Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Эко гифт” хоршооллынхон сонины цаасаар ахуйн хэрэглээнд ашигладаг, байгальд ээлтэй бүтээл урладаг юм. Энэ талаар тус хоршооллын ажилтан Т.Сумъяахүүгээс тодрууллаа.
-“Эко гифт” хоршоол-лын үйл ажиллагааны тухай танилцуулна уу?
-Одоогоор үндсэн дөрөв, гэрээт зургаан ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Бид сонины цаасаар гал тогоонд ашигладаг эд зүйлсээс авхуулаад муур, нохойны үүр, сандлын бүрээс, хогийн сав зэрэг 18 төрлийн бүтээгдэхүүн хийдэг.
-Цаасаар хийдэг гэхээр хэврэг юм шиг санагдаж байна. Хэр удаан хэрэглэдэг бол?
-Цаасыг нугалж сүлжсэний дараа цавуудан, лакаар буддаг. Ингэснээр цаас хатуурч, ус нэвтрүүлдэггүй бөгөөд хийсэн бүтээлийг 2-3 жил ашигладаг. Бор өнгөөр будчихаар хүмүүс хулстай их андуурдаг юм. Сонины цаасаар хийдэг учир байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүн.
-Танайх сонинуудаа хаанаас, яаж цуглуулдаг юм бэ?
-Хувийн аж ахуйн нэгж байгууллагууд авчирч өгдөг. Мөн 2017 онд “Өнөөдөр” сонин нэг чингэлэг сонин өгснийг хэрэглэж, энэ жил дууссан. Тийм учраас өнгөрсөн сард холбогдож, хүсэлт тавихад дахин нэг чингэлгийг өглөө. Биднийг дэмжиж, хамтран ажиллаж буй танай сонины хамт олонд баярлалаа.
-Цаасаар бүтээл хийх сургалт явуулдаг гэсэн. Сургалт хэд хоног үргэлжилдэг вэ?
-Цаасаар бүтээл хийх технологийг 1-2 өдөрт зааж, сургадаг. Ингэснээр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй хүүхдээ хардаг ээжүүд ч нэмэлт орлого олох боломжтой гэсэн үг.
-Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх үү?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтарч Өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас “Гар урлал хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Эл төслийн хүрээнд томоохон дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ тасалдуулахгүй борлуулах, сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа.
-Гар урлалын бүтээл хийхэд хэр хэцүү вэ. Хийж эхлэх гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөмөөр байна?
-Энэ ажлыг хийхийн тулд сууж сурах хэрэгтэй. Аливаа зүйлийг багаас эхэлдэг болохоор олж буй мөнгөө голж болохгүй. Тууштай хийгээд байвал гарын доорх материалаар ахуйн амьдралдаа ашиглах зүйлүүд хийж сурна. Ингэснээр бид гэр бүл, ойр дотнын хүмүүстээ чанартай, эко бүтээгдэхүүн хэрэглүүлэх боломжтой болно.
Бэлтгэсэн:О.Алуунгуа