Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг бэлджээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг Бямба гарагт /2020.06.20/ мэдээлэв. Энэхүү хууль эрх зүйн акт нь БНХАУ-ын Төв засгийн газарт харьяалагдаж, холбогдох үүргийг гүйцэтгэдэг Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хороо байгуулахыг Хонконгийн эрх баригчдад үүрэг болгожээ. Хорооны даргын албан тушаалыг Хонконгийн засаг захиргааны тэргүүн хаших аж. Мөн тус хорооны бүрэлдэхүүнд сангийн сайд, хууль зүй сайд, цагдаагийн комиссар, цагаачлалын албаны дарга, гаалийн албаны дарга, цагдаагийн газрын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нарийн бичгийн дарга нар багтах юм байна. Түүнчлэн хороонд засаг захиргааны онцгой бүс болон үндэсний байгууллагуудын эрх баригчдын үйл ажиллагааг уялдуулж байдаг зөвлөхийн албан тушаал байх бөгөөд тэрхүү албан тушаалтныг БНХАУ-ын төв Засгийн газраас томилох аж. Хонконгийн цагдаагийн газар үндэсний аюулгүй байдлын хүрээнд хууль сахиулах тусгай анги байгуулна. Мөн Хонконгийн Хууль зүйн яамны бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж, хууль зөрчиж буйтай холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцах газрыг бий болгох аж. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 19 дүгээр хуралдаан энэ сарын 18-наас 20-ны хооронд болжээ. Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд багтаагүй байсан боловч Синьхуа агентлагийн мэдээлснээр 6-р сарын 18-нд хурал нээлтээ хийхээс өмнөхөн хэлэх асуудалд дээрх хуулийн төсөл орсон байжээ. Хууль тогтоогчид үндэсний аюулгүй байдалд аюул учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх 4 төрлийн гэмт хэргийн нарийн тодорхойлолтыг оруулжээ. Үүнд салан тусгаарлах үзэл, төрийн эрх мэдлийг гутаах, террорист үйл ажиллагаа явуулах, гаднын улс эсвэл хүчинтэй үгсэн тохиролцох хэргүүд багтсан байна. 5-р сарын 28-нд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулах тогтоолыг баталсан юм. АНУ энэхүү шийдвэрийг засаг захиргааны онцгой бүсийн бие даасан статусыг зөрчсөн гэж үзэж, хориг арга хэмжээ авахаа амласан билээ. 5-р сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хонконгод үзүүлж байсан худалдаа, эдийн засгийн бүх хөнгөлөлт болон давуу эрхийг Америкийн тал цуцлахаар болсныг мэдэгджээ.