Эрүүл мэндийн багц хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж буй. Тэр дундаа эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд өмнө нь байгаагүй системийн томоохон шинэчлэлүүд хийж байна. Харин иргэд үр шимийг нь хэрхэн хүртэх бол. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дэд дарга Г.Гийхнарантай ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбар энэ оноос эмнэлгийг биш, эмчилгээний чанар, эдгэрсэн хүний тоонд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжлээ. Гол шинэчлэлүүдийг нь тодорхой тайлбарлаж өгөөч.
-Эрүүл мэндийн болон Эм, эмнэлгийн хэрэгслийн, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг УИХ 2020 оны наймдугаар сарын 28-нд баталсан.
Ингэснээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог уг үндсээр нь өөрчлөх боломж бүрдлээ. Хамгийн чухал нь, эрүүл мэндийн даатгалын байгууллага нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ төрөл, тоогоор санхүүжилт авах болсон. Өмнө нь тусламж, үйлчилгээг бус, эрүүл мэндийн байгууллагыг төрөөс болон даатгалаас гэсэн хоёр хэлбэрээр санхүүжүүлдэг байсан. Харин одооноос тусламж, үйлчилгээнийх нь чанарыг үндэслэн, гүйцэтгэлээр нь төсөв хуваарилна гэсэн үг. Цаашид улсын төсвөөс, эсвэл Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ гэж тусдаа ойлголт үгүй болж байгаа.
Өөрөөр хэлбэл, нэг худалдан авагчийн тогтолцоо гэдэг нь төрөөс хариуцдаг бүх тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сан руу шилжүүлснээр санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой болж буй юм. Үүний хүрээнд улсын төсвөөс энэ онд Эрүүл мэндийн даатгалын санд 496 тэрбум төгрөг шилжүүллээ. Ингэснээр ЭМДЕГ даатгуулагчдын шимтгэл болон татвар төлөгчдийн мөнгийг нэгтгэн, тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг бие даан зохион байгуулах болов. Холбогдох хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, өнгөрсөн сарын 22-нд тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай 03 дугаар тогтоол баталсан. Эл тогтоолоор салбарын санхүүжилтийн гол арга хэмжээнүүдийг зохицуулах бөгөөд хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг хангах, иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, даатгалаар үзүүлж буй тусламж, үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэж байна. Тодруулбал, тус тогтоол нь зүгээр ч нэг тунхаг бичиг төдий биш. Даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай заримыг нь иргэдэд нэмэлт төлбөр төлөхгүйгээр 100 хувь үнэ төлбөргүй үзүүлэх тухай юм. Хамгийн гол нь, даатгалаас санхүүжүүлж буй бүх төрлийн тусламж, үйлчилгээг төр, хувийн хэвшлийн эмнэлгийн аль нь ч үзүүлэх боломжтой. Зардлыг нь өнөөгийн инфляц, эм, тариа, хэрэгслийн өртөг, эмч, сувилагчийн цалин зэргийг харгалзан олгох болсон нь иргэд, эрүүл мэндийн байгууллагуудад бодит дэмжлэг болох учиртай. Даатгалаар үйлчлэх сонирхолтой, тодорхой шалгуур хангасан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд ЭМДЕГ-тай гэрээ байгуулах эрх нь хуулиар ийнхүү нээгдлээ. Иргэд даатгалынхаа үр шимийг шударгаар хүртээд эхлэхээр шимтгэл төлөх нь нэмэгдэн, улсын эмнэлгүүд ч үйлчлүүлэгчээ татахын тулд хувийн хэвшлийнхэнтэй чанар, стандартаараа өрсөлдөж, эрүүл мэндийн салбар сууриараа шинэчлэгдэх нөхцөл бүрдэж буй юм.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас хэчнээн төрлийн, ямар ямар тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх юм бол?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн есдүгээр зүйлд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээнд хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ болон эрчимт, өдрийн эмчилгээг хамруулсан. Мөн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт, өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ багтаж буй. Нэмээд, хорт хавдар, түүний химийн болон туяаны өдрийн, жирэмсний 37 долоо хоногоос өмнөх болон төрсний дараах үеийн хяналт, хавсарсан эмгэгийн, эх барихын, хүүхдэд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ, аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын улмаас гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээг санхүүжүүлэх болсон. Сэтгэцийн эмгэг, удаан хугацааны нөхөн сэргээх болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал, бие махбод, бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх тусламж, үйлчилгээ, яаралтай тусламж, халдварт өвчний үеийн оношилгоо, эмчилгээ ч багтсан. ЭМДЕГ үндсэндээ 16 төрлийн тусламж, үйлчилгээний зардлыг гүйцэтгэлээр нь тооцон, эмнэлгүүдэд санхүүжилт олгож эхлээд байна.
-Өндөр өртөгтэй хэд хэдэн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалаас бүрэн хариуцах болжээ. Өмнө нь өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний зардлын 60-75 хувийг даатгалаас санхүүжүүлдэг байсан ч төдийлөн үр дүнгээ өгч байгаагүй шүү дээ. Энэ удаад хэчнээн төрлийн өвчний эмчилгээг үнэ төлбөргүй болгосон бэ?
-Иргэн, даатгуулагчдад хамгийн их тулгамддаг, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтад оруулж, ядууруулдаг өндөр өртөгтэй цөөнгүй эмчилгээ бий. Тэдгээрээс нэн шаардлагатай, хүн амын дунд зонхилон тохиолддог, өвчин, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болоод буйнх нь эмчилгээний зардлыг даатгалаас 100 хувь санхүүжүүлэх болсон. “Улаанбаатар сонгдо” эмнэлгийнхний хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд хийдэг хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын төлбөрийг өнгөрсөн хугацаанд иргэд, олон нийтийн хандиваар бүрдүүлж ирсэн нь үнэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас уг тусламж, үйлчилгээг өмнө нь огт санхүүжүүлдэггүй байсан юм биш. Өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд зүрхний төрөлхийн гажгийн эмчилгээ, үйлчилгээ багтдаг бөгөөд даатгалаас 3.3, иргэнээс 1.1 сая төгрөг гаргаж байв. Гэвч уг санхүүжилт нь эмчилгээ, хагалгаа болон эм, эмнэлгийн хэрэгслийн одоогийн бодит өртөгтэй төдийлөн нийцээгүйгээс эцэг, эхчүүд хандив гуйх хэмжээнд хүрчээ. Тиймээс энэ жилээс цусны эргэлтийн тогтолцооны төрөлхийн гажгийн үед хийх мэс заслыг төр, хувийн хэвшлийн эмнэлэг гэж ялгалгүйгээр, тухайн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагад даатгалын сангаас 2.3-8 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгохоор дээрх тогтоолоор зохицуулсан. Үндсэн онош болон мэс заслын арга, хэрэгслүүдээс шалтгаалан санхүүжилтийн дүн нь хэлбэлзэж буй учраас ингэж тусгасан юм. Тухайлбал, зүрхний төрөлхийн таславчийн гажгийн үеийн эмчилгээнд найман сая төгрөгийн зардал гарч байгаа. Үүнийг даатгалаас 100 хувь хариуцна. 2020 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт гэхэд л энэ төрлийн хагалгааг 197, “Улаанбаатар сонгдо”-д 67 хүүхдэд хийсэн байх жишээтэй. Улсын хэмжээнд өдгөө зөвхөн зүрхний төрөлхийн таславчийн гажгийн эмчилгээг хийлгэх шаардлагатай 2500 орчим хүүхэд байгаа гэсэн албан бус судалгаа бий. Тэгэхээр цаашид эдгээр хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэг, гажгийн эмчилгээг хийх төрийн болон хувийн хэвшлийн бүх эмнэлэгт санхүүжилтийг нь 100 хувь олгоно гэсэн үг. Иргэд, эцэг, эхчүүд ч эмнэлэг, эмчээ сонгох эрх нь нээгдэж, нэг ч төгрөгийн зардал гаргахгүй боллоо.
