Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн найз хэмээн хэвлэлээр мэдээлдэг, “Азаргын гол чонот” компанийн захирал Б.Отгонбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллаж байсан албан тушаалтнууд болох Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар дээрх нэр бүхий таван яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 11-ний 11.00 цагт хэлэлцэхээр товлов.
Мөн эл шүүх хурал хүртэл Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгааралт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн бол Ж.Эрдэнэбат, БОтгонбаатар нарт авсныгаа өөрчилсөн байна. Тодруулбал, Ж.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах, Б.Отгонбаатарт авсан хязгаарлалт тогтоох, бусадтай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6-1 дэх хэсгийн “шүүх яллагдагчид мөнгөн хэлбэрээр барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч болно”, 14.6-4 дэх хэсэгт заасан “Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, байдлыг харгалзан тогтооно” гэснийг үндэслэн тус бүрээс нь 10 тэрбум төгрөгийн барьцаан авахаар шийдвэрлэжээ. Улмаар уг барьцааг энэ сарын 9-ний дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болгосон байна. Түүгээр зогсохгүй дээрх хуулийн 14.6-5 дахь хэсэгт зааснаар шүүхээс дуудсан цагт ирэх, саад учруулахгүй байх үүргийг яллагдагч нарт өгч, барьцааны мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан бол таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих үндэслэл болохыг тэдэнд сануулжээ.