Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч О, О нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд бусдаас багагүй хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж буйг эх сурвалжууд мэдээлэв. Нийгмийн даатгал, халамжийн байгууллагын ажилтнууд үе үе эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогддог. Дээрх хоёр хүний хувьд “Буман Ай Ти” гэх компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлыг шалгаад нэлээд хэмжээний зөрчил илрүүлсэн гэнэ. Гэвч нягтлан бодогч Ц-ээс нь мөнгө авч, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөөс чөлөөлсөн гэсэн үндэслэлээр буруутгагдсан аж. Энэ талаар АТГ, прокурорын байгууллагын эх сурвалжуудаас лавлахад “Ийм хэрэг шалгасан нь үнэн. Удахгүй хэргийг хаах юм уу, шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргана” гэлээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа