Монгол Улсад Япон Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хироюүки Кобаяашитай ярилцлаа.
-Элчин сайд Та Монголд ирээд нэг жил боллоо. Энэ хугацааг
эргэн харвал таны ажил, амьдрал ямар байв?
-Би 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд Монгол Улсад гурав дахь удаагаа ажиллахаар томилогдон ирсэн. Өнгөрсөн нэг жил коронавирусийн улмаас амаргүй байсан хэдий ч Монгол Улс цар тахал алдагдахаас өмнө, мөн гарсны дараа хатуу арга хэмжээ авч, бусад улстай харьцуулахад хяналтдаа оруулсан гэж дүгнэж болно. Элчин сайдын яам ихээхэн хязгаарлалт доор ажиллаж буй хэдий ч монголчуудын тэсвэр тэвчээр болоод коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд гар бие оролцож буй хүмүүсийн хичээл зүтгэлийг хараад сэтгэл хөдөлж байна. Монголд өмнө нь хоёр удаа томилогдон ажиллаж байсан үетэй харьцуулахад монголчууд Японд үнэхээр элэгтэйг миний бие илүү их мэдэрч сууна.
Өнгөрсөн жил өрнөсөн манай хоёр орны харилцааны онцлох үйл явдлаас дурдахад, Япон, Монголын хооронд зорчих нь цар тахлын улмаас амаргүй нөхцөл үүсээд байсан аравдугаар сард манай улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад амжилттай айлчиллаа. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайван нартай уулзаж, хоёр орны харилцаа ихээхэн чухал болохыг нотолсон. Япон Улсын Гадаад хэргийн сайд асан Т.Коно 2019 оны зургадугаар сард Монголд айлчилсан. Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсад хоёр жил дараалан айлчилсан анхны тохиолдол болсноороо энэ нь чухал үйл явдал юм. Энэ бол Япон Улсын хувьд Монгол Улс нь чухал түнш болохыг нотолж буй хэрэг.
-Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй манай төр, засгийн арга хэмжээ, Японы хамтын ажиллагааг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Өмнө хэлсэнчлэн Монгол Улс халдварын тархалтыг бусад улстай харьцуулахад хяналтдаа авч чадлаа. Энэ бол гагцхүү халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд гар бие оролцож буй холбогдох албаны бүх хүний хичээл зүтгэл болоод ард түмэн үүнийг нь ойлгож, хамтарч ажилласны үр дүн хэмээн бодож байна. Ялангуяа хахир хүйтэнд замын зохицуулалт хийж буй цагдаагийн алба хаагч, хамгаалалтын хувцас өмсөн эрүүл мэндийн талбарт хүчин зүтгэх хүмүүсийн ажил хүнд байгаа нь ойлгомжтой. Бидний хэн ч халдвар авах эрсдэлтэй цаг үетэй тулгараад байгаа бөгөөд цаашид боломжтой хүрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй Монголын арга хэмжээг манай улс дэмжиж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн жил шуурхай дэмжлэгийн хүрээнд Монголын эрүүл мэндийн байгууллагыг бэхжүүлэх зорилгоор Ази, Европын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, ОУУЗН зэргээр дамжуулан 1.12 сая ам.долларын өртөг бүхий эрүүл мэндийн эд зүйлсийг олгож, энэ салбарын ажилтнуудад техникийн дэмжлэг үзүүлсний хамт UNOPS-аар дамжуулан 100 хүн тун (12200 ширхэг) абиган эм нийлүүлсэн. Үүний дараа, зургадугаар сард Монгол Улсын Засгийн газартай эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хөтөлбөрийн нэг тэрбум иений буцалтгүй тусламжийн ноот бичигт гарын үсэг зурлаа. Одоо Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Япон, Монголын сургалтын эмнэлэгт тоног төхөөрөмж олгохоор ажиллаж байна. Түүнчлэн манай Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад айлчлах үеэрээ 25 тэрбум иенийн шуурхай зээл олгохоор шийдвэрлэж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын төгсгөлд тус зээлийг өгсөн. Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшил, ард иргэдийнхээ хамтаар “Ковид 19”-ийг ялан дийлэхээр хичээл зүтгэл гаргаж буй энэ үед Японы талаас үзүүлж байгаа дэмжлэг үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулахад тус дэм болсон нь лавтай.
-Япон бол Монголын гурав дахь хөрш. Гурав дахь хөрш улсын Элчин сайдын хувьд хоёр орны цаашдын харилцааг хэрхэн харж байна вэ?
