Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олны анхаарал татсан хоёр ч хэргийг өчигдөр товлосноо хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон ч тангаргаа өргөөгүй байгаа Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулах хэргийг хэлэлцэв. Хурал эхлэхэд шинээр Д.Батсүхийг өмгөөлөгч авч, хавтаст хэрэгтэй танилцуулах боломжоор хангах, Б.Отгонбаатарын эрүүл мэндийн шалтгааныг харгалзан шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Харин улсын яллагч нар “Хэрэг тавдугаар сарын 15-нд шүүхэд шилжиж ирснээс хойш өмгөөлөгчөө солих, өөрсдөө хуралд ирэхгүй байх зэрэг янз бүрийн шалтгаар, удаа дараа хурал хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болгож байна. Тиймээс хурлыг үргэлжлүүлж, өмгөөлөгчгүйгээр хийх боломжтой” гэсэн саналаа илэрхийлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэж заажээ. Хурал даргалж буй шүүгч Х.Идэр өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, үргэлжлүүлэхээр болсон юм. Энэ үед өмгөөлөгч Д.Батсүх Ж.Эрдэнэбатын эрх ашгийг хамгаалах боломжгүй нөхцөл байдал бий боллоо. Хавтаст хэрэгтэй танилцаагүй байж түүнд үйлчлэх боломжгүй хэмээн хурлын танхимыг орхисон юм. Энэ үед Ж.Эрдэнэбат өөр нэг өмгөөлөгчтэйгөө зөвлөн шүүгчээс татгалзсан ч Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч түүнийг нь хүлээн аваагүй. Тэгтэл дээрх шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй хэмээн шүүхээс татгалзах санал гаргасныг нийт шүүгч нь хэлэлцээд бас хүлээн авалгүй хурлыг үргэлжлүүлэхээр боллоо. Энэ үед шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэнд муудсан гэх шалтгаанаар Түргэн тусламж дуудсан бөгөөд биеийн байдлыг нь үзэж хурлыг үргэлжлүүлэх боломжтой гэсний дараа шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэн юм. Ингээд шүүгдэгч таван хүний биеийн байцаалттай танилцаж, улсын яллагч нар яллах дүгнэлтээ уншиж танилцуулснаар өчигдрийн хурал завсарлав.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулсан, мөрдөн шалгах ажиллагаанд хуурамч мэдүүлэг өгсөн гэх хэрэгт холбогдсон Н.Номтойбаяр нарын 10 хүний гэм буруутай, эсэхийг өчигдөр 14.00 цагт хэлэлцэж эхэллээ. Тэдэнд холбогдох 21 хавтастай хэргийг тавдугаар сарын 8-нд хүлээн авсан бөгөөд шүүгдэгч Н.Номтойбаяр шинэ өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулж, хэргийн материалтай танилцахын тулд хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэгтэй яг адилхан үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзав. Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хурлыг өмнө нь гурван удаа хойшлуулсан боловч өчигдөр дахин шинээр өмгөөлөгч авч, шүүх хурлыг хойшлуулах гэсэн нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй гэж үзээд хурлыг үргэлжлүүлэв.
Өмгөөлөгчгүйгээр хурлыг үргэлжлүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчиж буй явдал гэж зарим хүн үзэж буй ч өмгөөлүүлэх эрхээр нь хангасаар байтал санаатай ийм үйлдэл гаргасан нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах болон хяналтын шатны шүүх үзсэн тохиолдол нэг бус. Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэгт буруутгагдсан цагдаагийн нэг офицер өмгөөлөгчөө удаа дараа сольж, шинээр авч байсан ч гурван шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ процессын алдаа гэж үзээгүй билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа