Зочин О.МӨНХСАЙХАН МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор
Уншигч-сурвалжлагч Б.ХИШИГСАЙХАН “Нээлттэй нийгэм форум”-ын Хуулийн хөтөлбөрийн менежер
Коронавирусийн халдвараар дэлхий даяар 4.6 сая хүн өвчлөөд байна. Манай улсад ч уг вирусийн халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Энэ цагт Монгол Улс Коронавируст халдвар “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль (цаашид “Ковид-19” хууль гэх) батлаад хэдхэн хонож байна. Уг хууль хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхад хэрхэн анхаарсан болон гол заалт, ач холбогдлын талаар энэ удаагийн “Уншигч-сурвалжлагч” буландаа онцоллоо. “Нээлттэй нийгэм форум”-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан сурвалжлагчаар ажиллаж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхантай ярилцсан юм. Тэд хүний эрхийг хамгаалах чиглэлээр салбартаа чамгүй амжилт гаргасан, шилдэг боловсон хүчин гэдгийг онцлоход илүүдэхгүй болов уу.
-Та Японы Нагоягийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан байх аа. Энэ талаар товч мэдээлэл өгөөд ярилцлагаа эхлэх үү?
-Тийм ээ. Би 2011 онд Японы Нагоягийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны талаар судалсан. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд адил гараанаас гарсан пост-коммунист улс орнуудтай харьцуулахад хүний эрх, эрх чөлөө харьцангуй сайн хамгаалагдаж иржээ. Гэхдээ ардчилал хөгжсөн улсуудтай харьцуулахад хүний эрхийн тулгамдсан олон асуудал бий. Төрийн бүх байгууллага хүний эрхийг хамгаалах үүрэгтэй ч үүн дотроо Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг бусад хууль, шийдвэр зөрчсөн, эсэхийг хянан шийдвэрлэдгээрээ Үндсэн хуулийн цэц чухал байр суурь эзэлдэг. Гэвч Цэц энэ үүргээ маш хангалтгүй биелүүлж ирсэн. Үүнд хоёр шалтгаан бий. Нэг талаас, Цэц мэргэжлийн түвшинд, хараат бусаар ажиллах нөхцөл бүрдээгүй. Нөгөө талаас, Үндсэн хуулийн заалтыг анх баталсан Ардын Их Хурлын депутатууд юу гэж бодож байсан, эсвэл Үндсэн хуульд ийм үг, үсэг байна уу гэж явцуу тайлбарласнаас болж хүний эрхийг хамгаалах олон боломжийг хаасан. Жишээ нь, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд “тэгш” гэдэг үг сонгуулийн зарчим болж ороогүй гэсэн үндэслэлээр сонгуулийн тэгш байдлын зарчмыг 1993 онд хамгаалаагүй. Үүнээс болж сонгуулийн тэгш эрхийн зарчим алдагдаж, Улаанбаатарын нэг тойргийн гурван сонгогчийн санал орон нутгийн тойргийн нэг сонгогчийн саналтай дүйцэж байна. Энэ мэт олон жишээ бий. Иймд Цэц мэргэжлийн, хараат бус ажиллах орчныг хуулиар бүрдүүлэх ёстой. Мөн Цэц Үндсэн хууль дахь үндсэн эрхийг үзэл санаа гэж харж, хамгийн үндэслэлтэйгээр тайлбарлаж шийдвэртээ бичдэг болох хэрэгтэй.
-Таныг хүний эрхийг хамгаалах чиглэлд идэвхтэй ажилладаг гэж ойлгодог. Докторын зэргээ хамгаалж ирээд хүний эрхийн салбарт оруулсан гол хувь нэмэр юу байв?