-Өдгөө Япон, Монгол хоёр улс ихээхэн найрсаг харилцаатай болсон гэж хэлж болно. Ялангуяа Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш хоёр орны харилцаа хурдацтай хөгжсөн. Монгол, Япон Улс адил үнэт зүйлийг эрхэмлэж буй нь үүнд томоохон хөшүүрэг болдог. Өнгөрсөн хугацаанд түүхийн хэцүү үеүд байсан ч ирээдүйгээ харж, ирээдүйн зорилго өөд урагшилснаар өнөөгийн харилцааны суурийг тавьсан билээ. Манай хоёр улс Стратегийн түншлэл байгуулсан ба 2016 онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, ингэснээр эдийн засаг, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх орчин бүрдсэн. Энэ мэтчилэн суурь нь бэлэн болсон тул цаашид хоёр орны харилцаа олон салбарт улам бүр хөгжих боломж бүрэн байгаа. Тэр дундаа миний бодлоор бизнес, эдийн засгийн харилцааг илүү өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуй бол Монголын эдийн засгийн тулгуур, эдгээр салбарын эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх бүрэн бололцоо бий. Бараа бүтээгдэхүүний тээвэр ложистик зэрэг дэд бүтцийн нөлөөнөөс үл хамаарах мэдээллийн технологи далайд гарцгүй Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулна хэмээн найддаг. Энэ салбарт Япон, Монголын бизнесийн хамтын ажиллагаа эхэлсэн нь ихээхэн найдвар төрүүлж буй. Эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан хоёулаа хамт хөгжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бий болгох нь Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны харилцааг бэхжүүлэхэд Засгийн газар хоорондын болон бизнесийн, мөн хүн хоорондын харилцаа зайлшгүй чухал. Японд суралцсан туршлагатай, чадварлаг монгол залуучууд мэдээллийн технологийн салбарт бизнесээ эхлүүлж, улс төрд ч амжилттай гарч ирж байгаа нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд маш том нөлөө үзүүлэх болов уу. Одоо коронавирусийн цар тахлын нөлөөгөөр хоёр улсын хооронд харилцан зорчиход хэцүү байгаа ч манай оронд монголчууд олноороо сурч, хөдөлмөрлөсөөр байна. Янз бүрийн шугамаар Японтой холбогдож туршлага хуримтлуулан, манай орныг таньж мэдсэн монголчууд хоёр орны найрамдалт харилцааг цаашид хөгжүүлэн авч явна хэмээн найддаг.
-Хоёр улсын харилцаа, гадаад бодлого Зүүн Азийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлж байна вэ. Цаашид энэ нөлөөг нэмэгдүүлэхэд хоёр улс хэрхэн хамтарч ажиллах шаардлагатай бол?
-Монгол Улс Японыг гурав дахь хөршөө хэмээн нэрлэж, манай улстай харилцаагаа чухалчилж үздэг. Японы хувьд ч Монгол бол эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал хэмээх нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг орлуулашгүй түнш улс билээ. Манай хоёр улс эдгээр нийтлэг үнэт зүйлийг хамгаалж, хадгалж явах нь зөвхөн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд төдийгүй Зүүн Азийн бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэг дэх энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна.
Ирээдүйн талаар дурдвал, хоёр орны харилцан итгэлцлийг суурь болгож, ялангуяа эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэхээр хоёр тал хичээн зүтгэх нь чухал болов уу. Тэр дундаа Японы техник, технологийг Монголын залуу боловсон хүчинтэй хослуулах зэргээр харилцан бие биенийхээ давуу талыг ашиглаж, эдийн засaг болон нийгэмд үнэ цэнтэй зүйл бүтээх, түүнийг бүс нутгийн төдийгүй дэлхийн улс орнуудад хүргэж чадвал үнэхээр гайхалтай.
-Монголын Засгийн газар Азийн эрчим хүчний супер сүлжээг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ сүлжээг бий болгоход эрчим хүчний томоохон хэрэглэгч болох Япон Улсын оролцоог хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын хувьд хөгжүүлэх боломжтой нар, салхи, ус зэрэг байгалийн эх үүсвэрээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг Орос болон Зүүн хойд Азийн улсуудад нийлүүлэх зорилго бүхий олон улсын эрчим хүчний сүлжээ бий болгох нь харилцагч улсуудыг хамруулсан том төсөл юм. Нөгөөтээгүүр, эрчим хүчний бодлогын тухайд, тус төсөлд хамаарах улс тус бүр өөр нөхцөл байдалтай байхын зэрэгцээ эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангах технологийн болоод улс төрийн зэрэг олон асуудал бий гэж бодож байна. Энэ сүлжээг байгуулахтай холбоотой нэгэн төслийн хүрээнд Японы “Софт банк” группийн охин компани “СБ энержи”, Монголын “Ньюком” групптэй хамтран байгуулсан “Клин энержи Ази” ХХК нь Монголын Засгийн газар, ЖАЙКА, Европын сэргээн босголтын банкны хамтын ажиллагаатайгаар Өмнөговь аймгийн Цогтцэцийд салхин цахилгаан станц байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэ мэт төслөөр дамжуулан Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулсны дүнд тулгамдах асуудлууд тодорхой болно. Байгальд ээлтэй эрчим хүчийг хөгжүүлэх нь дэлхий нийтээр шийдвэл зохих тулгамдсан асуудал. Өнгөрөгч оны есдүгээр сард байгуулсан Ё.Сүга Ерөнхий сайдын Засгийн газар цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг авч хэрэгжүүлэх бодлогын хүрээнд 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэг болгохоо илэрхийлсэн.
