УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2016 оны УИХ-ын сонгуулиар Архангай аймагт МАН-аас нэр дэвшиж анх удаа парламентад сонгогдсон юм. Тэрбээр дахин МАН-аас энэ жилийн сонгуульд нэр дэвшиж байгаа билээ. Түүний тухай баримтуудыг сонирхуулж байна.
- Ж.Мөнхбат нь 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 2-р төрөхөд төрсөн.
- 1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль төгсөж байжээ.
- 2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
- 2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.
- Их сургуулиа төгсөнгүүтээ улс төрд хөл тавьж УИХ-ын даргын ажлын албанаас эхлээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт хүртэл дэвшин ажиллажээ.
- Ж.Мөнхбат гишүүнийг казинод хорхойтой гэдгийг баталсан гэмээр нэгэн үйл явдал 2016 онд Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр өдөр болж өндөрлөсөн. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг дагуулан гадагшаа явж казино тоглосон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байв. Сүүлд 2017 оны арваннэгдүгээр сарын 5-нд Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар БНСУ-ын Бусан хотод байдаг “Парадайз” казинод тоглож байгаа бичлэг олон нийтэд ил болж байлаа.
- Казинод нэр холбогддог тухайгаа тэрбээр “Миний хувьд ажлаа өгөөд сурч байх хугацаандаа казиногоор орж гарч л явсан. Улсын мөнгө идэж, авилга авч тоглохоор албан тушаал би хашиж байгаагүй. Угаасаа надад тийм их хэмжээний мөнгө ч байхгүй. Улсынхаа Ерөнхийлөгчтэй хүртэл тэр газар таарч л байлаа. Энэ чинь гэмт үйлдэл биш шүү дээ, муушиг мэддэггүй эр хүн гэж ер нь байдаг юм уу. Зориудаар мушгиж харлуулах гэсэн хүнд бол шалтаг төдий л юм даа” гэсэн хариу өгч байжээ.
- Монгол Улс анх удаа Өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санаачлан 2016 онд УИХ-д өргөн барьж байсан юм.
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гурван тэрбум төгрөгийн өртөгтэй орон сууц худалдан авсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байв. Тэрбээр уг мэдээллийг няцааж “Манай гэр бүл Сүхбаатар дүүргийн 1 хороо Олимпийн гудамжны 16 дугаар байрны 501 тоотыг худалдаж авсан нь үнэн. Энэ бол гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Бүгд хуулийн дагуу явагдсан. 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж өгсөн. Гишүүн болохоос өмнө манайх Зайсангийн орчим СӨҮЛ-Рояал гэдэг байранд амьдарч байсан. Тэрийгээ зараад сая энэ байраа худалдаж авсан. Манай гэр бүлийн хүний нэр дээр оёмол сүлжмэлийн компани байдаг. Үүнийхээ тоног төхөөрөмжийг мөн худалдсан. Энэ яригдаад байгаа байрыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр маш тодорхой. Хууль зөрчиж хулгай хийсэн тохиолдол байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.
- Яруу найрагч, “Болор цом-29” наадмын дэд байрын шагналт тэрбээр “Би тодорхой хэмжээний уран бүтээл хийдэг. “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гээд кинонууд хийж байсан. Тэрнээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Мөн тоглолтоо хийж, 140 сая төгрөгийн орлого олж байлаа. Энэ орлогоо зөв жишиг тогтоосой гэсэндээ 100 оюутны сургалтын төлбөрийг төлж байсан” гэж хэлж байв.
- Ж.Мөнхбат гишүүн өөрийн хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэгийг бусдад зодуулж хүнд гэмтсэн талаар олон нийтийн сүлжээнд мэдээлж байв. Энэ талаар Төрийн ордонд мэдэгдэл хийж “Улс төрийн зорилгоор надад анхааруулга болгож миний туслахад халдлаа” гэсэн байдаг. Гэвч Ж.Мөнхбат гишүүний хэлсэн үгийг цагдаагийн байгууллагаас няцааж, худал болохыг тогтоосноо зарласан.
- “Бид уучлахгүй” ТББ-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, шалгах хүсэлтийг Ёс зүйн дэд хороонд хүргүүлж Ж.Мөнхбатыг шалгуулсан. Энэ асуудлын талаар Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдаж, гишүүн үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, техникийн алдаа гаргасан гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, АТГ гишүүдийн ХОМ гаргахдаа техникийн алдаа гаргасан гэдгийг хэлж байв.
- Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замыг концессын гэрээг тэрбээр хадам ахынхаа хамаарал бүхий “Засагт чандмань майнз” ХХК-д 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга байхдаа 2017 оны долдугаар сарын 7-ны өдөр гаргаж байсан. (Уг гэрээг 2019 оны 6 сарын 19 хүчингүй болгосон байна).