Ардчилсан нам хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Сонгуулийн дүнгээс үүдэж, тус намынхны дотор шинэчлэлийн асуудал эрчимтэй яригдаж эхлэв. Мөн тус намын дарга С.Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Энэ талаар тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ: Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам төлөвлөж байсан үр дүндээ хүрч чадсангүй. Тиймээс би намын дүрмийн дагуу албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Манай нам 11 суудал авлаа. Бусад нам, бие даагчдаас гурван хүн гарсан байна. Үүнээс харахад төлөөллийн зарчим гэдэг зүйл хангагдахгүй байгаа учир сонгуулийн хууль дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ардчиллын төлөөх намууд нэгдэж, бодлогын хэмжээний улс төрийн хүчин болж ажиллах нь чухал байна. Энэ сонгуульд намаа толгойлж орсон хүний хувьд надад алдаа оноо их байсан. Нөхөдтэйгээ зөвшилцөж шийдвэргээ гаргаж байсан ч бууруу шийдвэрүүл байсныг үгүйсгэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж чадаагүй нь ялагдлын нэг шалтгаан болсон. Мөн идэхвтэй ажиллаж чадаагүй, сонгогчдынхоо итгэлийг хүлээж чадсангүй. Тиймээс АН-ын даргын хувьд сонгогчдоосоо хүлцэл хүсч байна. Бид цаашдаа сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн улс төрийн хүчин болж ажиллах болно. Мөн намынхаа журмын нөхдөөсөө уучлалт хүсч байна. Би намын даргаасаа огцрох өргөдлөө холбогдох хүмүүст өгсөн. Тамга тэмдгээ дэд дарга Ц.Туваанд гардуулж байна" гэлээ.