АНУ-ын Калифорни муж улсын Оакланд хотод уран бүтээлээ туурвидаг “Цадиг” хамтлагийг “Рок поп” буландаа онцоллоо. Тус хамтлагийн ахлагч Л.Зултай цахимаар холбогдон ярилцсанаа хүргэе.
-Хамтлагийнхаа нэрийг хэзээнээс “Цадиг” болгочихов оо. Уг нь рок хөгжим сонирхогчид “Return” нэрээр тань мэддэг болчихсон байсан шүү дээ.
-Хамтлагийнхаа нэрийг сольсон гэх үү, шинэ хамтлаг болсон гэх үү, сайн мэдэхгүй л байна. Ямартай ч хамтлагийн нэрээ 2018 онд албан ёсоор “Цадиг” болгосон ч 2016 оноос энэ хамтлагийн суурь тавигдсан гэхэд болно. “Return” нэрээрээ уран бүтээлээ үргэлжлүүлэн хийх гэхээр хамтлагийн хэв маяг хэтэрхий өөр болчихсон. Тиймээс нэрээ ч өөрчлөх нь зөв гэж шийдсэн юм.
-Өмнөх бүрэлдэхүүнээ ч өөрчилсөн үү?
-Бүрэлдэхүүн ч өөрчлөгдсөн. Энэ нь хамтлагийн характер, философи, уран бүтээлийн өнгө аяс өөрчлөгдсөнтэй холбоотой.
-“Playtime” хөгжмийн наадамд оролцож, “Rivers underground” цомгоо гаргасан “Return”-ээс одоогийн “Цадиг” ямар ялгаатай вэ?
-Хэд хэдэн том ялгаа бий. “Return” хамтлагаа би 18 настайдаа байгуулж байлаа. Манай бөмбөрчин л гэхэд 15, 16 настай байсан. Тэр үед бидний сэтгэл зүй, амьдралыг үзэх үзэл одоогийнхоос тэс өөр байсан нь мэдээж. Бид хөгжмийн зах зээл ямар байх, хамтлаг цаашдаа хэрхэн оршин тогтнох вэ гэх зэргийг ер бодоогүй. Тухайн үед мэдэрсэн бүхнээ л илэрхийлэхийг хүссэн. Бид АНУ-д амьдарч, уран бүтээл хийдэг. Гаргасан уран бүтээлүүд Монголын зах зээлээс хол, Америкийнхад төдийлөн тохиромжгүй байлаа. Харин “Цадиг” нэрээр тоглож эхлэхэд бидний сэтгэл зүй, үзэл бодол тогтсон, бас уран бүтээлчийнхээ хувьд төлөвшсөн, гар нийлж сурсан, өмнөх алдаанууддаа дүгнэлт хийж зөв гаргалгаа олсон гэхэд болно. Хамгийн гол нь одоо зах зээлээ АНУ болон барууны хөгжмийн ертөнц гэж харж байгаа юм.
-“Цадиг” нэрээр хэчнээн дуу сонсогчдод хүргэв?
-2019 онд дөрвөн дуутай EP цомог бичүүлж, гаргасан. EP цомог гэж 4-5 дуутай танилцуулга маягийнх байдаг шүү дээ.
-Шинэ цомог гаргахаар төлөвлөсөн үү?
-2020 онд “While visiting earth” буюу “Дэлхий дээр саатах зуур” нэртэй бүрэн хэмжээний цомог гаргахаар төлөвлөсөн боловч цах тахлын улмаас хойшлуулахаас аргагүй боллоо. Гэхдээ бид арван дуутай тус цомгоо амьд тоглолт хэлбэрээр танилцуулахаар бэлтгэж байгаа.
-Ямар урсгалаар түлхүү уран бүтээл гаргаж байна вэ?
-Тэр, энэ урсгал гэхэд их хэцүү. Бид ч аль нэг урсгалаар дагнахыг чухалчилдаггүй. Гэхдээ “Цадиг” нь прогрессив рок, пост рок, психоделик рок гэх мэт урсгалын элементүүдийг монгол үндэсний хөгжмийнхтэй хослуулан уран бүтээл туурвидаг.
-Та 2010 онд АНУ-д хамтлаг байгуулж, одоо ч тус улсад уран бүтээлээ хийж байгаа. Тэнд уран бүтээл хийхийн давуу болон бэрхшээлтэй тал юу вэ?
