IRIM судалгааны хүрээлэнгээс хийсэн “Төрийн байгууллагын цахим ил тод байдал-2020” мониторингийн үр дүнгийн талаар тус хүрээлэнгийн ахлах судлаач Х.Баярмаатай ярилцлаа. Энэхүү судалгааг ес дэх жилдээ хийж буй бөгөөд өнөөдөр нийтэд танилцуулах юм.
-Судалгаанд хэчнээн байгууллагыг хамруулж, хэдий хугацааг зарцуулсан бэ?
-Нийт 86 байгууллагыг хамруулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдээллээ цуглуулан, үнэлгээ хийсэн. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах, зургаан төрлийн төрийн байгууллагыг сонгосон гэсэн үг. Ингэхдээ яамд, аймаг, дүүргүүдийн ЗДТГ, агентлагууд, парламентын харьяа байгууллагуудын цахим хуудасны ил тод байдлыг шинжилсэн. Эдгээр байгууллага нь иргэдэд чиглэсэн нийтлэг үйлчилгээ үзүүлдэг, бодлого удирдамжаар хангаж ажилладаг учир жил бүр судалгаандаа хамруулдаг. Мөн өмнөх жилүүдэд шүүх, прокурор болон төрийн өмчит байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг үнэлсэн.
-Тэдгээр байгууллага ямар дүн авсан бэ. Хамгийн сайн болон муу үнэлгээ авсныг нь нэрлэж болох уу?
-Цахим ил тод байдлын үнэлгээг 0-1 хүртэл оноогоор хэмждэг. Судалгаагаар ерөнхий үнэлгээ нь 0.537 оноотой буюу 53 орчим хувьтай гарсан нь төрийн байгууллагуудын цахим ил тод байдал сул түвшинд байгааг харуулж буй юм. 2010-2014 онд 20 орчим хувьтай гэж үнэлэгдэж байсан бол 2015 оноос хойш 50 гаруй хувьтай л байна. Иргэд төрийн байгууллагуудаас шаардлагатай мэдээллээ хангалттай түвшинд авч чадахгүй байна гэж ойлгож болно.
Дархан-Уул, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын цахим хуудасны ил тод байдлыг хамгийн сайн буюу 80 хувьтай хангасан байна. Харин хамгийн бага үнэлгээтэй байгууллага нь 20 орчим хувьтай байв. Судалгааны тайлангаа өнөөдөр цахим хуудсандаа байршуулах бөгөөд тэндээс байгууллагуудын үнэлгээг харах боломжтой.
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэлгээ нь огцом сайжирсан, эсвэл улам багассан байгууллага бий юү?
-Дорнод аймгийн ЗДТГ, БХБЯ, ЦУОШГ, ГБХЗХГ-ын ил тод байдал өмнөх жилтэй харьцуулахад илт сайжирсан. Ер нь аймаг болон дүүргийн ЗДТГ нь бусдаасаа илүү тогтвортой бүтэцтэй тул ихэнх тохиолдолд арай өндөр үзүүлэлттэй байдаг. Харин яам, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг нь Засгийн газар солигдох бүрт бүтцийн өөрчлөлт хийдэг. Энэ нь бага үнэлгээ авахад нөлөөлж байна.
-Аль төрлийн мэдээллийг хамгийн ил тод байршуулдаг, эсрэгээрээ ямрыг нь нууцлах сонирхолтой байна вэ?
-Агуулга талаас нь харвал хуульд заасан, (Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай) ил болгох шаардлагатай мэдээллийг байршуулсан мэт харагддаг. Гэхдээ тэр нь өмнөх жилийн тайлан, мэдээллүүд байх нь элбэг. Ер нь цаг хугацаандаа амжиж мэдээллээ байршуулах нь сул байна. Тухайлбал, аудитын дүгнэлт, тендертэй холбоотой зарим мэдээллээ байршуулахгүй байх нь бий.
-Цахим хуудасны технологийн шийдэл, бүтэц, загварыг нь үнэлсэн үү?
-Үнэлгээний 80 хувьд нь дээрх хоёр хуульд заасан, ил болгох ёстой мэдээллүүд байгаа, эсэхийг тодруулдаг. Харин цахим хуудасны технологи, дизайны тохиромжтой байдал болон иргэдээс асуулт, хариулт авдаг, эгэх холбоотой байх боломжийг бүрдүүлсэн, эсэхээр нь үлдсэн хувийг нь үнэлдэг. Тэгэхээр 80 хувь нь агуулга, үлдсэн нь технологи, бүтэц, дизайн, эгэх холбоо зэргийг нь харгалзсан гэсэн үг.
-Иргэдийн санал, гомдлыг цахим хуудсаараа авах, эргээд мэдээлэх боломжийг хэр бүрдүүлсэн юм бол?
-Байгууллагууд энэ талаар харьцангуй сул үзүүлэлттэй байна. Ялангуяа шууд харилцах боломжтой онлайн оператор, чат зэрэг хэрэгслийг ашиглах нь маш сул. Тал хувь нь иргэдээс санал, гомдол авах механизмыг бүрдүүлээгүй. Эгэх холбоог бий болгох хэрэгслийг цахим хуудсандаа байршуулснаар иргэдээс ирж буй санал, хүсэлтэд тулгуурлан уг хуудасны хөгжүүлэлтийг сайжруулах, улам бүр ил тод байлгах боломжтой. Мөн түгээмэл асуулт, хариултын буланг хөтөлснөөр иргэдийн мэдэх эрхийг хангах, цахим хуудасны хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай.
-Судалгааны зорилго, ач холбогдлын талаар тайлбарлах уу?
-2009 онд Засгийн газраас Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай тогтоол баталж, төрийн байгууллагууд үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллээ өөрсдийн цахим хуудсанд байршуулахаар болсон юм. Үүнийгээ хэрэгжүүлж байгаа, эсэхийг үнэлэх зорилгоор анх 2010 онд манайх уг судалгааг АТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийж эхэлсэн ч хоёр жил үргэлжлээд зогсоосон. Харин Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011, Шилэн дансны тухай хуулийг 2014 онд баталснаар мэдээллийн ил тод байдлыг үнэлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Мэдээлэл авах эрхийг баталгаажуулах ажлын хүрээнд үүнийг хийх нь зүйтэй гэж үзээд, дээрх хоёр байгууллагаас зөвшөөрөл авснаар долоон жилийн турш тасралтгүй гүйцэтгэж ирлээ. Мэдээллийн ил тод байдлыг үнэлэх нь өндөр ач холбогдолтой. Одоогоор мэдээллийн ил тод байдал хангалттай сайн хэмжээнд биш байгаа ч цахимжих үйл явц улам бүр эрчимжиж буй энэ үед зайнаас мэдээлэл, үйлчилгээ авах хэрэгцээ ихэснэ. Тухайлбал, ebarimt. mn, e-mongolia.mn зэрэг төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг системийг нэвтрүүлсэн. Мөн Цахим хөгжлийн яам байгуулах талаар ч яригдаж буй нь ил тод байдал ямар чухал болохыг харуулж байна. Нөгөөтээгүүр, төрийн нэг байгууллагын цахим хуудсанд өдөрт дунджаар 800, сард 100 мянга гаруй хүн ханддаг нь иргэдийн мэдээлэл, үйлчилгээг цахимаар авах хэрэгцээ шаардлага их байгааг илтгэдэг. Жишээ нь, зөвхөн төрийн үйлчилгээ авах бус, албан бичиг хүргүүлэх, өргөдөл, гомдол гаргахын тулд холбогдох хаяг, албан тушаалтны мэдээллийг авах, байгууллагын статистик, тайлан, төлөвлөгөөтэй танилцах гэх мэтчилэн олон зорилгоор ханддаг. Тиймээс байгууллагууд хуульд заасны дагуу мэдээллүүдээ тухай бүртээ шинэчлэх нь чухал.
-Цахим ил тод байдлын индекс, цахим хуудасны ил тод байдал, цахим ил тод байдал гэдгийн ялгааг тайлбарлаж өгөөч.
-Цахим ил тод байдал бол технологи ашиглан мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй хүргэж буй ерөнхий нэршил юм. Цахим технологид тулгуурлан төрийн үйл ажиллагааг ил тод болгосноор авлигаас сэргийлэх, мэдээллийн чөлөөт урсгал нэмэгдэх боломжтой. Нөгөөтээгүүр, иргэд аливаа мэдээлэл, үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах нөхцөл бүрддэгээрээ давуу талтай. Харин цахим хуудасны ил тод байдал нь тухайн сонгосон цахим хуудас хэр ил тод байгааг хэмжих хэлбэр. Цахим ил тод байдлын индекс нь илүү цогц байдлаар хэмжиж буй хэлбэр юм. Бид 2018 он хүртэл цахим хуудасны ил тод байдлын үнэлгээг хийж ирсэн. 2019 онд үнэлгээнийхээ арга зүй, аргачлалыг шинэчлэн сайжруулж, төрийн байгууллагын цахим ил тод байдлын индексийг боловсруулсан. Уг индексээр мэдээллийн ил тод байдлыг үнэлээд зогсохгүй сайжруулах шаардлагатай зүйлс (засаглалын хэлбэр, хууль, эрх зүйн орчин) болон тухайн төрийн байгууллагад мэдээллийг ил тод болгох чадавх, нөөц, механизм байгаа, эсэхийг нь судалдаг. Энэхүү индексийг турших, сайжруулах ажлыг 2019 онд Азийн хэд хэдэн орны төлөөллийг хамруулан зохион байгуулсан. Ингэснээр олон улсад үр дүн нь харьцуулагдахуйц болсон гэсэн үг.
2020 оны хувьд цар тахлын нөлөөгөөр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа доголдсон. Тиймээс бид энэ удаагийн судалгаагаар зөвхөн албан ёсны цахим хуудасны мэдээллийн ил тод байдлыг үнэллээ.
-Судалгааны үр дүнд ямар зөвлөмж боловсруулсан бол?
-Төрийн байгууллагууд цахим хуудасны ил тод байдлаа сайжруулах шаардлагатай гэдэг нь судалгаанаас харагдсан. Ингэхийн тулд хуульд заасан мэдээллүүдээ тухай бүрт нь шинэчлэх хэрэгтэй. Түүнээс гадна мэдээллийн хүртээмжийг хангаж, хэрэглэхэд хялбар болгох нь чухал. Тухайлбал, цахим хуудсандаа хайлтын систем нэвтрүүлэх, мэдээллийг татаж авах, хадгалах, хуваалцах боломж бүрдүүлэх, түгээмэл асуулт, хариултын булан, санал хүсэлтийн хэсгийг байршуулж, тогтмол хөтлөх зэргээр зөвхөн хуулийн хэрэгжилтийг хангах төдийхнөөр бус, мэдээлэл өгөх, үйлчилгээг аль болох хялбараар үзүүлэх ёстой гэдэг талаас нь анхаарах шаардлагатай.
-Зөвлөмж, саналыг тань байгууллагууд хэр хүлээж авч, хэрэгжүүлдэг вэ?
-Жил бүрийн тайлангаа байгууллагынхаа цахим хуудсанд бүрэн эхээр нь байршуулдаг. Мөн судалгаанд хамруулсан бүх байгууллага руу үр дүнгээ хүргүүлдэг. Төрийн байгууллагууд ч эргээд бидэнтэй холбогдож, ил тод байдлаа хэрхэн сайжруулах талаар тодруулдаг юм. Гэхдээ ихэнх байгууллага судалгааны үр дүн гарсны дараа л цахим хуудсандаа анхаарч эхлээд, хэдэн сар өнгөрөхөөр өмнөх байдалдаа орчихдог. Энэ нь төрийн байгууллагууд цахим хуудас хариуцсан ажилтангүй, эсвэл үүнийг давхар хийх үүрэгтэй, мөн мэргэжлийн бус хүнд хариуцуулдагтай холбоотой. Цахим хуудасны ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийн дагуу байгууллагууд тайлангаа гаргаж, Засгийн газарт хүргүүлж байгаа. Гэвч тайлангууд нь хэмжигдэхүйц биш, өөр форматтай байдаг. Тиймээс цаашид тайлангуудыг хэмжих, сайн, муугаар нь эрэмбэлэх боломжтойгоор зохицуулах нь үр дүнтэй. Засгийн газраас үүнийг нэгдсэн аргачлалын дагуу үнэлэх нь байгууллагуудын цахим ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чухал үр нөлөөтэй юм.
-Ямар улсууд төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын үнэлгээгээр өндөр үзүүлэлттэй байна вэ?
-НҮБ-ын Цахим засгийн хөгжлийн индексийн дүнгээр дэлхийн улсуудыг эрэмбэлдэг. Үүнд илүү өргөн хүрээтэй үзүүлэлтүүд хамаардаг. Энэ үзүүлэлтээр Европын, тэр дундаа Дани, Англи зэрэг орон дээгүүр байр эзэлдэг юм билээ. Мөн Австрали, Азиас БНСУ, Сингапур, Япон дээгүүрт жагсдаг. Харин манай орны хувьд 2020 онд 92 дугаар байрт буюу дунджаас доогуур үнэлгээ авсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад манайх улам ухарч байгаа бөгөөд бусад улс илүү хурдацтай хөгжиж буйг үүнээс харж болно. Тиймээс бид дээрх улсуудаас, ялангуяа бүс нутгийнхаа орноос туршлага судлах хэрэгтэй. Цахим хөгжлийн яам байгуулна гэж мэдэгдсэн тул энэ тал дээр тодорхой хэмжээний ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаа. Бид ч өөрсдийн цуглуулсан мэдээлэл, санал, зөвлөмжөөр хангахдаа баяртай байх болно.