УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 95.2 хувийн саналаар огцрууллаа. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа юм. Чуулганы хуралдааны дараа Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газар, Улсын Онцгой комисс цар тахлын эсрэг жил гаруй хугацаанд маш идэвхтэй ажиллаж, Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй 10 сарын хугацааг өнгөрөөсөн. Дотоодод халдвар гарснаас хойш өнөөдрийг хүртэл бид бүх чадлаа дайчлан ажиллаж байна.
Харамсалтай нь төрийн албан хаагчид дунд цөөн хэдэн цэвдэг сэтгэлтэй хүн байна. Ийм хүмүүсийн үйлдэл Монгол төрийн нэр хүндэд сэв суулгасанд харамсаж байна. Тэдний өмнөөс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна.
Нөгөө талдаа ард түмний үг хэлэх эрх, эрх чөлөө, залуучууд дуугарч байгааг улс төржүүлэх гэж оролдсон хүмүүст сануулга өгсөн арга хэмжээ боллоо. Монголын төр шударга, ёс зүйтэй, ард түмэндээ үйлчилдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Коронавирусийн эсрэг маш үр дүнтэй тэмцэж байгаа таван орны нэг нь манай улс. Цагаан сараас өмнө вакцин орж ирнэ. Вакцин захиалчихсан байгаа. Ард түмэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байгаа. Бид хамтдаа тэмцсэний хүчинд өнөөдөр манай улсад нэг ч нас баралтгүй, амжилттай, эрсдэл багатай даван туулж байна.
Би Монголын төр ёс зүйтэй, шинэ хандлагатай байгаасай гэж хүсэж байна. Бид Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн" гэлээ.