Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны төрсөн дүү, ахынхаа үүсгэн байгуулсан “VIP secu¬rity” хэмээх хамгаалалтын албыг удирдаж байсан С.Бямбацогт болон түүний найз Н.Мөнх-Учрал, иргэн А.Одмөнх нарын гомдлыг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд хэлэлцэхээр товлосон байв. 2017 оны арваннэгдүгээр сарын 12-нд олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан, түүнээс хойш хоёр хоногийн дараа Баянзүрх дүүргийн нутаг дахь “Sunshine” хотхонд мансууруулах бодис хэрэглэсэн, 2019 оны тавдугаар сард болсон шүүх хурлын үеэр худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж үзэн анхан шатны шүүхээс С.Бямбацогт, Н.Мөнх-Учрал нарт гурван жил 30 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсэн юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг дээрх хоёр хүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, гомдол гаргасны дагуу хэлэлцэх байсан ч С.Бямбацогтын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Н.Мөнх-Учралын өмгөөлөгч Т.Энхбаяр нар “Шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээн авч товыг нь жич зарлахаар болжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа