Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийг 19 дэх жилдээ эрэмбэллээ. 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах арга хэмжээ цахимаар болсон.
ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг.
2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наядаар өсөж, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсөж, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна.
2018 онд ТОП-100 ААН-ийн төлсөн татвар нь татварын нийт орлогын 50 хувийг эзэлж байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 15 хувиар өссөн. Эдгээрт ажиллагсадын тоо зургаан мянгаар нэмэгдэж 89 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны найман хувьтай тэнцэж байгаа ба нийт нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 27 хувийг бүрдүүлжээ.