Шүүгч нарын цалингийн хэмжээг 8 сая төгрөг хүртэл байдаг гэх мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Тиймээс энэ талаар холбогдох газраас тодруулав. Улмаар гурван өөр шүүгчийн цалингийн задаргаа, хэмжээг олон нийтэд хүргэж байна. Төв аймаг дахь шүүхийн тамгын газраас өгсөн мэдээллээр шүүгчид доорх хэмжээний цалин хөлс авдаг.
Монгол Улсын Их Хурал 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 101 дугаартай “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчийн цалингийн хэмжээг тогтоосон. Мөн шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна.” гэж хуульчилсан бөгөөд шүүгч энэхүү нэмэгдлээс өөр бусад төрлийн нэмэгдэл авдаггүй. Өөрөөр хэлбэл бусад төрийн албан хаагчид шиг цолны, зэрэг дэвийн, ажлын онцгой нөхцөл гэх зэрэг нэмэгдэл авдаггүй аж.
Монгол Улсын Их Хурлын тогтоол болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 5 жилээс доош хугацаанд ажиллаж байгаа анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчээр 14 жил ажилласан анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээр 15 жил ажилласан давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн цалингийн хэмжээг задаргааны хамт зургаар харуулав. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн гарт олгох цалин нь 2.2-2.9 сая төгрөг болж байна.