Говьсүмбэр аймгийн прокурорын газрынхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих ангийн удирдлагатай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр "Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлье" уриа гаргалаа. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэг уг зөвлөгөөний үеэр прокурорын байгууллагаас эрүүдэн шүүхийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүн болон эрүүдэн шүүх явдлыг гаргуулахгүй байх талаар танилцуулжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн дэд дарга, хошууч Н.Энхтүвшин хорих ангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, ажил хариуцсан алба хаагч нарт зарим үүрэг, чиглэл өгсөн байна. Мөн прокурорын газраас эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, зурагт хуудас зэргийг гаргаж, хуулийн байгууллагуудын дунд 14 хоногийн хугацаатай аян зохион байгуулахаар болжээ.