Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Ууганбаярыг “Зэрлэг амьтан ургамлын шилдэг хамгаалагч”-аар өргөмжилж, 2000 фунт стерлингтэй тэнцэх мөнгөн шагнал олголоо. Г.Ууганбаяр 2020 онд есөн хэрэг илрүүлсний гурав нь эрүүгийн, зургаа нь захиргааны чанартай хэрэг байснаас тав нь зэрлэг амьтны эд эрхтэнтэй холбоотой зөрчлүүд байжээ. Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг гаалийн улсын байцаагч нарын зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, жил бүр “Зэрлэг амьтан ургамлын шилдэг хамгаалагч” шалгаруулж, урамшуулдаг. Тус шагналын 2020 оны эзэн Монголын гаалиас ийнхүү тодров. Тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас 2018 оноос Зэрлэг амьтны хил дамнасан хууль бус худалдааг бууруулах, хил орчмын иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх төсөл хэрэгжүүлж буй. Улмаар Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төвтэй нягт хамтран ажилладаг аж.