Сүүлийн 24 цагийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 130 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 97 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 31-ний 23.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид хотхоны хойд талын замд Toyota crown маркийн суудлын автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөж, осол гаргажээ. Ослын улмаас зорчигч 14 настай эрэгтэй О амиа алдав.
Автомашины жолооч болох 21 настай эрэгтэй О согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж эх сурвалж хэллээ.
Мөн өнгөрсөн шөнө хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Энэхүү мэдээг сэрэмжлүүлэх зорилгоор нийтэлсэн болно