Монголчууд өвөл мах түлхүү хэрэглэдэг. Гэхдээ цаг үетэйгээ, бас үнэ ханштай холбоотойгоор махны хэрэглээгээ багасгах нь зөв шийдэл гэж олон хүн түүнийг орлуулах бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэх болжээ. Махыг буурцаг, шошнууд орлох боломжтойг олон орны эрдэмтэд хэдийн баталсан. Тэгэхээр энэ удаа хар шошны талаар танилцуулъя.
100 грамм нь 340 ккал илчлэгтэй, натри, кали, нүүрсус, магни, уураг ихээр агуулдаг, төмөр, А, Д, В-гийн төрлийн, Е, К, РР аминдэмээр баялаг гээд хар шош олон “гуншинтай”. Мексикийн хэмээн “төрсөн” нутгаараа овоглодог эл шошийг хар яст мэлхий гэх нь түгээмэл.
Шошны төрлөөс ашиг шимээрээ тэргүүлэгчдийн эгнээнд бичигддэг бөгөөд өдөрт тогтмол нэг жижиг аягаар идсэнээр хоногт авах ёстой ислэгээр хангагдана. Нэг аяга хар яст мэлхийнд ислэг, уураг тус бүр 15 гр агуулагддаг аж. Фолийн хүчлийн агууламж өндөр учраас цусны улаан эсийн нөхөн төлжилтөд сайнаар нөлөөлнө. Энэ төрлийн шошийг биеийн жингээ зохист хэмжээнд нь барихад зориулсан олон янзын дэглэмд ашигладаг. Зүрхний өвчин болон зарим хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг Америкийн эрдэмтэд нотолсон байдаг. Бусад буурцгийн адил хар шош, тэсвэртэй цардуул агуулдаг. Энэ нь нүүрсус нь глюкоз болон хувирч, гэдсэнд шимэгддэг гэсэн үг. Тэсвэртэй цардуул нь инсулин дааврын ялгаруулалтад эерэг нөлөөтэй.
Шошийг маш сайн угааж хэрэглэх ёстой. Эхлээд бүлээн усаар угааж, зайлна. Дараа нь хүйтэн усанд 2-5 минут болгоод, нэг удаа буцалгаад зуухан дээрээс авч таглаатай хоёр цаг байлгана. Үүний дараа усыг нь сэлгээд хөргөгчид 6-8 цаг байлгасны эцэст чанаж, боловсруулах нь хамгийн зөв арга гэнэ. Эс бөгөөс ганц, хоёр зайлаад л чанах нь ашиг шимийг бууруулдаг муу талтай аж. Олон цаг дэвтээсэн шошийг дунд зэрэг, түүнээс бага галаар 1-1.5 цаг чанах, жигнэх ёстой. Чанах явцад хөөсийг нь хамна. Шошийг хэт зөөлөн болгож, бутлахгүйн тулд нимбэгний шүүс бага зэргийг хийж чанавал биеждэг болохыг судлаачид зөвлөжээ. Ингэж болгосон шошийг хачраас гадна зутан шөлөнд хэрэглэнэ. Вандуй, шошны олон төрлийг 12 хүртэл сарын хугацаанд хуурай, харанхуй газарт хадгалах заавартай. Болгосон тохиолдолд хөргөгчид хадгалах бөгөөд гурваас олон хонуулах дэмий.
Сонирхуулахад, шошны өнгө гүн хар байх тусам антиоксидант чнар нь өндөр байдгийг судлаачид тэмдэглэжээ. Хүн, амьтны эд, эрхтэнтэй адилхан хэлбэртэй жимс, ногоонууд бий. Тэдгээр нь тухайн эрхтэндээ сайн гэдэг. Тэгэхээр хар яст мэлхий бөөрөнд сайн. Өндгөвчинд ч тустай хэмээдэг.
Бэлтгэсэн: Ж.Хаан