Төрийн албаны зөвлөлд он гарсаар төрийн албаны хүнд суртал, удирдлагын зүй бус харилцааны талаар цөөнгүй гомдол ирсэн байна. Гомдлоос есийг нь шийдсэн гэнэ. Хамгийн сүүлд Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан төрийн жинхэнэ албан хаагчдын гомдлыг хэлэлцсэн байна. Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар гомдол, маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг хэлэлцсэн байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан дөрвөн шийдвэрийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байна. Харин бусад таван шийдвэрийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй үндэслэлээр хэвээр үлдээв. Ийнхүү Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчаас ирүүлсэн гомдлоор үүсгэсэн маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг мягмар гараг бүр шуурхай хэлэлцэн шийдвэрлэх дэг тогтоон, мөрдлөг болгон ажиллаж байна.