Өчигдөр орой Соёлын яам, "Хүүхдийн төлөө фонд" ТББ хамтарч "Бүхнийг хүүхдийн төлөө" хандивын тоглолт зохион байгуулсанд иргэд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Дээрх ТББ нь 14 хоногийн өмнө байгуулагдсан бөгөөд хувь эзэмшигчид нь Херо Баатар, Соёлын дэд сайд М.Батбаяр нар ажээ. Цугларсан мөнгө хүүхдийн төлөө бүрэн зориулагдаж, зарцуулагдаж чадах уу гэдэгт олон нийт эргэлзэж бас шүүмжилж байна.
Энэхүү хандивын тоглолтын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ.
Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгож. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар Төрийн бус байгууллага байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ Төрийн бус байгууллагад өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино.УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компанууд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа.
Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларнаа. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа.
Манай улсад 21 мянган Төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан ширхэг нь байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байгаа гэхүүдээ. Ер нь бол манай улс саарал жагсаалтанд орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байнаа гэдэг асуудлаас болсон юм байгаа юм шдээ" гэжээ.