Эцэг, эхийн хайхрамжгүй байдлын улмаас зам, тээврийн ослоор хүүхэд эндэх тохиолдол гарсаар байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Н.Шинэбаатараас энэ талаар тодруулахад:
-Өнгөрсөн баасан, бямба гарагт зам, тээврийн ослоор дөрвөн хүн нас барж, найман иргэн гэмтсэн. Хүн эндсэн ослын гурав нь орон нутагт бүртгэгдлээ. Долоон настай охин харгалзах хүнгүй, гэрийнхээ ойролцоо явж байхад нь автомашины жолооч мөргөж, аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн X хорооны нутаг, 44 байрны хойд замд долоон настай охин зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн. Тэрбээр ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд зам, тээврийн ослоор 150 хүн эндсэний 30 нь хүүхэд. Мотоциклтойгоо онхолдож 46 хүн амиа алдсан бол 25 хүн явганаар зорчихдоо энджээ.
-Хүүхдүүд авто зам дээр бус, гэр, хашааныхаа орчимд машинд дайруулж нас барах тохиолдол цөөнгүй гарах болов. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Нас барсан 30 хүүхдийн 12 нь нийтийн авто зам дээр бус, гэрийнхээ хашаа, эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргүүлж, дайруулж амиа алдсан. Ийм хэргийн 90 орчим хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Хашаа, байшин, орон сууцын хорооллын дунд машинаа хөдөлгөхөөсөө өмнө жолооч нар заавал тойрч үзээрэй.