Энэтхэгийн тал энэ сарын 15-16-ний өдрүүдэд Зүүн Латакийн Галваны хөндийд болсон мөргөлдөөний үеэр олзолсон хэсэг цэргүүдийг Хятад улсад хүлээлгэн өгчээ. Энэ тухай “The Аsian Age” хэвлэл албаны эх сурвалжийг дурдан мэдээлэв. Суллагдсан хятад цэргүүдийн тоо тодорхойгүй байна. Пүрэв гарагт хоёр улсын цэргийн төлөөлөгчид хэлэлцээ хийсний дараа Хятадын тал олзолсон 10 цэргийг Энэтхэгт шилжүүлсэн бөгөөд үүний дотор дөрвөн офицер байсан гэнэ. Бямба гарагт Энэтхэгийн Гадаад хэргийн яам Галваны хөндийг эзэмших Хятадын санаархлыг эрс няцаасан байна. "Зүүн Латак дахь хяналтын шугамыг (хилийн бүс) эзэмших гэсэн Хятад улсын санаархал нь байж боломгүй зүйл юм. Хятадын тал хилийн бүсэд энх тайван, тайван байдлыг хангах үүднээс хоёр улсын гадаад хэргийн сайд нарын хооронд байгуулсан тохиролцоог чин сэтгэлээсээ дагаж мөрдөхийг Энэтхэг улс хүлээж байна" гэж тус байгууллага онцолжээ