Засгийн газрын бүтцэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) гэж бий. Өмнө нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн гэж байсныг ийнхүү өөрчилснөөс үзэхэд уг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ард түмний амьдралын түвшнийг дээшлүүлэх бодлогыг урьтал, эрхэм зорилгоо болгон энэхүү яамыг байгуулсан мэт. Гэтэл тус яамны үйл ажиллагааг анзаарахад хөдөлмөр хэмээх ойлголт, ухагдахууныг умартаж, харин төрөөс халамжийн чиглэлээр олгодог 72 төрлийн үйлчилгээг ангилан ялгаж, олгох ажилд цаг хугацаа, ажиллах хүчний нөөцөө зориулах юм.
Халамжийн хэмээн нэрлэвэл зохилтой ХНХЯ
Өнөөх гол ажил, бодлого хөдөлмөрийн тухай хэзээ, хэрхэн авч үзэх нь тодорхойгүй. Тиймдээ ч байнга улс төрийн сөрөг хүчнийхний болон иргэдийн шүүмжлэлийн бай болдог гэлтэй. Жишээ нь, “Халамж хавтгайрсан улс боллоо”, “Бэлэнчлэх сэтгэлгээг хөхиүлж байна”, “Хөдөлмөрлөхгүйгээр амьдарч болдог гэсэн ойлголтыг үе үеийнхэнд төрүүлэх нь” гэсэн шүүмжлэл тасрахаа больсон. Сөрөг хүчнийхэн, иргэд Засгийн газрыг, төрийн эрх баригчдыг гоочлохыг урьтал болгов уу, эсвэл үнэхээр манай улс халамжийг урдаа барьж, түүнд дулдуйдсан бодлогоо уг яамаар дамжуулан хэрэгжүүлээд байна уу гэж хардахаар.
ХНХЯ-ны үйл ажиллагааны толь гэж үзэхээр нэг нэгж байдаг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар бөгөөд энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Эрхэлдэг түгээмэл үйлчилгээ нь гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх, ахмад настны халамжийн үйлчилгээ, зорилтот бүлэгт чиглэсэн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамж, зорилтот өрхийн хөгжлийг хангах төсөл, хөтөлбөр, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа, төрөлжсөн асрамж гэх зэрэг багтана. Халамж гэсэн тодотголтой ажил, үйлчилгээ үйл ажиллагаанд нь илүүтэй жин дарж байгаа биз.
Тус газраас халамжийг системчилжээ. Өөрөөр хэлбэл, мөнгөн тэтгэмж олгох ажлыг боловсронгуй болгох талд нэлээд анхаарч. Сүүлийн үед хийсэн ажлаас нь дурдъя. “Халамжийн нэгдсэн систем ehalamj.mn-д үйлчилгээ нь баталгаажсан 163 321 иргэний 7.9 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд байршуулж эхэллээ” гэсэн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 1 199 570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгосон бол нийгмийн халамжийн тэтгэмжийг 81.5 мянган иргэнд өгчээ. Мөн хүнсний тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд цай, гурил, давс, ургамлын тос зэрэг хүнсний багцыг хүргэх ажил хийсэн байх юм.
Эдүгээ төрөөс халамжийн чиглэлээр ард иргэдэд үзүүлж буй 72 төрлийн үйлчилгээг нийтэд нь хувилж үзэхэд улсын таван өрх тутмын нэгд нь эдгээр үйлчилгээнээс дор хаяж нэгийг хүртдэг гишүүн байдаг аж. Хүүхдийн, жирэмсэн эхчүүдийн гэх зэрэг аль ч цаг үед олгосоор ирсэн тэтгэмжээс гадна сүүлийн жилүүдэд “Цалинтай ээж” хөтөлбөр, нөхцөлт мөнгөн тусламж, амьжиргаа дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн тусламж, дэмжлэг, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, цаатан иргэний тэтгэмж, асрамжийн үйлчилгээ гэх зэрэг “бүтээгдэхүүн” нэмжээ. Зүй нь хүмүүс хөдөлмөрлөж, зохих цалин хөлс авч, амьжиргаагаа өөрсдөө тэтгэх нөхцөл бүрдүүлэх бодлого төрөөс явуулах, уг ажлыг чиглэлийн, өнөө цагт бол ХНХЯ-аар дамжуулан хэрэгжүүлдэг бол утга тодорхой байх сан. Хэрвээ яамны ажлыг халамжийн хөрөнгө хуваарилах төдийгөөр хязгаарлах юм бол яам гэж нүсэр бүтэц байлгаж, олон хүнд сул цалин олгох хэрэггүй мэт. Эс бөгөөс яамны нэрийг “Халамжийн” хэмээн өөрчлөх нь шулуухан ч юм шиг. Үгүй бол яамыг үндсэн үүргийнх нь дагуу ажиллуулах хэрэгтэй бус уу. Энд ажиллагсад, мэргэжилтнүүдээс ядаж л “Энэ улс орон халамжаар амь, амьжиргаагаа залгуулдаг болж гүйцлээ. Ажил хийх хүн олдохоо байтал халамжаар угжих нь хөгжил биш биз дээ” гэж Засгийн газарт дуу хоолойгоо өргөх хүн байдаггүй гэж үү. Хүүхдийн, жирэмсэн эхчүүдийн гэх зэрэг тэтгэмжийн зорилго ойлгомжтой. Улсын хүн ам зүйн бодлоготой холбоотой бөгөөд төрөлтийг дэмжиж буй. Харин жил ирэх тусам халамжийн шинэ төрлийн “бүтээгдэхүүн” нэмээд байдгийн учир юу вэ. Ажилгүй, орлогогүй иргэд хоногийн хоолгүй болчих тул тэднийг аврах амь тариа төдий үйлчилгээ нэмсэн хэрэг биз дээ. Ажлын байр элбэг, хөдөлмөрийн насны, тэр бүү хэл тэтгэвэрт гарсан ч бие эрүүл хүмүүс хийгээд зохих хөлс аваад, өрх гэрээ өөрийн хүчээр өөд нь татах нөхцөл бүрдүүлэх бодлого боловсруулж, батлуулан алсын хараатай ажиллах нь төрийн яамны оршихуйн үндэс баймаар юм. Халамжийн мөнгийг тоо нэмж, хасаж чаддаг хэн ч тараана шүү дээ. Үүнд олон хүний хэрэг ч үгүй.
