Маргааш монголчууд бүх нийтээрээ УИХ дахь төрийн төлөөллөө сонгох гэж байна. Манай сайт сонгогч таны мэдээлэлд нэмэр болох үүднээс саналын хуудас хэрхэн бөглөх болон сонгууль өгөхөөр очихдоо танд ямар бичиг баримт хэрэгтэй талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
- УИХ-ын сонгууль маргааш буюу зургадугаар сарын 24-ний өглөөний 07 цагаас оройн 22 цаг хүртэл явагдана. Энэ өдөр бүх нийтээр амарна.
- Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэрэг үйл ажиллагааг хориглоно.
САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?
Юун түрүүнд сонгогч та ЭНД дарж, нэвтрэн регистрийн дугаараа оруулж харьяа тойргийнхоо санал хураах байршлын хаяг болон оршин суугаа хаяг, хэсгийн мэдээллээ хараарай.
- Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа хүлээн авна. Саналаа хуудсаа хүлээн авсан сонгогчид саналын хуудас өгнө.
- Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
- Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэгээг хийнэ.
- Сонгогч дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
САНАЛЫН ХУУДАСНЫ ЗАГВАР
- Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.
- Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог.
- Итгэмжилсэн иргэн нь хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглоно.
- Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, улс төрийн албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.
Бяцхан сануулга: Санал авах байрны доторх хүн хоорондын зайг 1,5 метрээс доошгүй байхаар заасан тул та хүн хоорондын зайг баримтлаарай. Мөн амны хаалтаа зүүж очихоо мартуузай.
Эцэст нь хэлэхэд, сонгогч та хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа чөлөөтэй илэрхийлж, итгэл үнэмшлээрээ саналаа өгөөрэй. Таны сонголт бидний ирээдүй, улс орны хувь заяаг тодорхойлно гэдгийг санаж, хариуцлагатай сонголт хийгээрэй хэмээн уриалж байна.