-2013 онд эх орондоо ирснээс хойш олон чиглэлд судалгаа хийсний дотроос хүний эрхтэй холбоотой хэсгийг нь товч танилцуулъя. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нартай хамтарч “Хүний эрх” хичээлийн сургалтын хоёр хөтөлбөр боловсруулсан. Үүний дүнд хуулийн бус мэргэжлээр суралцаж буй 1000 орчим оюутанд “Хүний эрх” ерөнхий суурь хичээл, харин мэргэжлийн ангийнханд ахисан түвшнийхийг зааж байгаа. Мөн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал, цуглаан хийх, халдашгүй, чөлөөтэй байх, сонгох эрхийн хамгаалалтыг сайжруулах талаар судалж, бүтээл хэвлүүллээ. Хүний эрхийн гол баталгаа нь шүүх тул шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн гурван ном бичсэн. Түүнчлэн ХЭҮК-ыг бэхжүүлэхтэй холбоотой судалгаа хийлээ. Эдгээр судалгаанаас гарсан дүгнэлтээ хууль тогтоомжид тусгуулахыг хичээж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Хүний эрхийн үндэсний комиссын, Шүүхийн тухай зэрэг хуулийн төслийн ажлын хэсэгт багтсан. Хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх иргэний нийгмийг бэхжүүлэх ажилд оролцож, энэ чиглэлээр ажилладаг ТББ-тай хамтарч хэлэлцүүлэг хийх, санал солилцох, сургалт явуулах зэргээр ажиллаж байна.
-Одоо ярилцлагынхаа үндсэн сэдэв рүү оръё. “Ковид-19” хуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталлаа. Эл хуулийн талаар ярилцахаасаа өмнө нэг зүйлийг тодотгомоор байна. Хууль тогтоомжийн тухай хуульд дөрөвдүгээр сарын 9-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшгийн онцгой нөхцөлд УИХ-аас санаачилсан хууль тогтоомжийг хэлэлцэхэд онцгой журам үйлчлэхээр заасан. Ийм тохиолдолд хүний эрхийг хамгаалах чиглэлд юу анхаарах ёстой вэ?
-“Ковид-19” цар тахал дэлхий нийтэд маш том сорилт авчирч, улс орнууд өөр өөрсдийн арга хэмжээгээ авч байна. Уг вирусийн талаар, ямар хариу арга хэмжээ авахаа мэргэжилтнүүд ч төдийлөн сайн мэдэхгүйгээр нүүр тулсан. Ийм онцгой нөхцөлд төр яаж ажиллах ёстой вэ гэдэг талаар зайлшгүй байдлын болон хууль дээдлэх ёсны гэсэн хоёр янзын номлол байдаг. Зайлшгүй байдлын номлолоор гэнэтийн аюул, нийтийн эмх замбараагүй байдал, дайны байдал бий болсон бол үүний эсрэг шаардлагатай арга хэмжээг Засгийн газар, түүний харьяа байгууллага ерөнхий чиг үүргийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэхийг дэмждэг. Энэ нь хуулийн ерөнхий зохицуулалтын хүрээнд ихэнхдээ хэрэгждэг. Хууль дээдлэх ёсны номлол гэхээр төр хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах зэрэг зүй ёсны зорилгоо хангах хэрэгтэй ч үүнийг аль болох хуулиар зохицуулах ёстой гэж үздэг. Бүх шатны сургалт, олон нийтийн арга хэмжээг биечлэн зохион байгуулах, шашны хурал номлолд олноор цугларахыг хориглох, Цагаан сар зэрэг баяруудыг тэмдэглэхийг хориглож, дотоод, гадаад руу зорчих тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хуулийн биелэлтийг хангах чиг үүргийнхээ хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах замаар зайлшгүй байдлын номлолыг хэрэгжүүлсэн.
