-Зам, тээврийн сайд асан Д.Ганбатыг хорих санал гаргалаа-
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцаанаас Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтнуудын хамаарал бүхий “Монголын зэс” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэх хэрэгт буруутгагдсан төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10.00 цагт хэлэлцэхээр товлоод байв. Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор, Зам, тээврийн сайдаар тухайн үед ажилласан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нараас гадна Д.Ганбатын хээл хахууль авсан хэрэгт хамтран оролцсон ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, эрх бүхий албан тушаалтнууд болох Х.Минжбадам, Н.Санжаадорж нар шүүгдэгчийн ширээнд сууж буй билээ. Шүүгч Д.Дарьсүрэн даргалж, З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцэх хурал эхэлж, ирц танилцуулахад хуралд оролцуулахаар дуудсан шинжээч Сэлэнгэ, Саранхүү ирээгүй байв. Тиймээс шүүгдэгч дээрх долоон хүний өмгөөлөгч нар хурлыг хойшлуулж, шинжээчийг албадан ирүүлэх хүсэлт гаргалаа. Түүнчлэн Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан, улс төрд нөлөө бүхий албан тушаалаа урвуулсан болон бусдаас хээл хахууль авсан хэрэгт яллагдагчаар тооцогдоод буй Д.Ганбатын өмгөөлөгч М.Баасанбат түүнийг өмгөөлөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн түүний эрх ашгийг хамгаалахаар өмгөөлөгч С.Амар гэрээ байгуулан хуралд оролцохоор ирж, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргав. Харин улсын яллагчаар оролцож буй НПГ-ын хяналтын прокурорууд “Шүүгдэгч Д.Ганбат болон тэдний өмгөөлөгч нарын зүгээс янз бүрийн шалтгаанаар удаа дараа шүүх хурал хойшлуулж байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хориулах саналтай байна” гэдгээ илэрхийллээ. Ингээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүх хурлыг долдугаар сарын 27-ны 10.00 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв. Мөн шүүгдэгч дээрх долоон хүнд өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шинжээч Сэлэнгэ, Саранхүү нарыг албадан ирүүлэх захирамж гаргахаар болсон юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш оролцогчдоос гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх хурлыг хоёр дахь удаагаа хойшлуулж буй нь энэ юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа