Барууны адал явдалт киног дуурайн, хүн, хүүхэд барьцаалсан хэрэг үе үе гарч, өөрөөс нь болон ар гэрийнхнээс нь мөнгө нэхэх тохиолдол олныг цочирдуулдаг. Цагдаа, хууль сахиулах байгууллагынхан энэ бүхэнд өндөр ур чадвар гарган гэмт этгээдүүдийг олж, барьцаанд байсан иргэдээ эсэн мэнд салган авч, буруутнуудад нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсээр ирсэн. Зарим жишээг энд эш татъя.
2012 оны арванхоёрдугаар сарын 18. Дархан-Уул аймгийн IX сургуулийн гуравдугаар ангийн сурагч хүүг барьцаалж, ЗДТГ-т ажилладаг эцэг эхээс нь 100 сая төгрөг нэхсэн юм. Цагдаагийнхан гэмт этгээдийг олж тогтоохын тулд мөнгө нэхсэн дугаарыг нь шалгахаар тус аймаг дахь үүрэн холбооны салбарт хандахад туслаагүй бөгөөд хоёр хоногийн дараа хүүг гэмт этгээд сургуулийнх нь ойролцоо аваачин “50 тоолоод эргэж харалгүй гүй” гэснээр барьцаанаас суллагдсан байдаг. Дархан-Уул аймгийн, Л.Гансүх эзэнтэй “ТВ-12” телевизийн захирлаар ажиллаж байсан Г.Энх-Од гэх залуу телевизийнхээ 52.1 сая төгрөгийг завшсаныгаа нөхөхийн тулд ийм хэрэг үйлдсэн бөгөөд барьцааны хүнээ сайн дураар явуулсан хэмээн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож байв.
2014 оны тавдугаар сарын 7. Хан-Уул дүүргийн нутагт, Биокомбинатын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг Мод үржүүлгийн газарт нэгэн этгээд хүний амь бүрэлгэж, тэнд дадлага хийж байсан 10 оюутныг барьцаалж байв. Мод үржүүлгийн газрын гурван хүн ажлынхаа байранд архидаж, 1989 онд төрсөн М нь нэгнийхээ аминд хүрсэн юм. Улмаар тэнд дадлага хийж байсан МСҮТ-ийн оюутан, 16-17 насны 10 хүүхдэд хутга тулган барьцаалсан билээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн ажилтнууд мэргэжлийн ур чадвар гарган барьцаалагч этгээдтэй ярилцсанаар долоон эмэгтэй, гурван эрэгтэй хүүхдийг түүний барьцаанаас эрсдэлгүй сулласан. Уг хэргийн холбогдогч М-д шүүхээс хуулийн хариуцлага хүлээлгэсэн юм.
2016 оны арванхоёрдугаар сарын 21. Баянгол дүүргийн нутагт 16 настай хүүд хутга тулган барьцаалж, ааваас нь 80 сая төгрөг нэхсэн хэрэг гарсан юм. Уг хэргийг үйлдсэн 1992 онд төрсөн М гэх эр хүүгийн аав руу утасдаж, “3-4 цагийн дотор 80 сая төгрөг өгөхгүй бол хүү чинь үхнэ” хэмээн сүрдүүлсэн. Уг хэргийг тус дүүргийн шүүхэд хэлэлцээд долоон жил хорих ял шийтгэсэн билээ.
Энэ бүхнийг нуршсаны учир нь насанд хүрээгүй хүүхдүүдийг барьцаалж ар гэрийнхэн болон хууль сахиулах байгууллагынхнаас элдэв зүйл шаардсаныг тодотгох гэснийх. Тэгвэл өнгөрсөн онд Ховд аймагт компанийн захирлыг хулгайлж, барьцаалан гурван ч аймгийн нутаг дамжуулан сүрдүүлэн авч явсан хэрэг гарч, олныг цочирдуулж байв. Уг хэрэг чухам ямар учир шалтгаантай байсныг уншигчдад хүргэж, энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлэхийг сануулах гэсэн юм.
