Улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө боловсролд чиглэсэн ямар ажил хийхээр тусгасныг онцолж, сонгогчдодоо танилцуулж байна.
Монгол ардын нам
Сургууль болгонд сурагчдад мэргэжлээ сонгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй сэтгэл зүйчийг ажиллуулах, сургуулиудын 80-аас доошгүй хувийг нэг ээлжтэй болгох, цэцэрлэгүүдийг хоёр ээлжийн багштай болгож, уртасгасан цагаар ажиллуулан эцэг эхчүүдийг ажлаа тараад хүүхдээ авах боломжоор хангах, сургууль цэцэрлэг нэмж барих зэрэг амлалтууд өгсөн байна. Мөн нүхэн жорлонтой бүх цэцэрлэг сургуулийг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгоно гэжээ. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төв байгуулна гэж тусгасан байна.
Ардчилсан нам
Сургууль, цэцэрлэгүүдийн анги дүүргэлтийг 30-аас хэтрүүлэхгүй байх стандартыг тавьж, малчин өрхүүдийн 6-8 настай хүүхдүүдэд гэрээр боловсрол эзэмшүүлэх, сургуулийн автобус ажиллуулах, зайны сургалтыг хөгжүүлэх, англи хэлийг боловсролын хоёр дахь хэлний түвшинд хүргэх зэрэг амлалтууд өгсөн байна.
Зөв хүн электорат эвсэл
Зөв ХҮН Электорат эвсэл буюу Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Социал демократ нам, Зүй ёсны нам мөрийн хөтөлбөртөө хойч үеэ зөв, боловсролтой хүн болгож төлөвшүүлэх, бүх шатны боловсрол олгоход технологийн болон гадаад хэлний мэдлэгийг түлхүү анхаарах, бага сургуулийн сургалтыг хэт академик байдлаас ангижруулж, чадварт суурилсан, хүүхэд бүрийг ахицаар нь үнэлдэг тогтолцоонд шилжүүлж, төрөөс авдаг шаардлагагүй шалгалтуудыг цөөлнө гэжээ.
Мөн сургуулиудад лабораториудыг байгуулж, цаг уурын ажиглалтын станц байгуулан, туршилтын талбай бий болгох, хүүхэд сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулж, нэг ээлжид хичээллэдэг тогтолцоог нэвтрүүлэх, гадаад хэлний сургалтыг сайжруулах, хос хэлтэн болгох зорилт тавин бэлтгэл ажил хангах, зайны сургалтыг төрөөс дэмжихээ амлажээ. Түүнчлэн бүрэн дунд боловсролыг мэргэжлийн сургалттай хослуулсан аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн гүнзгийрүүлсэн сургалтыг төрөөс дэмжинэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.