Энэхүү яамны ажлын ерөнхий өнгийг илтгэх халамж чиглэлийн ажлыг тандахад иймэрхүү. Тэгвэл эдний ойрын төлөвлөгөөнд ард иргэдийн амьдрал, ахуйд бодит дэмжлэг үзүүлэх ямар ажил байгааг тандах явцад нэгэн зүйл асуудал анхаарал татав. Тус яамныхан ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг шинэчлэх чиглэлээр ажиллаж байна. 2001 онд баталсан Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдний эрхийг хамгаалах эрх зүйн суурь харилцааг зохицуулах хуулийг эдүгээ Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болгон өөрчилж, төсөл боловсруулжээ. Зорилго нь Монгол Улсаас гадаадад, гадаад улс орнуудаас манай улс руу чиглэсэн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний харилцаанд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шилжилт хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг үндэсний хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан, нэгдмэл байдлаар зохицуулах аж. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй шинэ зохицуулалт нэлээд байгаа гэнэ. Тухайлбал, ажил олгогч ажилтан хэрхэн сонгон шалгаруулж ажилд урих талаар бий. Эхний ээлжид дотоодоос ажилтан авч ажиллуулах шаардлагатай юм байна. Үүний тулд ажлын байрны захиалгаа мэдээллийн санд байршуулж, ажилтныг идэвхтэй хайна. Үнэхээр тэнцэх хүн олдохгүй, ажлын байр сул хэвээр бол гадаадаас ажилтан авах хүсэлт гаргах эрх үүсэх ажээ. Мөн гадаадаас ажилтан сонгох, ажилтан авах зөв гарц бий болгох, албан бус зуучлалыг зогсоох зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлэх, ажил олгогч ажилтнаа тус мэдээллийн сангаас сонгох гэх зэрэг заалт байна.
Хуулийн төслийг УИХ батлах, эсэх нь одоогоор тодорхойгүй. Юутай ч өдгөө харахад дэвшил гэхээр юмгүй. Ажил идэвхтэй хайгчдыг ажил олгогчтой зуучилж, үүнд харьцангуй гаршсан хөдөлмөрийн биржүүд, зуучлах төвүүдийн ажлыг төрийн, хуулийн нэрээр булааж авах гэсэн санаархал агуулсан мэт уншигдаж байгаа юм. ХНХЯ бусдын эхлүүлж, аль хэдийн голдиролд нь оруулсан энэ мэт ажил “үнэрлэж” цаг алдсанаас хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих, ажлын байр яаж олноор бий болгоход санаа тавьж, бодлого болгосноо хуульчилж хэрэгжүүлэх нь чиг үүрэгт нь хамааралтай, хийх ёстой жинхэнэ ажил нь байлтай. “Засгийн газар юу гэнэ, бид тэгж хөдлөх ёстой” гэх байх л даа. Гэхдээ Засгийн газрыг бүрдүүлэгч элементийн хувьд өөрт ногдох тодорхой үүргээ нэр төртэй биелүүлж, гүйцэтгэмээр. Тэгж чадах аваас сая яам байх биз ээ. Санаачилга дээрээс доош гэхээс илүүтэй, доороос дээш чигтэй байхдаа илүү олон нийтийн эрх ашгийг хамгаалсан байдаг.
Халамжийн хөрөнгө хуваарилж гялалзуулдаг шигээ хөдөлмөр эрхлэлтийг бүхий л талаар дэмжиж, иргэн бүр орлогын эх үүсвэртэй байх нөхцөл бүрдэхүйцээр нийгэм, эдийн засаг, бизнесийн харилцаа, тогтолцоонд өөрчлөлт гаргахуйц санал, санаачилгыг Засгийн газартаа өргөн барьж юу чаддагаа тус яамныхан харуулах өдөр ирэх буй за.