“Д.СУРМААЖАВЫГ ХУДЛАА ХЭЛДЭГ БОЛОХООР НЬ АЙЛГАЖ ЮМАА АВАХЫГ БОДСОН”
2019 оны аравдугаар сарын 19-ний бямба гараг. Намрын оготор шар нар хөөрөөд удаагүй байхад Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станц, Увс аймаг дахь Хар тарвагатайн нүүрсний уурхайн захирал Д.Сурмаажав ажил руугаа “Ланд круйзер-105” машинаа жолоодон явж байтал араас нь нэг суудлын тэрэг ирээд мөргөчихөв. Ослын дохиогоо асаан машинаасаа буугаад мөргөсөн тээврийн хэрэгсэл рүү яваад очтол дотроос нь бууж ирсэн залуус хутга тулган өөрсдийнхөө унаанд суухыг шаардсан байна. Ингээд нэг нь түүний машиныг жолоодон Ховдын төв Жаргалант сумаас Увс аймаг орох замаар цуван хурдлах нь тэр. Тухайн өдрийн 12.00 цагийн үед ар гэрийнхэн нь Ховд аймгийн Цагдаагийн газарт хандаж, “Утас нь холбогдохгүй, ажил дээрээ байхгүй, гэртээ ирсэнгүй” гэснээр хууль сахиулагчид хяналтын камертаа бичигдсэн “Ланд круйзер-105” маркийн машины хөдөлгөөнийг шалгахад дээрх үйл явдал болж, аймгийн төвөөс гарч яваа нь үлджээ. Энэ болсон явдлын талаар хэрэгтнүүд мэдүүлэхдээ “Бид машиныхаа хойд хаалгыг онгойлгоод Д.Сурмаажавыг суучих гээд татахад суухгүй гэж эсэргүүцсэн. Улмаар “Намайг аллаа” хэмээн орилоод байхаар нь “Хурдан суу, суухгүй бол хохь чинь шүү” гээд авч явсан хүрэн иштэй хутгаа харуулсан юм. Энэ үед О.Түвшинтөгс гараас нь татан машинд оруулж, Б.Ганбат толгойг нь, У.Өсөхбаяр хөлийг нь дарсан. Тэгээд О.Түвшинтөгс Д.Сурмаажавын машиныг жолоодон араас дагаад явлаа. Тэр үед Д.Сурмаажав орилоод байхаар нь дуугүй болгох гээд У.Өсөхбаяр жижиг халив (отверток)-аар гуя руу нь чичсэн. Замд явж байхдаа Д.Сурмаажавын гар, хөлийг уясан” хэмээн ярьжээ. Тэд ийн явах замдаа Увс аймгийн Өлгий сумын нутагт цайны газарт хооллоод, 15.00 цагийн үед Улаангомд очсон байна. Ингээд нэгнийхээ эгчийнд түр буудаллаад, барьцааныхаа хүнд эмийн сангаас өвчин намдаах эм авхуулж өгчээ. 17.00 цагийн үед Д.Сурмаажавын банкны картнаас гурав болон хоёр сая төгрөг хэдхэн минутын зайтай авсан байна. Түүнийг барьцаалах үед хэтэвчинд нь 630 000 төгрөг байсан бөгөөд нийт 5.6 саяыг нь барьцаалагч нар дээрэмдсэн аж. Улмаар Завхан аймгийн Сонгино сумаар дайрч, нийслэлийг зорьж яваад цагдаагийнханд баригдсан юм. Энэ хэргийг Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр сумын харьяат, 55 настай Г.Баттулга, 19-тэй Б.Ганбат, У.Өсөхбаяр, 17 настай О.Түвшинтөгс нар үйлджээ.
Гол зохион байгуулагч, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад бизнес эрхлэхээр нэлээд эрт халагдсан Г.Баттулга мэдүүлэгтээ “Д.Сурмаажав бидний хооронд залуу цагийн, ажил, албан тушаалтай байх үедээ бие биедээ харилцан тусалсан асуудал бий. Энэ нь бидний л хоорондын явдал. Бидний дунд 1990-ээд оны үеийн өгөө аваа байдаг юм. Бид нэгнээ 1980-аад оны үеэс мэддэг болсон бөгөөд намайг 1992 онд ЦЕГ-ын Эдийн засгийн албанд ажиллаж байхад Д.Сурмаажав хилээр зэс гаргадаг байлаа. Залуудаа бие биедээ дэм тус болж явсан улс. Д.Сурмаажав жаахан худлаа хэлдэг зантай болохоор айлгаж байгаад л авах ёстой юмаа авъя гэж бодсон юм. Бид хамтраад хилээр зэс гаргаж, уурхай байгуулан ажиллаж байхдаа найз нөхөд байсан. Түүгээр ч зогсохгүй бууны наймаа ч хийж явлаа. Авсан буунуудаа буцаагаад өгчих гээд, хаана байгааг нь мэдэхийг хүссэн. Тэгэхэд “Макаров” гар буу нь Улаанбаатар хотод буудлагын холбооны Наранмандах гэдэг хүнд заруулахаар өгсөн, “ТОЗ-8” болон АКА-г нь Увс аймгийн уяачдын холбооны тэргүүн Төгсөөд шатахууны өрөнд өгсөн, “Сайга”-г Увс аймгийн барилгын компанийн Тэсхүү гэдэг хүнд уурхай дээрээ барилга бариулаад төлбөрт өгсөн” гэж хэлж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ гурван хүүхдэд хаашаа, ямар ажлаар явж байгаагаа, хөлс мөнгө өгөх талаар ярьж тохиролцсон зүйл байхгүй. Тэдэнд би “Нэг найзаасаа авлагатай. Тэр найз минь их баян хүн. Би мөнгөө авбал дүү нарт гар татахгүй” гэж хэлсэн. Хэдэн төгрөг авах талаар хэлээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” хэмээн өгүүлжээ.
