Баянгол дүүргийн II хорооны нутагт барьж буй барилгын суурийн давхарт энэ сарын 4-нд хэн нь үл мэдэгдэх хүний цогцос байгаа талаар барилгын ажилчин нь цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Үүний дагуу тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн НЦУГ-ын ажилтнууд, прокурор, шинжээчдийг оролцуулан хэргийн газарт ажиллаж, цогцост үзлэг хийсэн байна. Ингээд тухайн иргэнийг бусдад хорлогдон, гаднын нөлөөтэй амиа алдсаныг тогтоожээ. Улмаар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, гэмт этгээдийг шуурхай илрүүлэн саатуулсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч О.Эрдэнэхишигээс тодруулахад “Энэ сарын 4-нд Баянгол дүүргийн II хорооны нутагт барьж буй барилгын суурийн давхарт нас барсан эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага ирсэн. Цагдаагийн ажилтнууд хэргийн газрын үзлэг хийхэд гаднын нөлөөтэй нас барсан, хэн болох нь тодорхойгүй, 40 орчим насны эрэгтэйн цогцос байжээ. Тухайн хэргийн газарт 1978 онд төрсөн 42 настай М нас барсан болохыг тогтоосон. Улмаар нарийвчилсан шалгалт хийснээр уг хэргийг 1976 онд төрсөн, 44 настай Б гэх эр үйлдсэнийг түргэн шуурхай ажиллаж ирүүлэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдсанаас М-ийн амийг хохироосон нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Тиймээс иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулъя” гэлээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон