УЕПГ-аас өнгөрсөн оны аравдугаар сарын 9-нд мэдээлэл хийж, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээ мэдээлж байв. Харамсалтай нь уг хэргийг шийдэх явц удааширч, шүүх хурлыг хэдэнтээ хойшлуулав. Тухайлбал, Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарын авлига авсан, өгсөн гэх гэм бурууг өчигдөр шүүх байлаа. Гэвч тэдгээр хүмүүс шалтаг гарган шүүх хурлыг дахиад л хойшлуулж чадлаа. Тодруулбал, шүүгчдэгч Б.Ганзориг, Р.Октябрь, М.Золтуяа, Н.Мөнх-Эрдэнэ нар шүүх хуралд өмгөөлөгчгүй иржээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийн “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн заалтыг үндэслэн дээрх шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангахын тулд шүүх хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа.