Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбаттай хаврын тариалалтыг эхлүүлэхтэй холбоотой ажлын явц, нарийн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн талаар ярилцлаа.
-Улсын хэмжээнд хэдэн га хүлэмжээс хэчнээн хэмжээний нарийн ногоо хураан, хэрэгцээнийхээ хэдэн хувийг хангаж байна вэ. Нарийн ногооны үйлдвэрлэлийг өсгөхийн тулд энэ онд ямар ажил хийхээр төлөвлөв?
-2020 оны байдлаар 2650 иргэн, 350 аж ахуйн нэгж 27.4 га талбай бүхий өвлийн, 68.5 га зуны хүлэмжийн 95.9 га-гаас 5.8 мянган тонн бүтээгдэхүүн хураан авч зах зээлд нийлүүлсэн. Энэ нь дотоодын хэрэглээний дөрөвний нэг, хүнсний ногооны үйлдвэрлэлийн зургаан хувь юм. Нарийн ногооны хэрэглээг бүрэн хангахын тулд шинээр 50 га талбайд өвлийн хүлэмж байгуулах шаардлагатай. Тиймээс эхний ээлжид “20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй” байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй бөгөөд уул уурхайн чиглэлийн томоохон компани, олон улсын байгууллагуудад танилцуулж, санхүүжилт олохыг зорьж байна. АНУ-аас гурван сая ам.долларын буцалтгүй тусламж авах боломж бүрдэн, хаана, хэдэн га хүлэмжийн аж ахуй барих талаар судалгаа хийж эхэлсэн. Энэ онд улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр 32 ам метр талбайтай иж бүрдэл хальсан хүлэмж 83, нийлэг хальсан материалтайг нь дөрвийг барин, таримлын үр 110 кг-ыг өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно.
-Хүнсний ногооны тариалалт, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор ямар ажил хийх вэ?
-Өнгөрсөн онд 9.7 мянган га-д хүнсний ногоо тариалж, 115 000 тонн ургац хураан, дотоодын хэрэгцээний 46 хувийг хангасан. “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр төмс, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэн иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, “Өрх бүр тариаланч” хөдөлгөөн өрнүүлж үйлдвэрлэлийг өсгөх, хангамжийг нь тогтворжуулах зорилгоор 10 төрлийн 147.5 тонн үр, 50 тонн төмсний супер элит үр нийлүүлнэ. Энэхүү хөнгөлөлт, дэмжлэгт урьдчилсан байдлаар хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөсөн. Цаашид хүнсний ногооны тариалалтыг өсгөхийн тулд бага оврын, механикжсан усалгааны техник, тоног төхөөрөмжийг олон тоогоор нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 7.7 мянган га талбайг услах хүчин чадал бүхий инженерийн хийцтэй систем барих болон сэргээн засварлахаар барилгын зураг төслийг гарган, техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж байна. 2022 онд барилга угсралтын ажлыг нь эхлүүлнэ. Үүнд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой. Түүнчлэн дээрх банкны 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд ирэх хоёр жил Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Увс аймгийн зорилтот дөрвөн сумын 1048 өрхөд 310 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь, Дархан-Уулын Орхон сумд ногоо боловсруулах цех, нийслэлд 1000, Сэлэнгэд 120 ам метр өвлийн хүлэмж ашиглалтад оруулах юм. Хүнсний ногооны механикжуулалтын түвшнийг нэмэх зорилгоор БНПУ, Беларусийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 3.2 сая еврогийн санхүүжилтээр 35-82 морины хүчин чадалтай трактор 132, хүнсний ногооны зориулалттай 360 иж бүрдэл тоног төхөөрөмж нийлүүлнэ. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр хүнсний ногооны 600 гаруй га талбайн гар ажиллагааг механикжуулна.
-Хаврын тариалалтын бэлтгэл хэдэн хувьтай байна вэ. Ажил эхлүүлэхэд тулгарч буй бэрхшээл бий юү?
-Энэ хавар тариалах талбай, намар хураах ургацын хэмжээг өнгөрсөн жилийнхээс бууруулахгүй байх төлөвлөгөөтэй. Бид улаан буудай 368.3, төмс 17.9, хүнсний ногоо 9.7, малын тэжээл 66.5, тосны ургамал 40 мянган га талбайд тариалах бол 7000 га-д жимс, жимсгэнэ тарина. Үүнээс 471.5 мянган тонн улаан буудай болон бусад таримал 500 000 гаруй тонныг хураахаар төлөвлөсөн. Мөн 360.2 мянган га-д уринш хийнэ. Энэ нь таримлын бүх төрлийн ургацын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ойролцоо байх дүн юм. Хаврын тариалалтын үед тариаланчдад тулгарах санхүүгийн бэрхшээлийг хөнгөлөх зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан улаан буудай, тэжээлийн болон сэлгээний таримлын үр, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг 20-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр үргэлжлүүлж зээлээр олгоно. Өдгөө аж ахуйн нэгжүүд тоног, төхөөрөмжөө засварлах, сэлбэх ажлаа эхлүүлээд байна.
-Улаан буудайн үр хэдэн тонныг импортолж, хэдийг нь дотоодоосоо хангахаар төлөвлөв. Энэ хавар нийт хэдэн тонн үр шаардлагатай вэ?
-55.2 мянган тонн улаан буудайн үр шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Өнгөрсөн жилийн ургацаас аж ахуйн нэгжүүдэд 39.7, улсын үрийн нөөцөд 8000 буюу нийт 47.7 мянган тонн үр бий. Тиймээс Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу улаан буудайн үр импортлох зөвшөөрөл авсан гурван аж ахуйн нэгж Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 000 тонн үр нийлүүлэх гэрээ байгууллаа. Одоогоор ОХУ-аас 1100 тонныг нь авсан ба 3500-г нь ачуулсан. Тариалангийн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт дасан зохицсон сортын үр сонгохын зэрэгцээ үрийн аж ахуйд зээлээр олгох боломжтой.
-Манайх улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангадаг. Улмаар экспортлох зорилт тавьж буйгаа дурддаг. Газар тариалангийн бүтээгдэхүүнийг олон улсад нийлүүлж, эл салбарын ашгийг тогтвортой өсгөх боломж хэзээ бүрдэх бол?
-Тариалангийн салбарын бүтээмжийг өсгөн экологийн цэвэр улаан буудай, буудайн гурил, төмс, рапс, малын тэжээлийг бага хэмжээгээр экспортлон Зүүн хойд Азийн зарим улсад нийлүүлэх боломжтой. Энэ чиглэлээр судалгаа хийн, хамтын ажиллагаа өрнүүлж буй. Одоогоор БНХАУ-тай улаан буудай, буудайн гурил, рапс, тэжээлийн арвай зэрэг бүтээгдэхүүний хорио цээрийн санамж бичгийг үзэглэн, экспортлох боломж бүрдүүлсэн. Рапс, гурил зэргийг урд хөрш рүү нийлүүлдэг ч цар тахлын улмаас хилийн хорио тавьж, хэмжээ нь багассан.
-Тосны ургамлыг сэлгээний таримал болгон ашиглах нь эдийн засагт өгөөжтэй, байгаль орчинд эерэг нөлөөтэй гэдэг. Тосны ургамлын зах зээлийг хөгжүүлэх боломжийг хэрхэн харж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд тариаланчид, аж ахуйн нэгжүүд тосны ургамлыг сэлгээний таримал болгон жилд дунджаар 60-70 мянган га-д тариалан, 23-28 мянган тонн ургац хураан авч байна. Өнгөрсөн онд 61.9 мянган га-д рапс тариалан 21.3 мянган тонн ургац хураасан. Өдгөө Сэлэнгэ аймгийн Баянгол сумд 300 тонн тослог ургамлын үр шахах, 100 тонн тос цэвэршүүлэх, 120 тонн цэвэр тос гарган авах иж бүрэн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд жилд 100 000 тонн түүхий эд буюу хар рапсын үр хэрэгтэй. Манайх рапсын ургацынхаа 80 гаруй хувийг БНХАУ руу гаргадаг. Тос үйлдвэрлэгч маань жилд дунджаар дөнгөж 500-3100 тонн рапс худалдан авч хэрэглэж байна. Учир нь Монголд тарьж ургуулсан хар рапсыг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд өндөр үнээр авдгаас дотоодын үйлдвэр нь түүхий эдийн нөөцгүйддэг гэсэн үг. Тиймээс эх орны хөрсөнд тарьж ургуулсан, хүнсний зориулалттай тослог ургамал хар рапсын экспортыг хязгаарлан, дотоодын үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг бүрдүүлэх, улмаар экологийн цэвэр тосноос гадна чанарлаг, уургийн агууламж өндөртэй малын тэжээл үйлдвэрлэх боломж бүрдүүлэх бодлого бий. Үүний тулд улсын хэмжээнд жилд дунджаар 70-80 мянган га-д хар рапс тариалж, нэгж талбайгаас авах ургацыг 10 центнерт хүргэх учиртай юм. Өөрөөр хэлбэл, тосны ургамлын зах зээл хангалттай бий.
-Төрийн өмчит усжуулалтын систем болон хүнсний ногооны үйлдвэрлэлийг шинэчлэх дэмжлэгийн хүрээнд 2020 онд гэхэд Азийн хөгжлийн банк, Япон Улсын Ядуурлыг бууруулах сангаас 42 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан. Эл тусламжийг хэдэн аж ахуйн нэгжид ямар шалгуураар олгов. Ингэснээр усалгаатай талбайн хэмжээ болон бороожуулагчаар услан ургуулсан хүнсний ногооны ургац хэр зэрэг өссөн бол. Одоогоор усалгаатай хэсэг нь нийт тариалангийн талбайн хэдэн хувийг эзэлж байна вэ. Энэ онд хэмжээг нь нэмэх боломж бий юү?
-2020 онд нийт 59 мянган га талбайг механикаар усжуулан үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан бөгөөд энэ нь улсын хэмжээний талбайн 12.4 хувь байв. Дээр дурдсан төслүүдээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” хөтөлбөрийг Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймагт төрийн болон орон нутгийн өмчит 12 услалтын систем шинээр барьж, сэргээн засварлах юм. Уг төслийг 2027 он хүртэл үргэлжлүүлэх бөгөөд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ 7.7 мянган га-гаар нэмэгдэх боломжтой. Услалтын системийн барилга угсралтын ажлыг энэ хавраас эхлүүлэн, 2025 он гэхэд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагч болон төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд нэг га-г услах чадалтай бага оврын бороожуулагч 78, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га-г услах дуслын усалгааны иж бүрэн систем 90 ширхгийг тус бүр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, жилд зургаан хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатай олгож байгаа. Үүний үр дүнд усалгаатай талбайн хэмжээ 1500 га-гаар нэмэгдэнэ.
-Зоорийн аж ахуйг дэмжихэд зориулан хөнгөлөлттэй зээл олгодог. Одоогоор аж ахуйн нэгжүүд хэдэн төгрөгийн зээл авсан вэ. Зоорийн нийт багтаамж улсын хэмжээнд хэдэн тонн байгаа бол?
-Төв суурин газрын хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээг тасралтгүй хангахад үйлдвэрлэлээс гадна хадгалах зоорийн хүчин чадал их байх нь туйлын чухал. Тиймээс Засгийн газраас 2013-2015 онд Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн механикжсан агуулах барих 12 аж ахуйн нэгжид 30 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосноор төмс, хүнсний ногооны агуулахын хүчин чадал 220.2 мянган тоннд хүргэсэн. Зоорийн аж ахуйн дэмжлэгт 30 тэрбум төгрөг гаргасан байна гэсэн үг. Үүнээс нийслэлд 76.6 мянган тонныг нь ашигладаг. Агуулах, зоорийн багтаамжийг нэмэх зорилгоор Монгол Улс, БНПУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг 10.2 сая еврогийн санхүүжилттэйгээр эхлүүлсэн. Үүний долоон сая еврогоор нийслэлд 2500, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтайд тус бүр 1000 буюу нийт 8500 тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны иж бүрэн автомат, хагас автомат агуулахыг долоон байршилд барина.
-Хүнсний ногоо, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэн авч ирэх, хадгалах, борлуулах, түгээх цогц төвийг төмөр зам түшиглэн, гадаадын зээл тусламжаар барина гэсэн. Эл ажлыг эхлүүлсэн үү?
-Нийслэл хотод байгуулах 16 мянган тоннын багтаамжтай, 90-100 мянган тоннын эргэлтийн нөөцтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолборыг Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт барихаар шийдвэрлэн дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээний ажлыг нь эхлүүлэхээр НЗДТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ийм байгууламжийг ашиглалтад оруулснаар төмс, хүнсний ногооны агуулах, зоорийн багтаамжийг 244.7 мянган тоннд хүргэх юм. Нэмж хэлэхэд, газар тариалан, хүлэмж, зоорийн аж ахуйг хөгжүүлэхэд улсын төсөв болон бусад орны зээл, тусламжийн багагүй хөрөнгө зарцуулж, цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээмжээ дээшлүүлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд харьяа дүүрэг, орон нутгийн эрх бүхий байгууллагууд, Хөдөө аж ахуйг дэмжих сан, банкуудад хандан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл, тоног төхөөрөмж, үр, бордоо зэргийг авах бүрэн боломжтой.