Даваа гарагаас Мягмар гарагт шилжих шөнө Энэтхэг-Хятадын хил дээр мөргөлдөөн гарч Энэтхэгийн 20 цэргийн албан хаагч амиа алджээ. Энэ тухай ВВС агентлаг мэдээлэв. Энэтхэгийн армийн мэдэгдэж буйгаар мөргөлдөөн тус улсын Гималай уулсын бүс нутаг Хятадтай хил залгаа Ладакт мужийн хилийн зурвас дээр болжээ. Энэ газар нутаг Энэтхэг-Хятадын хийлийн маргаантай хэсэг бөгөөд сүүлийн 45 жилийн хугацаанд ийм их хохиролтой мөргөлдөөн болоогүй аж. Энэтхэгийн тал эхлээд нэг офицер хоёр цэрэг амь үрэгдсэн гэж мэдэгдэж байсан бол өнөөдөр энэ тоо 17 болсон байна. Хятадын талаас ч гэсэн хохирол байгаа гэж Энэтхэгийн тал үзэж байгаа боловч Бээжин энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. БНХАУ-ын ГХЯ-ны мэдэгдсэнээр "Мөргөлдөөн гарахаас өмнө Энэтхэгийн цэргүүд хоёр ч удаа хилийн шугамыг хууль бусаар давж Хятад цэргүүд рүү дайрч өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж байсан нь ийнхүү их хохирол дагуулсан ноцтой мөргөлдөөнд хүргэсэн" гэжээ. Энэтхэгийн тал эсрэгээрээ уг үйл явдлыг Хятадын цэргийн үйл ажиллагаа өдөөсөн гэж мэдэгдэж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Энэтхэгийн хилийн цэргүүд Хятадын цэргүүдтэй Гималайн уулсын нарийн замтай хэсэгт гэнэт тулгарсан нь мөргөлдөөн үүсэх шалтгаан болжээ. Мөргөлдөөнөөс сэргийлэх үүднээс хоёр улсын хилийн цэргүүд галт зэвсэггүй явдаг тул цэргүүд гар тулаанд орсон байна. Хоёр улсын хил дагуух хурцадмал байдал өнгөрсөн сараас эхэлжээ. 5-р сарын сүүлчээр хоёр тал Ладакт дахь хилийн зурваст хэд хэдэн цэргийн анги нэгтгэлийг төвлөрүүлжээ. Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр хоёр тал энэхүү цэргийн бэхжилтийг Хятадын цэргийнхэн Галван голын ойролцоо хэд хэдэн майхан босгож, барилгын ажлыг эхлүүлсний дараа хийх болсон аж. Одоо хоёр улс зөрчлийг намжаахын тулд цэргийн хүчээ тус бүсээс татсан байна