ХЭРХЭН БАРЬЦААЛАХАА ТӨЛӨВЛӨН САХИЖ ХОНОЖЭЭ
Г.Баттулга хотоос гарахынхаа өмнө эхлээд Дорнод аймаг руу явна хэмээн ярьж байж. Залуусын нэг хотоос гарахынх нь өмнөхөн Бор-Өндөрөөс ирж, шууд л машинд нь суугаад хөдөлжээ. Гэвч Г.Баттулга анх ярьж байсан зүүн хязгаарын Дорнод руу бус, эсрэг зүгт, баруун хилийн Увс, Ховдыг зорьсон байна. Тэрбээр эхлээд Б.Ганбат, О.Түвшинтөгс нарт “Ах нь хүнээс мөнгө авахаар Дорнод аймаг руу явна, та хоёр хамт яваад ирэх үү. Тэр хүнээс мөнгөө авчихвал та нарт мөнгө өгнө” гэсэн аж. Тэгэхэд дээрх хоёр залуу зөвшөөрсөн агаад өглөө эрт гарахаар төлөвлөсөн ч У.Өсөхбаяраас шалтгаалж үдээс оройхон замд гарсан гэнэ. Ингээд тэд Увс аймгийн төвд очиж амарцгаажээ. 2019 оны аравдугаар сарын 18-ны үдээс хойш нь Г.Баттулга дагуулж явсан залуустаа хандан “Хэдүүлээ Ховд аймаг явахаар боллоо. Замдаа та нар гар утсаараа интернэтэд битгий ороорой. 01-19 гэсэн дугаартай “Ланд круйзер” харж яваарай” хэмээн захижээ. 20.00 цагийн үед Ховд аймгийн төвд ирээд Дулааны цахилгаан станц руу нь очтол дээрх машин нь байж таарав. Тэндээсээ нэгэн зочид буудлын гадаа очиж зогсоод Г.Баттулга “Машины эзэн энд буудалладаг юм” гэснээс хойш удалгүй тэр “Ланд круйзер” хүрч иржээ. Тэд ч зогсоолынх нь ойролцоо очоод машиндаа сахиж хоноцгоосон байна. Ингэж хонохдоо Г.Баттулга О.Түв
шинтөгсөд хандан “Чи маргааш өглөө тэр машиныг мөргөж зогсооно шүү. Тэгэхгүй бол эзэн нь надтай уулзахгүй зугтаад байгаа юм” гэжээ. Өглөөний 07.00 цагт босоцгоогоод Дулааны цахилгаан станц руу эргэх уулзварт хүлээн зогссон аж. Ингээд машиныг нь шүргэж зогсоогоод Д.Сурмаажавыг бууж ирмэгц нь хүчээр машиндаа суулган авч явжээ. Энэ хооронд Д.Сурмаажав “Би машинд чинь суухгүй. Тээврийн хэрэгслийн чинь хохирлыг төлж, шинэ машин аваад өгье” гэж байв. Харин Г.Баттулга “Тийм юм байхгүй, машинд сууж байгаад тухтай ярилцъя” гэхэд хохирогч эсэргүүцээд “Амь авраарай, туслаарай” гэж орилсон гэнэ. Энэ үед Г.Баттулга түүнд хандан “Дуугүй байхгүй бол бие дээр чинь үсэг сийлнэ шүү” гээд өмдийг нь урсан байна. Мөн хутгаараа айлгаж байсан бөгөөд Д.Сурмаажав “Та нар яах гээд байгаа юм бэ” гэхэд нь Г.Баттулга “Чи бид хоёрын дунд ярих юм байгаа байх аа. Бид хоёрын дунд тооцоо байгаа биз дээ” гэж. “Бидний дундах тооцоо дуусаагүй бил үү” хэмээн Д.Сурмаажавыг асуухад “Дуусаагүй, дуугүй яв. Очиж байгаад ярилцъя” гээд цаашаа давхицгаажээ.
