Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Улаанбаатар хотоос хаягдал төмөр ачиж ирсэн вагоны чингэлгээс уржигдар галт хэрэгсэл илрүүлсэн байна. Аймгийн Онцгой байдлын газарт энэ талаарх дуудлага тухайн өдрийн 20.37 цагт ирсэн аж. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатараар ахлуулсан алба хаагчид газар дээр нь очиход үйлдвэрийн дарга, удирдлагууд тухайн галт хэрэгслийг хамгаалалтад авсан байжээ. Энэ талаар хурандаа Г.Ганбаатараас тодруулахад “Бид галт хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, мэргэжлийн хүмүүст хэлж, тусгаарлах цэгт аваачсан. Цэргийн ангийнхны хэлж буйгаар 1960-1970-аад оны хийц загварын, галт хэрэгсэл байна гэсэн. Нүдэн баримжаагаар 80-90 см урт, 15-20 орчим кг жинтэй байсан. Хаягдал төмөр дунд тэсэрч дэлбэрэх аюултай, жижиг хэмжээний галт зэвсгүүд цөөнгүй байдаг. Тухайн үед цэргийн анги байрлаж байсан газраас иргэд галт хэрэгсэл ухаж, төмөрт тушаах нь бий. Уг хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, устгах цэг манай аймагт байдаг. Харин энэ удаагийнх аймгийн газар нутгаас бус, нийслэлээс зөөвөрлөгдөж ирсэн. Нарийн мэдээллийг үзлэг, шинжилгээ хийсэн мэргэжлийн байгууллагынхан өгнө” гэв.