УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцэх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 09.30 цагт эхэллээ. Уг хэрэгт дээрх хоёр албан тушаалтнаас гадна О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарыг буруутгаж билээ. Хурал эхлэхэд зарим шүүгдэгчийн өмгөөлөгч нар оролцогчдын ирцтэй холбоотойгоор шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй юм. Төдөлгүй шүүгдэгч нар улсын яллагч, иргэдийн төлөөлөгч зэрэг хүнийг татгалзан гаргах тухай санал гаргасан ч, мөн л шүүх бүрэлдэхүүн хүлээн авалгүй хурлаа үргэлжлүүлэхээр болсон.
Энэ мэт элдэв хүсэлт гаргасаар шүүхийн хэлэлцүүлэг 14.00 цагт эхэлж, улсын яллагч нар шүүгдэгч есөн хүнийг буруутгаж буй яллах дүгнэлтээ уншиж сонсгосон юм. Улмаар шүүгдэгч нарын биеийн байцаалттай танилцах болоход өмгөөлөх болон яллах талынхан хурлыг 17-ны 09.00 цаг хүртэл завсарлуулах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм.
Өмнөх шүүх хурлын үеэр улсын яллагч нар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр уг хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан ч нийт шүүгч нь хэлэлцэн зөвлөлдөхөөр тодорхойгүй хугацаагаар хурлаа хойшлуулсан юм. Шүүгчдийн зөвлөгөөнөөр прокурорын татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн учраас хурал товлон өчигдөр ийнхүү хэлэлцүүлэг нь эхэлсэн. Хурал өнөөдөр үргэлжлэх ч хараахан шийтгэх, цагаатгах тогтоолоо гаргаж амжихгүй бололтой.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Оюутолгойн ордыг ашиглах гэрээнүүдийг байгуулахдаа албан тушаалаа урвуулж, өөрсдөдөө болон бусдад давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийг тав дахь өдрөө үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өчигдрийн хурлаар нотлох баримт шинжлэн судалсан ч хараахан дууссангүй. Өнөөдөр 09.00 цагаас шүүхийн хэлэлцүүлэг үргэлжлэх аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа