А.ГАНСҮХ, Б.БААСАНЦОГТ НАР “СУРУГА МОНГОЛ”-ЫН ГАЗАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДЖЭЭ
•А.Гансүхийн дүү А.Ганболд “Эм Жэй Ти” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. “Эм Жэй Ти” ХХК нь “Монгол корпорейшн” ХХК-ийн 99.81 хувийг эзэмшдэг байна.
•“Монгол корпорейшн” ХХК бол 2017 оны аравдугаар сарын 12-нд “Суруга Монгол”-ын 230 000 ам метр газрыг авсан. Өөрөөр хэлбэл, энэ компани “Суруга Монгол”-ын “Жапан таун”-ы газрыг хууль бусаар авсан гэх мэдээлэлд хамааралтай.
•А.Гансүх “Жапантаун Монголиа” ХХК-ийн 90 хувийг эзэмшдэг. Үүгээрээ дамжуулж “Монгол корпорейшн” ХХК-ийг үүсгэн байгуулалцсан.
•Мөн “Монгол корпорейшн” ХХК-д Б.Баасанцогт хувь эзэмшдэг.
А.ГАНСҮХ ДҮҮГИЙНХЭЭ КОМПАНИАР ДАМЖУУЛЖ
“АРИГ” БАНКНЫ “АСУУДАЛ”-Д ОРОЛЦСОН УУ
“Ариг” банкны хувьцааг хууль бусаар шилжүүлсэн, үгүй гэх мэдээллүүд тал талаас явж байна. А.Гансүхийн дүү А.Ганболдын ихэнх хувийг эзэмшдэг “Монгол корпорейшн” ХХК энэ үйл ажиллагаанд гүнзгий оролцсон байж болзошгүй нь. Тодруулбал, Б.Эрдэнэбатыг хоригдож байх үед “Ариг” банкны дүрмийн санг 50 тэрбумд хүргэх шаардлага бий болсон байдаг. Үүнийг хийхийн тулд “Инглиш майншн” төсөлд хөрөнгө оруулах нэрээр А.Гансүхийн дүү А.Ганболдын “Монгол корпорейшн” ХХК-иар дамжуулж “Ариг” банкны дүрмийн санг нэмэгдүүлсэн байна. “МK Инглиш майншн” ХХК-д байсан 28.3 тэрбум төгрөгийг “Монгол корпорейшн” ХХК-иар дамжуулан “Инглиш майншн” төслийг санхүүжүүлсэн байна.
“Инглиш майншн” нь “Жапан таун” хотхонд байрлалтай англи загварын интерьер, ландшафт бүхий 370 айлын орон сууц, үйлчилгээний төвтэй нийт долоон га талбайд хэрэгжиж буй төсөл юм.
БАНКНЫ ХУВЬ БОЛСОН ТӨСӨЛ ДЭХ “ТАЛ”-УУДЫН ОРОЛЦОО
“Инглиш майншн” төслийг А.Гансүхийн дүү А.Ганболдын “Эм Жэй Ти” ХХК, Ш.Баярсайханы “Номин холдинг”, “Номин реалтор” компани хамтран хэрэгжүүлэхээр тохирчээ. Төслийн үнэлгээг 32.8 тэрбум төгрөг гэж тооцсон байна. Ингэхдээ “Номин”-гоос төслийн бартерт “Ривер тауэр”-т хоёр орон сууц, мөн тооны дулаан зогсоол, “Блью скай”-д гурван орон сууц, дулаан зогсоолуудаас гадна дөрвөн автомашин өгсөн байна.
“СУРУГА МОНГОЛ”-ЫН ГАЗРЫН ТОВЧ ТҮҮХ
“Суруга Монгол” хэмээх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 2002 онд Монгол Улсад байгуулагдсан. Энэ компани 2005 оноос “Жапан таун” хорооллын төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Гэхдээ дуусгаж чадаагүй. Захирал нь хэрэгт холбогдож, удалгүй нутаг буцсан. Түүний дараа “Суруга Монгол” компанийн дээрх төсөлд зориулж 900 000 ам метр газар аваад байв. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “120”-ийн тойргоос зүүн тийш орших тэрхүү газар манай нөхдөд шилжсэн байдаг. Одоо тэдгээр газарт хэн хэний, ямар барилгууд сүндэрлэснийг бид мэднэ.
“СУРУГА МОНГОЛ”-ЫН 900 000 АМ МЕТР ГАЗРЫН
433 236-Г ИЙМ ХҮМҮҮС ХУВААН АВЧЭЭ
Газрын талаарх мэдээллийг хүргэе.
•“Суруга Монгол” ХХК нь 2006 онд 900 000 ам метр газартай байсан.
•Нийслэлийн Засаг даргын 2016 оны дөрөвдүгээр сарын 16-ны А/281 тоот захирамжаар “Моннис интернэйшнл” ХХК-д 5851 ам метр газар олгосон. “Моннис интернэйшнл” ХХК-ийн 95 хувийг Б.Чулуунбаатар, таван хувийг Б.Чулуунзориг эзэмшдэг.
•Нийслэлийн Засаг даргын 2017 оны аравдугаар сарын 5-ны А/743 тоот захирамжаар Ц.Чинбаярын 100 хувь эзэмшдэг “Суруга инвестмент” ХХК-д 3616 ам метр газар олгосон.
•2017 оны аравдугаар сарын 12-нд “Монгол корпорейшн” ХХК нь 230 000 ам метр газрыг авсан. Энэ компанийн 90 хувийг “Эм Жэй Ти” ХХК /5300088/, 10 хувийг Сингапурын “Прайветпроперти азиан” ХХК эзэмшдэг байв. Харин “Эм Жэй Ти” ХХК-ийг А.Гансүхийн дүү А.Ганболд 100 хувь эзэмшдэг.
•Нийслэлийн Засаг даргын 2017 оны аравдугаар сарын 17-ны А/771 тоот захирамжаар 20 000 ам метр газрыг “Суруга пропертиз” ХХК-д олгосон.
•Нийслэлийн Засаг даргын мөн өдрийн захирамжаар 20 000 ам метр газрыг “Суруга партнерс” ХХК-д олгосон.
•Мөн өдрийн захирамжаар “Нью даун таун” ХХК-д 100 000 ам метр газрыг олгосон. Тус компанийг М.Ганболд, Б.Билэгсайхан, Ц.Чинбаяр, Ц.Уугангэрэл, Б.Энхчулуун, М.Бат-Амгалан, Н.Эрдэнэ нар эзэмшдэг.
•Нийслэлийн Засаг даргын 2018 оын арваннэгдүгээр сарын 6-ны А/616 захирамжаар 24 062 ам метр газрыг “Суруга моторс” ХХК-д олгосон.
•Нийслэлийн Засаг даргын А/1176 захирамжаар 2018 оны арванхоёрдугаар сарын 7-нд “Таван богд тайер” ХХК-д 29 977 ам метр газар олгосон.
Эдгээр захирамжаар 433 236 ам метр газрыг шилжүүлж, “Суруга Монгол” ХХК-д 466 764 ам метр талбай үлдсэн байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