Өнөөдөр ОХУ-д коронавирусийн эсрэг бүх нийтийг вакцинжуулах аян эхэлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсад хэсэгчилсэн вакцинжуулалтын кампанит ажил эхэлсэн бөгөөд үүнд тодорхой ангиллын иргэд тодруулбал эмч, багш, нийгмийн ажилтнууд, мөн архаг хууч өвчтэй (уушгины багтраа, зүрх судас, чихрийн шижин, хэт таргалалт- сурв.) хүмүүст хамрагджээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүх нийтийн вакцинжуулалтыг нэгдүгээр сарын 18-нд эхлүүлэхийг үүрэг болгосон юм. Одоогийн байдлаар тус улсад Н.Ф.Гамалеян нэрэмжит хүрээлэнгийн эрдэмтдийн гарган авсан "Спутник V”, "Вектор" шинжлэх ухааны төвийн бүтээсэн "Эпиваккорона" вакцинуудыг бүртгээд байгаа юм. Коронавирусний өөр нэг вакциныг ОХУ-ын ШУА-ийн М.П.Чумаковын нэрэмжит иммунобиологийн эм бэлдмэлийг судлах, боловсруулах шинжлэх ухааны төв бүтээсэн бөгөөд одоогоор уг вакцины эмнэлзүйн туршилтыг явуулж байгаа юм. Н.Ф.Гамалеян нэрэмжит хүрээлэнгийн захирал Александр Гинтсбург РИА Новости агентлагт ярихдаа "Спутник V” вакцин хийлгэсэн хүн коронавирусийн хүнд хэлбэрээс болон эмгэг төрөгч нян уушгинд орох эрсдэлээс баталгаатай хамгаалах авч эсэргүүцэл султай хүн коронавирусээр томуу төст хэлбэрээр өвдөөд өнгөрч болох аж. Оросын иргэд бүртгэгдсэн хоёр вакцины аль нэгийг сонгон сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм. Вакцинжуулалтын эхний жилд тус улсын нийт хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулах боломжтойг холбогдох албаныхан мэдэгджээ.