БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн талаарх баримтуудыг хүргэж байна.
- Ё.Баатарбилэг нь Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Цэнхэр сумын нутаг Орхоны Хөндийн алтны уурхайн лицензийн асуудлаар АТГ-т шалгагдаж улмаар нэг жил гаруйн хугацаанд саатуулагдаж байсан гэдгээрээ анх олны хараанд өртжээ.
- Түүнийг Засгийн газрын гишүүдээс хамгийн хөрөнгө багатай гишүүн гэхэд хилсдэхгүй. Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь сонирхвол 330 сая төгрөгийн өртөг бүхий хоёр байр гэснээс өөр эд хөрөнгө дурьдагдаагүй байх аж. Хувьдаа эзэмшиж байгаа газар, компани, хувьцаа ч түүнд алга. Мэдээж төрийн сайд юм хойно Лексус-570 гэх машин бол байна.
- Ё.Баатарбилэг боловсролын хувьд ч бусдаас илүү гарах зүйлгүй ажээ. МУИС-ийг 2002 онд түүхч-археологич мэргэжлээр төгссөн юм байна.
- Түүний улс төрийн амьдралыг хөөвөл МАХН-ын дарга Н.Энхбаярын хүн гэгддэг байжээ. Тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх хугацаанд нь шадар туслахаар нь ажиллаж байсан аж.
- Ё.Баатарбилэг сайд энэ оны гуравдугаар сард төрийн албанд огт ажиллаж үзээгүй дуучин Г.Чинболорыг төрийн албаны даргаар томилсон гэдгээрээ АТГ-аас сануулга авч байжээ. Төрийн албанд дор хаяж 8 жил ажилласан хүнийг даргын албан тушаалд томилох журамтай аж.
- Сүүлийн хоёр жилийн хугацаанд БСШУС-ын сайдаар ажилласан түүнд сайшаах зүйл олон. Тухайлбал, шинээр олон сургууль ашиглалтад оруулж, 2010 оноос хойш үргэлжилсэн гурван ээлжээр хичээллэдэг хүндрэлтэй асуудлыг нэг мөр шийдвэрлэж, хоёр ээлжээр хичээллэдэг болгожээ.
- Мөн цэцэрлэгийн тоог нэмсэнээр төрийн өмчит цэцэрлэгийн ачаалал буурч, хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлжээ. Түүний удирдлаган дор БСШУСЯ сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 76 цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтад оруулсан байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн тоо түүхэнд байгаагүй хэмжээгээр энэ онд ашиглалтад орсон гэж ойлгож болно.
- Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд багш нарын цалин 54-69 хүртэлх хувиар нэмэгдлээ. Энэ нь иргэдийн амьдралд тодорхой хэмжээний дэмжлэг болж чадсан гэж дүгнэж байна. Багшийн цалинг 2016 оныхтой харьцуулахад цэцэрлэгийн багш 69.8 хувь, ЕБС-ийн багш 54.4 хувиар өсжээ.
- Түүний хийж хэрэгжүүлсэн гол ажил нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг дэмжсэн явдал байлаа. Тухайлбал, МСҮТ, политехник коллежид суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлгийг олгохоор болсон. Ингэснээр энэ чиглэлээр суралцагчдын тоо эрс нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.
- Өнгөрсөн онд Ё.Баатарбилэг сайд ЕБС болон цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг батлуулж, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 40 хувиар нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, сурагчдын үдийн цайг 900 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолыг 3475 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоолыг 2475 төгрөг хүртэл нь тус тус нэмлээ. 2012 оноос хойш энэ мөнгө огт нэмэгдээгүй байсан юм.
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Ё.Баатарбилэгийг шударга бусын хонгилд хэвтэж байгаад гарч ирсэн хэмээн ярьсан нь олныг шуугиулж байв. Тодруулбал, Ё.Баатарбилэг гишүүн Ц.Нямдоржоос “Шударга бусын хонгил гээд л яриад байх юм. Ийм хонгил байна уу. Хэзээнээс баригдаад одоо ямар шатандаа яваа, ашиглалт нь ямар зориулалттай юм бол” хэмээн асуухад хариуд нь Ц.Нямдорж “Энэ Ё.Баатарбилэг чинь тэр хонгилд хэвтэж байгаад гарч ирсэн хүн шүү дээ. Чи мартчихсан уу. Үхэх шахлаа гэж уйлаад байсан биз дээ, чи. Цадигтай л байгаарай. Чамайг хэлмэгдүүлсэн, эсвэл чи хэргээс хууль бусаар мултарсан байж таарна” хэмээн загнаж, амыг нь тагласан юм.