Ингээд явж байтал араас нь цагаан жийптэй хүмүүс нэхэж. Гэтэл Г.Баттулга машинаа замаас гаргаж зогсоогоод нэхэгчдийг хүлээхдээ “Болохгүй бол тэднийг хөнөөчихье. Нэг амьдрахаас хойш” гээд машиныг нь мөргөж замын хажуу руу унагах, тээврийн хэрэгсэлд байгаа, нэхэгч хоёр хүнийг хөнөөн галдах талаар төлөвлөгөө боловсруулсан гэнэ. Азаар нэхэгч хоёр гүйцэж ирээгүй тул Улаанбаатарыг чиглэн Завхан аймгийн Сонгино сумаас шатахуун нэмж авахаар ярилцан хурдалжээ. Тус сумын ойролцоо орж иртэл цагдаагийн хяналтын цэг гарч, тэнд байсан алба хаагч тэдэнд хандан “Бүгдээрээ бууж ирээд бичиг баримтаа шалгуулна уу” гээд ажлын байр луугаа дагуулан орсон байна. Ингээд хүн барьцаалсан гэмт этгээдүүдийг ямар нэг эрсдэлгүй саатуулан, Ховд аймгийн Цагдаагийн газрынханд хүлээлгэн өгчээ.
Д.СУРМААЖАВ: БИ Г.БАТТУЛГААС ХОЁР БУУ АВЧ БАЙСАН
Хохирогч, Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станц, Увс аймаг дахь Хар тарвагатайн нүүрсний уурхайн захирал Д.Сурмаажав цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ “Намайг машиныхаа суудлын голоор дээшээ харуулан чихэж хэвтүүлээд хөдөлсөн. Миний хоёр талд суусан залуус гартаа хутга барьчихсан байв. Тэднээс яагаад ингэж байгааг асуухад нэг нь “Бид чамаас мөнгө авна, хоёрдугаарт чамтай тохирох яриа бий” гэлээ. Увс аймгийг чиглэн явж байхдаа миний халаасанд байсан бэлэн мөнгийг авсан. 630 мянган төгрөг байсныг тэднийг тоолж байхад нь мэдсэн. Увсаас гараад шөнө болсон хойно Завхан аймгийн Сонгино сумд ирж, цагдаагийн алба хаагч биднийг зогсоогоод бичиг баримтаа шалгуулахыг шаардав. Тухайн үед Г.Баттулга машинаас буухын өмнө “Хаашаа явж байгааг асуувал ах, дүү нартайгаа Тосонцэнгэл орж бариачид бариулна” гэж хэлээрэй гэлээ. Би ч түүнийх нь дагуу хэлнэ гэдгээ амласан. Г.Баттулгыг 20 жилийн өмнөөс танина. Миний ахтай хамт Москвад сурч байхад нь таньдаг болсон юм. Түүнээс хойш 2-3 удаа тааралдаж байлаа. Хамгийн сүүлд 20 жилийн өмнө Улаанбаатар хотод таарсан. Би Г.Баттулгаас “Сайга” болон автомат калибр буу 1996-1997 оны хооронд худалдаж авч байсан нь үнэн. Тэр үед уг хоёр бууг тус бүрийг нь 500 мянган төгрөгөөр худалдан авахдаа бэлэн мөнгө төлсөн. Бидний дунд ямар нэг өш хонзон, өр авлага байхгүй” гэж ярьжээ.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх уг хэргийг энэ оны тавдугаар сарын 5-нд хэлэлцээд Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр нарыг Д.Сурмаажавт хүч хэрэглэн эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 5 630 000 төгрөгийг нь дээрэмдсэн, 18 насанд хүрээгүй О.Түвшинтөгсийг хууран мэхэлж, гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэм буруутайд тооцон Г.Баттулгад найм, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт тус бүр зургаан жил хорих ял нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүх хурлын үеэр шүүгдэгч нар хохирогчид учруулсан 5 630 000 төгрөгөөсөө төлөөгүй үлдсэн 280 000-ыг төлж барагдуулсан аж. Хохирогч Д.Сурмаажав гэм хорын хохирол хэмээн тэднээс 27.5 саяыг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нараас 1 097 290 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа