Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар ажиллаж байсан О.Адъяасүрэн, “Есөн шижир” ББСБ-ын хувьцаа эзэмшигч Б.Наранчимэг, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Азжаргал болон тус компанид холбогдуулан шалгасан хэргийг НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. О.Адъяасүрэн нар дээрх ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 31 автомашиныг есөн сая гаруй төгрөгийн торгуулиас нь “бултуулах”-ын тулд “Есөн шижир”-ийн удирдлагаас 2.1 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Улмаар уг автомашинуудын дугаарыг улсын бүртгэлээс хасаж, өөрийг олгосон үйлдэлд тэднийг буруутгаж буй билээ.
Уг нь энэ хэргийг 2019 оны арваннэгдүгээр сард ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн, зарим хүнийг нь цагдан хорьсон юм.
Тухайн үед О.Адъяасүрэнгээс гадна АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг, М.Дархижав, улсын бүртгэгчээр ажиллаж байсан Л.Хантайшир, Архивын лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг, тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэдэг “Крэйзиспийд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Амарзаяа нарыг шалгаж эхэлсэн. Тэднийг улсын хилээр түр горимоор орж ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байхад нь буцааж гаргалгүй, улсын бүртгэлд бүртгэн дугаар олгож гаалийн болон онцгой, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж бүрдүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулсан юм. Түүнчлэн дөрөв, гурван ижил тоотой, эсвэл 00… цифрээр эхэлсэн улсын дугаарыг бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаарт шивж хадгалан 300 мянгаас хоёр сая хүртэл төгрөгийн хахууль авч зардаг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгодог, ашиглалтаас гарсан, татвар торгуулиа төлөөгүй автомашинуудыг авлига авч бүртгэлээс хасдаг, шинээр өөр дугаар олгодог гэх зэрэг үндэслэлээр ч шалгаж эхэлсэн юм. Улмаар харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн аж. Тэднээс О.Адъяасүрэн, Б.Азжаргал, Б.Наранчимэг болон “Есөн шижир” ББСБ-д яллах дүгнэлт үйлдэж, бусад холбогдогчийнх нь хэргийг тусгаарлан шалгаж байгаа гэнэ. АТҮТ-ийн албан тушаалтанд Эрүүгийн хуулийн 22.4-3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол Б.Наранчимэг, Б.Азжаргал нарт мөн хуулийн 22.5-1-т заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн”, “Есөн шижир” ББСБ-д 22.5-3-ын “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна.
Бэлтгэсэн: Г.Орчлон