Онцгой байдлын газрынхан боловсролын байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрээс сэргийлэх хяналт шалгалт явуулжээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 726 барилгыг үүнд хамруулсан байна. Сургууль, цэцэрлэгийн дийлэнх нь гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж, мэргэжлийн байгууллагаар батлуулаагүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тодотгол хийгээгүй, холбогдох хууль, тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгслийг бэлэн хангаагүй байжээ. Мөн гал унтраах автомат төхөөрөмж болон дохиоллын систем суурилуулаагүй, анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг байрлуулаагүй, аврах зам, гарцыг хаасан зөрчил түгээмэл байсан аж. Нийт 3657 зөрчлийг уг шалгалтаар илрүүлснээс 1056-г нь газар дээр нь арилгуулжээ. Бусад зөрчлийг арилгах хугацаат үүрэг өгсөн гэнэ. Энэ чиглэлийн хяналт шалгалтыг ирэх наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 5 хүртэл дахин зохион байгуулах юм байна.
Бэлтгэсэн:М.Оч