Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, иргэдийг төөрөгдүүлэн худалдаж байсан хүмүүсийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн оны аравдугаар сард илрүүлэн шалгаж эхэлсэн нь олны анхаарал татсан билээ. Сонгинохайрхан дүүргийн XX, Баянгол дүүргийн XXIV хорооны нутагт гурван хүн ийм хууль бус зүйл хийж байсан бөгөөд 70 гаруй тн хуурамч цемент эд мөрийн баримтаар хураасан юм. Өөрөөр хэлбэл, МАК ХХК-ийн үйлдвэрлэсэн цементийн ууттай адил шуудайнд савласан 50 кг жинтэй, үнс хольсон 900, БНХАУ-ын үйлдвэрүүдийн цементийн ууттай 400 ширхгийг битүүмжилсэн. Түүнчлэн “Монцемент”, МАК, “Тайга”, “Байкаль” болон хятад ханзаар бичсэн шошготой 14 000 уут ашиглахаар хадгалж байсныг ч илрүүлсэн билээ. Уг цементийг О.Мягмарсайхан, Ж.Даваацэцэг, С.Оюунзул тэргүүтэй хүмүүс “үйлдвэрлэж” байсан бөгөөд цагдаа, мэргэжлийн хяналтынханд иргэд “Барилгад ашиглахаар “Гурвалжин”-гийн барилгын материалын захаас авсан цементээр зуурсан зуурмаг 7-10 хонож байхад хатахгүй, хөхөрчихөөд байна. Хуурамч бололтой, шалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргаснаар дээрх нэр бүхий хүмүүсээр удирдуулсан гурван бүлгийг илрүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
Шалгалтын явцад дээрх гурван бүлгийнхэн “ДЦС-4” ХК-ийн зарим ажилтантай хуйвалдан 20 тн үнсийг нэг сая төгрөгөөр худалдан авсан нь ч батлагдсан байна. О.Мягмарсайхан, Ж.Даваацэцэг, С.Оюунзул болон тэдний хамсаатнууд 10 уут цементэд үнс хольж, 19 болгоод зардаг. Ингэхдээ МАК-ын тухайн бүтээгдэхүүний уутны наалтыг салгаж үнс холин, буцаагаад цавуугаар наадаг байсан нь батлагджээ. Ингэж гаргасан бүтээгдэхүүнээ нийслэл дэх барилгын материалын захууд болон барилга барьж буй аж ахуйн нэгжүүдэд нэгийг нь 10 000-12 000 төгрөгөөр борлуулдаг байсан гэдэг. Дээрх хүмүүс болон хамсаатнуудыг нь Эрүүгийн хуулийн 17.3-т заасан хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан аж. Түүнчлэн энэ хэрэгт “ДЦС-4” ХК-ийн харуул хамгаалалтын ажилтнуудыг ч холбогдуулан хариуцлагад татахаар болоод байна. Улмаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч шалгалтаа дуусгаж яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлж, НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Прокурор хавтаст хэргийг хянаад удахгүй шүүхэд шилжүүлэхээр төлөвлөж буйг эх сурвалжууд хэлэв.
Бэлтгэсэн: Г.Равжаа