Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүйн эрхийг МАН-д авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрох боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлсэн ийм үйлдэл яагаад хийх болов оо. Үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Ерөнхий сайдаас маань ийм үйлдэл гарна гэж би санасангүй. Нэгэн зүйл маш тодорхой байна.
Сү.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюутолгойн төслийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сү.Батболд гэдгийг хаа хаанаа тогтоогоод эхэлсэн.
Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Ерөнхий сайд асан Сү.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюутолгойн төслийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сү.Батболд гэдгийг хаа хаанаа тогтоогоод эхэлсэн. Ийм учраас тэрбээр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмнийг нухчин дарах ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан. Монгол Улсын Төрийн тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэн ирж байна гэж үзэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг УИХ-ын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газрын насжилт урт удаан, үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг саяхан баталж байсан.
Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэл бэлтгэн гаргаж буйд би туйлын их харамсаж байна. Ерөнхий сайд өөрийнхөө шууд удирдаж буй ТЕГ болон ЦЕГ-аас үүнийг мэдэх боломжтой. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэдийн сонголт байсан юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг огт дэмжихгүй байна" гэлээ.