Явган зорчигчийг зам, тээврийн осолд өртөхөөс сэргийлэх зорилгоор ТЦА-наас “Гарцаараа гарцгаая” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээ хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд гарцаар гарч яваа иргэдэд зам тавьж өгөөгүй 1015 жолоочид өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Тодруулбал, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай. Өнгөрсөн долоо хоногт зам, тээврийн осолд өртсөн явган зорчигчийг өмнөх үеийнхтэй нь харьцуулахад найман хувиар буурсан байна.
Ташрамд дуулгахад, ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд зам, тээврийн ослын 284 дуудлага иржээ. Ослын улмаас орон нутагт хоёр хүн нас барж, 11 хүн гэмтсэний гурав нь хүүхэд байв.