-Мэдээж санхүүгийн бэрхшээл хамгийн том асуудал. Түүнээс гадна энд ажилладаг учраас уран бүтээлдээ зарцуулах цаг зав бага олддог. Ер нь амьд хөгжмийн хамтлагуудын уран бүтээл өндөр өртөгтэй бүтдэг шүү дээ. Тиймдээ ч хөгжимдөө тохирсон клип гаргаж чадахгүй л явна.
-Гадаадын сонсогчид танай уран бүтээлүүдийг хэрхэн хүлээж авдаг бол?
-Бид сүүлийн хоёр жилийн турш том, жижиг олон газарт тоглож, хүмүүсийн хандлагыг тандсан. Аль ч газарт тоглоход хүмүүс дуртай сонсож, “Танай үндэсний урлаг рок хөгжимтэй их гоё хосолж байна” гэдэг шүү.
-Та АНУ-д дууны инженерээр сурч байсан. Сургуулиа төгссөн үү. Одоо энэ чиглэлээрээ ажиллаж байна уу?
-Сургуулиа төгсөөгүй. Гэхдээ мэргэжлийн бүх хичээлээ үзэж дуусгасан. Диплом авахын тулд дахин хоёр жил өөрт хэрэггүй хичээл үзэж суух нь цаг хугацаа болон санхүүгийн хувьд хохиролтой санагдсан. Урлагт, тэр дундаа хөгжмийн салбарт дипломын хэрэг байхгүй. Хүний авьяас чадвар, хөдөлмөр, хичээл зүтгэл л чухал. Дууны инженерээр жил гаруй ажиллаад одоо “Тесла” компанид техникч хийж байна.
-Монголдоо ирж уран бүтээлээ хүргэх, хөгжмийн наадамд оролцох бодол бий юү?
-Мэдээж бий. Өнгөрсөн зун очихоор төлөвлөсөн ч цар тахлаас болоод чадсангүй. Энэ онд нөхцөл байдал дээрдэж, боломж бүрдвэл очно доо.
-Хамтлаг оршин тогтнохын үндэс нь ур чадвар, тууштай байдал, зорилго, ойлголцол. Гэхдээ санхүүгийн асуудал ч маш чухал нөлөөтөй. Шинэ уран бүтээлээ студид бичүүлэх, цаашлаад цомог гаргахад санхүүгийн асуудал байнга тулгарна. Гэтэл гадаадад амьдарч, тоглодог хамтлагт энэ асуудлаа шийдвэрлэхэд илүү хүндрэлтэй байдаг болов уу. Хэрхэн шийддэг бол?
-Хамтлаг тардаг гол шалтгаануудын нэг нь санхүүгийн бэрхшээл. Гадаадад ажиллаж, амьдрахын хажуугаар уран бүтээл хийх амаргүй. Гэхдээ гомдоллоод суугаад байж болохгүй. Бусад хамтлагт ч тулгарсан, заримынх нь даваад л гарсан асуудал. Тиймээс бид ч давах ёстой, зөв шийдэл олох хэрэгтэй л гэж боддог.
-Танай хамтлагийн зорилго юу вэ?
-Холынх, ойрынх гээд олон зорилго бий. Бүр том агуулгаар нь харвал үндэсний урлагийн элементээ барууны шинэ цагийн рок хөгжимтэй хослуулж, шинэлэг, сонирхолтой уран бүтээл хийх зорилготой.
-Дуунуудынхаа үг, аяыг өөрөө зохиодог уу?
-Манай хамтлагийн уран бүтээл манайх л байх ёстой. Хэн нэгнээс үг, ая авдаггүй. Ер нь рок хамтлагийн зарчим энэ. Уртын болон ардын дууг өөрсдийнхөөрөө шинэчлэн найруулах, дуундаа ашиглах тохилдол бий. Байх ч ёстой гэж боддог. Өчигдөр, өнөөдөр хоёр нийлж байж маргаашийг бий болгодог биз дээ.
-Та яагаад хөгжимд дурласан юм бэ. Хөгжим, хамтлаг таныг хэрхэн өөрчлөв?
-Хүнд бодит амьдралаас тасрах, холдох шаардлага гардаг гэж боддог. Ямар нэгэн зүйлийн нөлөөнд автдаг нь энэ хэрэгцээтэй холбоотой болов уу. Өсвөр наснаас минь л хөгжим тэр үүргийг гүйцэтгэж ирсэн. Өөрийгөө өөр өнцгөөс, хаа нэгтэйгээс хайж, мэдэрч, мэдрүүлэхийг зорих нь өөрт таашаалтай, сонирхолтой. Мэдээж хөгжим намайг их, бага хэмжээгээр өөрчилсөн, зөв, сайн дадал ч суулгасан.