-Өнөөдөр Япон Улсын цог жавхлант эзэн хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Монголд өнгөрсөн жил хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан. Энэ жил коронавирусийн нөлөөгөөр зохион байгуулахад хүндрэлтэй байгаа гэж сонссон. Элчин сайдын зүгээс монголчуудад хандан илгээх үг Танд байгаа байх. Эзэн хаан хунтайж байхдаа Монгол Улсад айлчилж байсан. Монголд дахин айлчлах болов уу?
-Японы үндэсний баяр болох Эзэн хааны мэндэлсэн өдөр тохиож буйтай холбогдуулан, юуны өмнө Япон, Монгол хоёр орон, ард түмний өнөөг хүртэлх бүхий л хамтын ажиллагаагаар дамжуулан харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлж ирсэнд баяртай байгаагаа хэлэхийн сацуу энэхүү найрамдалт харилцаа цаашид улам хөгжин дэвжихийг хүсэж буйгаа илэрхийлье. Хоёр орны харилцаа зөвхөн Засгийн газар хоорондынхоор бүрэлдэн бий болдоггүй. Хоёр орны ард түмэн, иргэн бүрийн оролцоо, олон хүний хамтын ажиллагаа, бага ч гэсэн бие биенээ гэх сэтгэлээс үүсдэг билээ. Монголын ард түмэн та бүхэн цаашид ч зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье.
Эзэн хаан маань хунтайж байхдаа 2007 оны долдугаар сард Монгол Улсад айлчилж, Монголын ард түмэн халуун дулаанаар угтан авсан. Тэр жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиосон бөгөөд “Монгол дахь Японы жил” нэрийн доор соёлын олон арга хэмжээ зохион байгуулсан. Хунтайж монгол наадмыг үзэж сонирхсоноос гадна Хархоринд айлчлан, малчдын ахуй амьдралтай танилцсан. Мөн Морин хуурын чуулга, Улсын филармонийн хүндэтгэлийн тоглолтын үеэр Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өөрөө альт хөгжим тоглосон зэрэг дурсамж дүүрэн айлчлал болсон. Эзэн хаан Монгол Улсад дахин айлчилбал туйлын гайхалтай явдал болох билээ.
-2022 онд болох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн бэлтгэл ажил эхэлсэн гэж сонссон. Тэмдэглэлт ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөв?
-2022 онд Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ой тохионо. Хоёр орны харилцаанд олон жил гар бие оролцсоны хувьд сэтгэл минь догдолж сууна. Өнөөг хүртэлх тэмдэглэлт ойн жилүүдэд олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн бол ирэх жил Японы өвөрмөц соёлыг харуулсан том арга хэмжээ болно. Япон наадам гэхчлэн олон арга хэмжээний бэлтгэлийг эхлүүллээ. Зөвхөн наадам төдийгүй Япон, Монголын харилцааг эргэн харсан симпозиум, 50 жилийн түүхийг нэгтгэсэн товхимол хэвлэхээр төлөвлөж байгаа. Цаашид тодорхой төлөвлөгөө гаргах хэдий ч хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж чадвал олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадах болов уу. Миний хувьд зөвхөн өнөөг хүртэлх 50 жилийг эргэн дүгнээд зогсохгүй энэхүү найрамдалт хамтын ажиллагаа бүхий харилцааг дараагийн 50 жилд авч явах залуустаа залгамжлуулан өгөх нь чухал гэж бодож байна. Ийм зорилго өвөртлөн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам монголчууд та бүхэн, Монгол дахь япон иргэд, Япон дахь Монголтой холбоотой хүмүүсийн дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд 50 жилийн тэмдэглэлт ойн бэлтгэлийг энэ жилийнхээ чухал ажлын нэг болгон гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тиймээс тэрхүү том зорилгоо биелүүлэхийн төлөө, 2021 онд үндсэн суурь бэлтгэл ажлуудаа хийж гүйцэтгэх болно.