийн чанар, стандартыг хангуулахад анхаарч, агуулахуудыг нэмж итгэмжлэх ажлыг хийж байна. Мөн даатгалын компаниуд, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллаж эхэлсэн. Түүнчлэн түүхий эд бэлтгэлийн жишиг сум бий болгохоор зорьж буй. Цаашид лаборатори, тээврийн байгууллагуудыг судлан итгэмжлэх, таваар бэлтгэгчдийг сургах, олон улсын стандартыг судлан, дотоодынхтой уялдуулах боломжийг эрэлхийлэх юм. Бидний хийхээр төлөвлөж буй өөрчлөлт, шинэчлэл нь зөөлөн, хатуу дэд бүтцийг хамтад нь анхаарах бөгөөд үүнийг салбарын хэмжээнд болон хамаарал бүхий оролцогчдод сайтар ойлгуулж, хамтран ажиллахгүй бол үр дүн муутай.
-Түүхий эд бэлтгэлийн жишиг сум бий болгоно гэж дурдлаа. Аль сумыг ийнхүү хөгжүүлж, тэнд ямар ажил хийхээр төлөвлөв?
-Орон нутгийн санаачилгаар Хэнтий аймгийн Баян-Овоо сумд түүхий эд бэлтгэлийн бааз байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нэгдсэн арилжаа зохион байгуулагчийн хувьд манайх арга зүйн зааварчилгаа өгч, зөвлөн туслах, хоршоодтой хамтран ажиллах, биржээр бүтээгдэхүүн борлуулахын үр өгөөжийг таниулах ажлыг эхний ээлжид хийнэ.
-Ноолуур бэлтгэлийн улирал эхлэх нь. Энэ хавар нэг кг нь ямар үнэтэй байх төлөвтэй байна вэ. Танайх хэрхэн ажиллах бол?
-Ноолуурын үнэ ханшийн талаар одоогоор хэлэх боломжгүй. Бид хоршоодтой хамтран арилжаануудаа зохион байгуулаад явна. Өнгөрсөн онд манайх 165 удаа спот арилжаа зохион байгуулж, 1377 хэлцлээр ноолуур 6944, хонь болон тэмээний ноос 6432, ямааны завод ноос 1737, рапс 3360 тонныг арилжсан. Нийт 488.7 тэрбум төгрөгийн үнийн дүнд хүргэсэн 2019 оныхоос 40 гаруй хувиар багассан үзүүлэлт болсон. Энэ жил багадаа 5000 тонн ноолуур арилжаалах төлөвлөгөө бий.