-Э.Бат-Үүлийн өмгөөлөгч МАН-ын сурталчилгаанд явснаар хурлыг хойшлуулав-
Олны анхаарал татсан хоёр ч хэргийн холбогдогчдын гэм буруутай, эсэхийг хэлэлцэхээр өчигдөр товлосон байсан ч хойшлуулав.
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлыг хууль зөрчсөн үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцэх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 09.05 цагт эхэлсэн юм. Гэвч хуралд улсын яллагчаар оролцож буй НПГ-ын хяналтын прокурор О.Мөнх-Од шүүх бүрэлдэхүүн болон тус шүүхийн нийт шүүгчдээр хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан аж. Уг татгалзлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4-6 дахь хэсгийн “Энэ зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасныг үндэслэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулах болов. Өөрөөр хэлбэл, татгалзлыг нийт шүүгчдээрээ хэлэлцэн шийдвэрлэх хүртэл хойшлуулсан юм. Өмнө нь тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нар хэлэлцээд уг хэргийг дахин шалгуулахаар буцаасан нь үндэслэлгүй гэж Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэсэн билээ.
Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдон шүүгдэгчийн ширээнд сууж буй Э.Бат- Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал А.Гантулга тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж эхлэхэд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон, Н.Цэцэгмаа нар хүсэлт гаргажээ. Тухайлбал, өмгөөлөгч Г.Орхон эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд биечлэн оролцох боломжгүй болсноо илэрхийлсэн аж. Мөн тэдний өмгөөлөгч Н.Цэцэгмаа “Миний үүсгэн байгуулсан өмгөөллийн үйлчилгээ эрхэлдэг “Мэргэн хуульч” ХХН нь “Эрхэм хуульч” ХХН-тэй байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу МАН-ын сонгуулийн ажиллагаанд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд өмгөөлөгч миний бие зургадугаар сарын 24-нийг хүртэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Т.Ганди, З.Энхтөр нарын багт Сүхбаатар аймагт ажиллаж байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэжээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Бат- Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 29 хүртэл хойшлууллаа.
Бэлтгэсэн: Г.Равжаа