Түүнчлэн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрын бүхий л төрлийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас бүрэн хариуцна. Өмнө нь иргэд, даатгуулагчид эл төрлийн тусламж, үйлчилгээ, мэс засалд шаардагддаг эм, тариа, хэрэгслийн зардлынхаа 25 хувийг өөрсдөө хариуцдаг байв. Хэдийгээр улсын төсвөөс эмчилгээний зардлынх нь 75 хувийг санхүүжүүлдэг байсан ч энэ нь бодит өртөг, зардалтайгаа бас л нийцээгүйгээс иргэд эмчилгээний явцад хэрэглэх эм, тариагаа гаднаас худалдан авах зэргээр санхүүгийн эрсдэлд орох нь нийтлэг үзэгдэл болжээ. Тиймээс хорт хавдрын тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх болсонтой холбоотойгоор эмчилгээний зардлыг нь үнэ төлбөргүй болголоо. Ингэснээр эрүүл мэндийн байгууллага иргэнээс өвчний түүхэнд бичсэн эм, тариаг авхуулахыг хориглосон бөгөөд зайлшгүй шаардлагаар даатгуулагчаас гаргуулсан тохиолдолд төлбөрийг нь буцаан олгохоор журамласан. Хорт хавдрын үеийн химийн бай эмчилгээний зардлыг хүртэл даатгалаас гаргана. Энэхүү тусламж, үйлчилгээний нэг удаагийн зардал нь 4.5 сая төгрөг бөгөөд өмнө нь даатгалаас хөнгөлөлт огт үзүүлдэггүй байсан. Харин одооноос уг үйлчилгээг авахаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд 4.5, өдрөөр хийлгэсэн бол дөрвөн сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Хавдартай өвчтөнүүд уг эмчилгээнд 6-18 удаа ордог юм билээ. Тэгэх тоолонд нь зардлыг нь даатгалаас хариуцах юм. Өөрөөр хэлбэл, бай эмчилгээг найман удаа хийлгэсэн өвчтөн 32 сая төгрөгийн хөнгөлөлт даатгалаас эдэлнэ гэсэн үг. Бид уг эмчилгээний даатгалаас санхүүжүүлэх өртгийг тооцохдоо Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхний статистик, эм тариа, эмчилгээний зардалд үндэслэсэн. Иргэнээс нэг ч төгрөг гаргуулахгүйн тулд эмчилгээний зардлыг одоогийн ханштай энэ мэт уялдуулах хэрэгтэй. Өдгөө ХСҮТ-ийн хяналтад, бай эмчилгээ хийлгэх заалттай 346 хүн байна. Үүнээс гадна тархины харвалт, зүрхний шигдээс, түлэгдэлт, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэхчлэн амь насны заалттай болон эрсдэлтэй 80-аад төрлийн мэс заслын эмчилгээг хамтын төлбөргүй болгож, даатгалаас 100 хувь санхүүжүүлнэ.
-Хувийн эмнэлгүүд өнгөрсөн хугацаанд зардлыг нь төрөөс хариуцдаг амбулаторийн үзлэг, хүүхэд, гэмтэл, хавдар, төрөх, яаралтай тусламж зэрэг үйлчилгээг төлбөртэй үзүүлж ирсэн. Харин эдгээр үйлчилгээг даатгалаас санхүүжүүлэх болсноор иргэд өмчийн хэлбэрээс үл хамааран, хүссэн эмнэлгээрээ үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна, тийм үү?
-Яг тийм. Амбулаторийн олон төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх болсон тул даатгуулагчид ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан улс, хувийн нэгдсэн эмнэлгийн алинаар нь ч үйлчлүүлсэн төлбөр төлөхгүй. Тухайлбал, амбулаторийн болон өдрийн эмчилгээ, үйлчилгээ үүнд багтаж байгаа. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлэх тусламж, үйлчилгээний ялгаа арилна.
Түүнчлэн иргэн, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлд ихээхэн оруулдаг өндөр өртөгтэй шинжилгээнүүд болох MRI, CT, дуран, цөмийн оношилгоо, ажилавар, зүрхний ЭХО зэргийн зардлын 70 хувийг даатгалаас санхүүжүүлэх болсныг дуулгахад таатай байна. Өнөөдрийг хүртэл даатгуулагчийн оношилгоо, шинжилгээний зардалд нэг улиралд 165 000 төгрөг л төсөвлөж ирсэн. Энэ нь өндөр өртөгтэй оношилгооны зардалд хаанаа ч хүрэлцдэггүй. Тэгвэл цаашид даатгуулагч зайлшгүй шаардлагаар тодосгогч бодистой шинжилгээ хийлгэсэн ч тухайн бодисынх нь зардлын 70 хувийг хүртэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцна. Мэдээж даатгалын сангийн нөөц хязгаартай тул өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг хүссэн хүн болгон хийлгэхгүй. Зөвхөн эмчийн заалтаар гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Улсын эмнэлэг бүрт дээрх төрлийн өндөр түвшний оношилгоо, шинжилгээ хийх аппарат байхгүй, байгаа нь хүрэлцдэггүй. Тиймээс ЭМДЕГ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулснаар дээрх хөнгөлөлтийг иргэд хувийн эмнэлгээс хүртэх боломж нээгдэх юм. Дахин хэлэхэд, шаардлага хангасан бүх хувийн эмнэлэг бидэнтэй гэрээ байгуулах эрх нь нээлттэй.
-Тухайн жилд нэг иргэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлын дээд хязгаар хоёр сая төгрөг байсныг болиулжээ. Шаардлагатай тохиолдолд даатгуулагч хэдэн ч төгрөгийн тусламж, үйлчилгээ авч болно гэсэн үг үү. Үүнд өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнүүд багтаж байгаа юу?