Ийм онцгой нөхцөлд эрх мэдэл төвлөрөх хандлагатай учраас үүнийг урвуулан ашиглах эрсдэлийг бууруулах хэрэгтэй. Монгол Улсын хувьд сүүлийн 4-5 сар эхний номлолын дагуу ажиллаж байгаад одоо хоёр дахь руу нь шилжиж байна. “Ковид-19” тархах өндөр эрсдэлтэй нөхцөлд Засгийн газар, Улсын онцгой комисс яаж ажиллах вэ гэсэн эрх зүйн орчин эхэн үедээ дутагдалтай байв. 2017 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулсан ч ийм цар тахалтай тэмцэх зохицуулалт үгүй байлаа. Тиймээс маш богино хугацаанд хуулиудаа шинэчилж, Засгийн газар илүү үр нөлөөтэй ажиллах, “Ковид-19”-тэй холбоотой тусгайлан авах арга хэмжээг зохицуулах шаардлага үүссэн л дээ. Хууль тогтоомжийн тухай хуульд онцгой нөхцөлд хуулийг түргэвчилсэн журмаар боловсруулж өргөн барина гэж заасан нь эдгээр хуулийг яаралтай боловсруулах, батлах боломж нээж өгсөн. Өмнө нь хэлсэнчлэн зайлшгүй байдлын номлолын дагуу төр ажиллаж байгаа. Гэхдээ Монгол бол эрх зүйт төртэй улс учраас энэ бүхнийг хуулиар зохицуулах ёстой. Эл шаардлагыг ойлгоод УИХ-ын гишүүдээс “Ковид-19”, мөн Гамшгаас хамгаалах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар батлууллаа. Хэдий богино хугацаанд баталсан ч төрийн байгууллага, НҮБ, ХЭҮК, “Хүний эрхийн форум”-аас гаргасан зөвлөмж, саналыг харгалзсан нь ач холбогдолтой.
-“Ковид-19”-тэй холбоотой гаргасан тусгай удирдамжуудыг энэ хуульд хэрхэн тусгасан бол?
-Эдгээр хуулийн төслийн Ажлын дэд хэсэгт орж ажилласны хувьд хэлэхэд зөвлөмжүүдийг боломжийн хэмжээнд тусгасан гэж үзэж байгаа. Засгийн газар, Улсын онцгой комиссынхон сайн ажиллаж байна. Дотооддоо цар тахал алдаагүй. Эдгээр хуулиар Засгийн газар цаашид илүү үр нөлөөтэй ажиллах боломжийг нээсэн. Мөн “Ковид-19” хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зөвхөн зайлшгүй хэмжээнд хүний зарим эрхийг хязгаарлаж болохыг заахын зэрэгцээ энэ цар тахлын үед онцгойлон хэрэгжүүлэх арга хэмжээг тусгаж өгснөөрөө онцлог. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас заавал хийх ёстой арга хэмжээнүүдийг үүрэг болгож оруулсан. Юуны өмнө цар тахлын үед орон гэргүй, нэн ядуу иргэдийг орон байр, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан. Энэ нь олон улсын гэрээгээр хүлээсэн манай улсын үүрэг юм. Байдал хүндрээд, гадуур чөлөөтэй явах эрх хязгаарлагдлаа гэхэд тэдгээр хүн хаана амьдрах вэ. Хоол хүнсгүй өлбөрч үхэж болохгүй биз дээ. Мөн асрамжийн газар, эрүүлжүүлэх, баривчлах байр, хорих ангид байгаа болон бусад хэлбэрээр эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулна.
Түүнчлэн “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх үүднээс гэртээ байх шаардлага үүссэнтэй холбоотойгоор Монголд ч, бусад улсад ч гэр бүлийн хүчирхийлэл өсөж байна. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалахтай холбоотой санхүүжилт дутмаг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хохирогчид үзүүлэх үйлчилгээ, түр хамгаалах байранд шаардлагатай хөрөнгө оруулалт болон 24 цагаар ажиллуулах утасны санхүүжилтийг шийдвэрлэх арга хэмжээг Засгийн газар авахаар хуульчилсан. Үүнээс гадна “Ковид-19”-д өртөх өндөр эрсдэлтэй бүлэгт тусгайлан анхаарах шаардлага үүсэж байна. Иймд цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Засгийн газарт даалгасан. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, хэрэгслээр иргэдийг тэгш, хүртээмжтэй хангах үүргийг Засгийн газар хүлээнэ. Жишээлбэл, амны хаалт, ариутгах бодис хэрэглэхийг шаардаж байгаа бол жирийн иргэд худалдан авах боломжтой байлгах, магадгүй төлбөрийн чадваргүйхүмүүст үнэ төлбөргүй тараана гэсэн үг. Мөн цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх, ийм үйл ажиллагааг хуульд заасан аргаар таслан зогсоох ажлыг Засгийн газар хариуцахаар хуульчилсан.
-НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын хорооноос сурч боловсрох эрхийг чанартай, хүрэлцээтэй, хүртээмжтэй, цаг үетэйгээ нийцсэн байх ёстой гэж тайлбарласан. Сургалт цахимд шилжсэн үед хүүхдийн, тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хамгаалах заалтыг хуульд тусгасан уу?
-Цар тахалтай тэмцэхэд зайлшгүй тохиолдолд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж болно. Энэ тохиолдолд цахим, эсвэл бусад хэлбэрээр зайн сургалтыг чанартай, хүртээмжтэй хүргэх, багш болон суралцагчийн оролцоо, түүнд тавих хяналтыг сайжруулахыг Засгийн газарт “Ковид-19” хуулиар үүрэг болгосон. Жишээлбэл, интернэтийн дата авах мөнгөтэй эсэх, хот, хөдөө, гэр хороолол, орон сууцад амьдардгаас үл хамаарч зайн сургалтыг бүх оюутан, суралцагчдад хүртээмжтэй, чанартай явуулна гэсэн үг.
-“Нарантуул” олон улсын худалдааны төвд хүмүүс хоёр метрийн зай барих нь бүү хэл, бужигнаж байна. Гэтэл өөр газар хүмүүсийг олноор цугларахыг хориглосон. Баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээх үед иргэд сургалтын төвүүдийг мөн адил нээхийг шаардсан. Эргэлзээтэй, өөр хоорондоо зөрчилтэй шийдвэрүүд гарсаар. Хүний эрхийг хязгаарлах шалгуур хуульд хэрхэн туссан бол?
-“Ковид-19”-өөс хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй тохиолдолд хүний зарим эрхийг хязгаарлах шаардлага үүсэж болно. Ингэхдээ хэрхэн хязгаарлах вэ гэсэн зохицуулалтыг хуульчилсан. Үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх, эрүү шүүлтээс ангид байх гэсэн төрөөс хэзээ ч хязгаарлаж, зөрчиж болохгүй эрх иргэдэд бий. Зайлшгүй нөхцөлд эдгээрээс бусад эрхийг зохих хэмжээнд хязгаарлаж болдог. Ингэхдээ Үндсэн хуульд заасан таван төрлийн нөхцөлийг хангасны дараа эрхүүдийг хязгаарлах боломжтой. Эдгээр таван нөхцөлийг “Ковид-19” болон Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулсан. Тодруулбал, “Ковид-19” хуулийн 11 дүгээр зүйлд цар тахлын үед төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа аливаа шийдвэр, арга хэмжээ нь Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд нэгдүгээрт, зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар явагдах ёстой. Хоёрдугаарт, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд, бусад хүний эрх чөлөөг хамгаалах зэрэг зүй ёсны зорилготой байх ёстой. Гуравдугаарт, хязгаарлалт нь энэ зорилгод хүрэхэд зайлшгүй тохирсон байх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, эрүү шүүлтээс ангид байх зэрэг туйлын эрхүүдийг хөндөөгүй байх ёстой. Тавдугаарт, хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхаагүй, нэр төрийг нь доромжлоогүй байх. Ийм таван нөхцөлийг бүгдийг нь хангахгүйгээр хүний эрхийг хязгаарлахыг хатуу хориглож хуульчилсан гэсэн үг. Товчхондоо, хуульд заасан үндэслэл журмын дагуу үндсэн эрх хязгаарлах арга хэмжээ нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй тохирсон байх бөгөөд тухайн эрхийг аль болох бага хязгаарлана гэж хуульчилсан. Жишээлбэл, цахим хуудаснууд дахь “Ковид-19”-тэй холбоотой мэдээллийн дор сэтгэгдэл бичих функцийг хаах арга хэмжээ авч болох уу. Ийм хэт ерөнхий хязгаарлалт нь “Ковид-19” хуулийн 11 дүгээр зүйлд орсон бүх шаардлагыг хангахгүй. Худал мэдээлэл нь үнэнээсээ илүү хурдан тархдаг тул үүнтэй тэмцэх хэрэгтэй. Гэхдээ сэтгэгдэл үлдээх ямар ч боломжгүй болгосон нь цар тахлын тухай илт худал мэдээлэл тархахаас сэргийлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилготой байж болох ч энэ нь тухайн зорилгод хүрэхэд зайлшгүйгээс хэтэрсэн арга хэмжээ болсон. Худал мэдээллийн цаана хүн амын эрүүл мэндэд аюул учруулахгүй мэдээллүүд дарагдахын зэрэгцээ сэтгэгдэл бичиж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бүхэлд нь зөрчиж байгаа юм.
-Нобелийн шагналт эдийн засагч Амартая Сэн “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй орон хэзээ ч нийтийг хамарсан өлсгөлөнд нэрвэгдэж байгаагүй” гэж хэлсэн байдаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахаар бидний тэнцвэртэй, бодит мэдээлэл авах эрх зөрчигддөг. Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран цахим орчинд зохицуулалт хийх журам батлахаар болсон. Уг журам ямар агуулгатай байх ёстой гэж судлаачийн зүгээс үзэж байна?
-“Хүний эрхийн форум”-аас гаргасан саналыг харгалзаж худал мэдээлэл тараавал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг хянана гэх зэрэг хэт ерөнхий заалтыг төслөөс хассан. Гэхдээ “Ковид-19” хуулийн 9.13-т цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг цагдаагийн байгууллага, ХХЗХ-той хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж заасан. Энэ журам нь хуулийн хэд хэдэн шаардлага хангах ёстой. Юуны өмнө Гамшгаас хамгаалах тухай хуулийн 14.13-т “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн талаарх илт худал мэдээлэл нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ноцтой саад учруулахаар бол тухайн мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг нөхцөл байдалд нь тохируулан тодорхой хүрээ, хугацаатай авна” гэсэн шинэ заалт тусгасан. Үүнд цахим орчинд үйлчлэх журам мөн нийцэх шаардлагатай. “Ковид-19”-ийн талаар мэргэжилтнүүд ч сайн мэдэхгүй байгаа энэ үед үзэл бодлын зөрүү, шүүмж зэрэг нь худал мэдээлэл биш. Мөн илт худал мэдээлэл байсан ч тэр болгоныг зогсооно гэсэн утга байхгүй. Гол нь илт худал мэдээлэл нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ноцтой саад учруулж буй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах бөгөөд үүнийгээ төр нотлох үүрэгтэй.
-Уг журам өөр ямар шаардлага хангах вэ?
-Цахим орчин дахь журам нь өмнө хэлсэнчлэн “Ковид-19” хуулийн 11 дүгээр зүйлд заасан бүх шаардлагыг хангаж гарах ёстой бөгөөд үүнийг хангаагүй тохиолдолд авсан тухайн журам, арга хэмжээ нь шүүхээр хүчингүй болно. Ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүйгээс илүү хэтрүүлэн хязгаарлахаар зохицуулж болохгүй. Жишээлбэл, фэйсбүүкээр А гэж хүн цар тахлын тухай илт худал мэдээлэл түгээлээ гэж бодъё. Түүнийг зогсоох, тархахаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай, эсэхийг харах ёстой. Өөрөөр хэлбэл, цөөн хүнтэй найз, хүн уншдаггүй аккаунтад бичсэн байвал заавал арга хэмжээ авах шаардлагагүй. Тэр нь хүн амын эрүүл мэндэд аюул учруулахгүй. Магадгүй илт худал мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлж, хүн амын эрүүл мэндийг аюулд оруулах хэмжээний байвал зогсооход чиглэсэн арга хэмжээ авч болно. Зөвхөн хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй тохиолдолд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, хөнгөн аргаас нь авч хэрэгжүүлнэ. Тухайн мэдээллээ устгах, залруулах талаар А-д сануулж болно. Сануулгыг хэрэгжүүлэхгүй бол А-гийн аккаунт руу хандах хандалтыг бууруулах арга хэмжээ авах уу гэдэг асуудал яригдана. Гэхдээ орчин үед интернэтэд холбогдох нь хүний эрхийн түвшинд хамгаалагдах шаардлагатай болсон учраас интернэт болон нийгмийн сүлжээг бүхэлд нь хааж огт болохгүй.