-Тийм ээ, бүх төрлийн тусламж, үйлчилгээг багтаасан. ЭМДЕГ-ын гол зорилго нь иргэн, даатгуулагчийг эмнэлгийн тусламж авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос нь хамгаалж, чанартай үйлчилгээг худалдан авч өгөх үйл явцыг зохицуулах юм. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл насаараа төлсөн, төлж буй иргэн шаардлагатай тусламж, үйлчилгээгээ авахдаа халааснаасаа төлбөр төлөхгүй, аль болох бага мөнгө зарцуулдаг болгохоор ажиллаж байна. Тиймээс тухайн даатгуулагч эмчийн заавар, эмнэл зүйн удирдамжийн дагуу шаардлагатай эмчилгээ, өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг ямар нэгэн төлбөрийн хязгаарлалтгүйгээр авах боломж бүрдүүлсэн. Иргэдийн эмчилгээ, үйлчилгээний зардалд төрөөс хязгаар тавих нь тухайн даатгуулагчийг эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй. Өчнөөн жил шимтгэл төлсөн иргэн даатгалаа нэг ч удаа ашиглаагүй байтал гэнэт зүрхний хагалгаанд орох болоход “Танд хоёр сая төгрөгийн л эмчилгээ хийнэ” гэж болохгүй биз дээ.
-Гэхдээ төр болон хувийн эмнэлгийн үзүүлсэн бүх төрлийн тусламж, үйлчилгээг ЭМДЕГ-аас санхүүжүүлэх боломжгүй байх л даа. Энэ нь мэдээж даатгалын сангийн нөөцтэй холбоотой. Тэгэхээр нэн тэргүүнд санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээний жагсаалт, үнэ өртгийг хэрхэн тооцож гаргав?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Тиймээс л нэн тэргүүнд, иргэдийн нуруун дахь ачааг хөнгөлөхүйц өндөр өртөгтэй, зонхилон тохиолддог өвчнүүдийн эмчилгээний зардлыг бодитой тооцож, санхүүжүүлж буй юм. Тусламж, үйлчилгээний өртгийг тооцохдоо бид дээр хэлсэнчлэн одоо ажиллаж буй улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн тогтмол болон урсгал зардлын тайланд үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай эм, тариа, хэрэгсэл, эмчийн цалин, байр, дулаан, цахилгаан, захиргааны зардал зэргийг бүгдийг нь шингээсэн. Үүнийг шууд болон шууд бус зардал гэж нэрлээд буй юм. Улсын эмнэлгийн тогтмол буюу байр, цахилгаан, дулааны зардлыг тусад нь санхүүжүүлдэг тогтолцоо ч үгүй болсон. Тусламж, үйлчилгээний санхүүжилтийн өртгийн хэмжээ улс, хувийн эмнэлгүүдэд ижил, тэгш байхаар холбогдох хуулиудад заасныг хэрэгжүүлж байна. Эдгээр үйлчилгээг даатгуулагчдад чанартай, хямд үнээр үзүүлж буй гэрээт эрүүл мэндийн байгууллагууд одоо ч бий. ЭМДЕГ-аас эмнэлгүүдийг удахгүй нэмэлтээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.
-Иргэд төр, хувийн хэвшлийн эмнэлгийн алинаар нь ч даатгалаараа, хөнгөлөлттэй үйлчлүүлдэг болж буйдаа баяртай байгаа. Гэхдээ эрүүл мэндийн багц хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн үр шимийг иргэд яг хэзээнээс хүртэж эхлэх вэ?
-Төрөөс болон даатгалаас зардлыг нь хариуцдаг тусламж, үйлчилгээг нэгтгэснээр санхүүжилтийн хувь хэмжээ, төрөл, өртөг, журмыг шинэчлэх шаардлага тулгарсан. Эдгээрийг багцаар нь зохицуулсан 03 дугаар тогтоолыг өнгөрсөн сард баталлаа. Уг шинэчилсэн тогтоол нь нийтээр дагаж, мөрдөх хэм хэмжээний акт тул Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан ёсоор бүртгүүлэх ёстой. Тус яамныхан өнгөрсөн долоо хоногт тогтоолыг бүртгэх болсноо бидэнд мэдэгдсэн. Энэ долоо хоногт багтаагаад “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд оруулчих болов уу. Тэгэхээр дээрх тогтоолын болон эрүүл мэндийн багц хуулийн шинэчлэл, иргэд эмнэлгээ сонгон үйлчлүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг ирэх сарын 1-нээс багцаар нь хэрэгжүүлж эхлэхээр зорьж байна.