...Худал мэдээлэл нь үнэнээсээ илүү хурдан тархдаг тул үүнтэй тэмцэх хэрэгтэй. Гэхдээ сэтгэгдэл үлдээх ямар ч боломжгүй болгосон нь цар тахлын тухай илт худал мэдээлэл тархахаас сэргийлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилготой байж болох ч энэ нь тухайн зорилгод хүрэхэд зайлшгүйгээс хэтэрсэн арга хэмжээ болсон. Худал мэдээллийн цаана хүн амын эрүүл мэндэд аюул учруулахгүй мэдээллүүд дарагдахын зэрэгцээ сэтгэгдэл бичиж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бүхэлд нь зөрчиж байгаа юм...
-Коронавирусээс өөр асуудлаар үзэл бодлоо илэрхийлэхийг цар тахлын эсрэг болон Гамшгаас хамгаалах тухай хуулиар хязгаарлаж болохгүй. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй.
-Манай улс харьцангуй амжилттай байгаагийн нэг шалтгаан нь мэдээллийн чөлөөт солилцоо. “Энгэртээ юм зүүгээд л бүх вирусийг устгана” гэх зэрэг цуурхал тархсан шүү дээ. Энэ нь илүү бодитой мэдээлэл, шүүмжлэлд дарагдаад намжсан. Мөн тэгш, сондгой тоогоор төгссөн дугаараар автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулах талаарх шийдвэрийг иргэд эсэргүүцэж, богино хугацаанд цуцлуулж чадсан. Энэ мэт шийдвэр нь иргэдэд яаж тусаж байна гэдгийг хүлээн авах, мэдээлэл солилцох нь маш ач тустай. Ардчиллын гол үнэт зүйл нь аль нь үнэн болохыг өөр өөр мэдээллийн өрсөлдөөн дундаас харьцуулж олох боломж олгодог. Гэтэл төр өмнөөс нь энэ худал гээд хааж, шүүгээд байвал хүн үнэнийг мэдэхгүй. Төр өөрөө үргэлж үнэнийг мэднэ гэж байхгүй. Бид худлыг үнэнтэй харьцуулж мэдэж авдаг. Ер нь юу үнэн бэ гэдгийг тал талын үндэслэлийг нээлттэйгээр сонгон хэлэлцэж байж дүгнэж гаргадаг шүү дээ. Тиймээс ардчилсан нийгэмд юу үнэн, эсэхийг мэдэх хамгийн боломжтой. БНХАУ шиг авторитар дэглэмтэй газар бүх мэдээллийг хянаж, төрөөс зөвшөөрсөн хэмжээгээр л хүмүүс мэдээлэл авдаг. Тэнд цар тахлын талаарх мэдээллийг дарж, үнэнийг хэлсэн хүмүүс зүгээр л алга болчихлоо гэж олон улсын хэвлэлээр бичиж байна. Иймд Хятад, Орос улсад цар тахлын байдал яг ямар байгааг мэдэхэд маш хэцүү.
-2020 он сонгуулийн жил тул иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг ярих шаардлагатай. Аюулгүй байдлаа хангасан нөхцөлд жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг битгий хязгаарлаач гэсэн тусгай илтгэгч нарын зөвлөмж гарсан. Тэр дундаа цахим орчинд цуглах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй байхыг сануулсан. Манай улсад энэ нөхцөл, байдал ямар байгаа бол?
-Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүйгээс бусад тохиолдолд тайван жагсаал, цуглаан хийх эрхийг ерөөсөө хязгаарлаж болохгүй. Жишээлбэл, нийгмийн бусад харилцаанд оролцож байгаа шиг хүмүүс өөр хоорондоо зай барих, амны хаалт зүүх зэргээр цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй нөхцөлд жагсаал, цуглаан хийх эрхээ эдлэх нь нээлттэй. Мөн саяхан нэг залуу хотын удирдлагаас авч буй арга хэмжээг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайн урд ганцаараа үзэл бодлоо илэрхийлэхэд нь цагдаа торгосон. Үүнийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Ганц хүн самбар бариад зогсох нь хүн амын эрүүл мэндэд ямар ч аюулгүй. Бид өнөөдөр гудамжаар ганцаараа явж болж байна. Ганцаараа зогсоно гэдэг жагсаал, цуглаан ч биш, үзэл бодлоо илэрхийлж буй хэлбэр. Үүнд харин шүүх зөв шийдвэр гаргасан. Ардчилсан нийгэмтэй улс орон “Ковид-19”-тэй илүү сайн тэмцэж байна гэсэн судалгаа бий. Ийм нийгэмд мэдээллийн чөлөөт солилцоо ямар ач холбогдолтой талаар түрүүнд дурдсан. Үүнээс гадна сонгууль тогтмол болдог учраас эрх барьж буй олонх дүнгээ тавиулна. Муу ажиллах л юм бол шүүмжлүүлнэ. Тиймээс сонгууль нам, улстөрчдийг чадахаараа сайн ажиллахаас өөр аргагүйд хүргэдэг. Зарим хүний хэлж буй шиг зөвхөн мөнгө хэмнэх зорилгоор сонгуулийг хойшлуулах, зогсоох нь зүй бус. Учир нь ээлжит сонгуульд оролцох нь Үндсэн хуулиар хамгаалсан эрх. “Ковид-19” хуулийн өөр нэг чухал заалт нь УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хойшлуулахгүй, хугацаанд нь хийнэ гэсэн зохицуулалт. Өмнөд Солонгос болон бусад улсын сайн туршлагыг харгалзан хүн амын эрүүл мэндийг эрсдэлд учруулахгүй байх, нөгөө талаас иргэд сонгох эрхээ эдлэхийг төр хариуцах ёстой. Үүнтэй холбоотой арга хэмжээ авахыг тус хуулиар Засгийн газарт үүрэг болгосон.
-Цар тахалтай тэмцэх хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих байгууллагын үүрэг, оролцоо маш чухал. Мөн иргэний нийгмийн хяналт, мониторинг чухал ач холбогдолтой. Энэ үүргийг аль байгууллага хариуцаж ажиллах вэ?
-Энэ хуулийн биелэлт, ялангуяа хүний эрхийн хязгаарлалттай холбоотой хуулийн шаардлагыг бүрэн хангаж буй, эсэхэд тавих хяналтын механизм нь тодорхой туссан. Тухайлбал, ХЭҮК чиг үүргийнхээ дагуу уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавина гэж заасан. Мөн УИХ түр хороо байгуулж, сар бүр нээлттэй хэлэлцэнэ. Түр хороогоо байгуулчихсан байгаа. Түүнчлэн цар тахлын эсрэг арга хэмжээгээр эрх нь зөрчигдсөн иргэн, байгууллага шүүхэд гомдол гаргах эрхтэйг тодорхой заасан. “Ковид-19” хууль нь энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үйлчлэх түр хууль. Энэ нь Засгийн газарт хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авахад зориулан тодорхой эрх мэдлийг төвлөрүүлж буй тул байнгын шинжтэй байж болохгүй. УИХ уг хуулийн биелэлтийг хэлэлцээд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвхөн нэг удаа зургаан сараар сунгаж болохоор тусгасан.