Хог бол боловсруулаагүй баялаг гэх нь бий. Тэгвэл монголчууд жилд 2.3 сая гаруй тонн ийм баялаг “үйлдвэрлэдэг”-ийг Дэлхийн банк 2019 онд гаргасан тайланд дурджээ. Нийт хог хаягдлын 1.4 сая тн нь Улаанбаатараас гардаг бөгөөд үүний 70 хувийг ландфилын аргаар буюу булж устгадаг аж. Нийт хаягдал, булж устгадаг хогийн 10 000 гаруй тонныг нь аюултай хэмээн тодорхойлжээ. Аюултай гэдэгт өвчин үүсгэх, дэгдэмхий, агаар болон устай харилцан үйлчлэлцэж хортой хий ялгаруулдаг зэрэг шинж чанартай бодис, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, сав, баглаа боодлыг тооцдог. Тэгвэл манай улсад энэ төрлийн хог хаягдлаас хамгийн их “үйлдвэрлэгддэг” нь полиэтилэн канистр, торх, полипропилен уут, шуудай юм байна. Мөн тостой, химийн бодисоор бохирдсон ажлын хувцас, бээлий, алчуур зэргийг дурдаж болох аж. Тэгвэл аюултай хог хаягдал дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, өндөр хүчин чадалтай анхны үйлдвэрийг ашиглалтад оруулсан талаар сонирхуулъя.
Тодруулбал, “Цэцүүх трэйд” компани “ПЕ&ПП дахин боловсруулах эко үйлдвэр”-ийг хоёр жилийн хугацаанд барьж, үйл ажиллагаагаа эхлүүлээд хагас жил гаруй болжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, БНХАУ-ын технологи, тоног төхөөрөмж суурилуулсан эл үйлдвэрт цагт 500 кг, өдөрт дөрөв, сард 104 тонн хог боловсруулах боломжтой. Боловсруулж, уян хатан болгосон материалыг ахин жижиглэн, нягтаршуулж хуванцар үрэл хийдэг гэв. Ийм үрэл нь цахилгаан дамжуулах утасны гадуурх хамгаалалт бусад пластик хоолой, холбогч зэргийн түүхий эд болдог бөгөөд дотоодод, урд хөршид бүтээгдэхүүнээ борлуулдаг гэсэн. Үйлдвэрлэлийг нь энгийнээр тайлбарлавал, тухайн хог хаягдлыг эхлээд бутлагч машинаар жижиглэнэ. Дараа нь өндөр даралтат усаар угааж, анхан шатны цэвэрлэгээ хийдэг юм билээ. Түүнчлэн 2-3 дамжлагаар угааж, бэлэн болгосон материалыг өндөр хэмд халааж, хайлмаг төлөвт оруулна. Ийн уян харимхай болгосон түүхий эдийг будан, өнгийг нь жигдрүүлдэг аж. Өнгөлж, цувьсан бэлдцийг нь хатааж, буталж, үрэл болгон савласнаар бүтээгдэхүүн бэлэн болдог гэсэн үг.
Үүнээс гадна үйлдвэрийн үйл ажиллагааны явц болон хайлах машинаас гардаг хийг сорох төхөөрөмж суурилуулжээ. Энэ нь хортой болон бохирдсон агаарыг цэвэршүүлэх бөгөөд хийг ус, мембран шүүлтүүрээр цэвэрлэж, озоны хүчилтөрөгч болгон гадагшлуулдаг гэнэ. Ингэснээр “ПЕ&ПП дахин боловсруулах эко үйлдвэр”-ээс ямар нэг хортой бодис, хий, хаягдал гардаггүйг үйлдвэрийн дарга У.Нүрсэд хэлсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадаж байна уу?
-Одоогоор нэг ээлжээр буюу ажлын таван өдөр, өдрийн найман цагаар ажилладаг. Үрлэн бэлдцийн борлуулалт нэмэгдэхийн хэрээр бид хоёр, гурван ээлжээр ажиллах боломжтой. Тэгвэл хоногт боловсруулах түүхий эд, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ 2-3 дахин өснө.
-Түүхий эдийн олдоц хэр байдаг вэ?
-Манайх “Оюутолгой”, MCS, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг. Эдгээр компаниас гарсан аюултай хог хаягдлыг тээвэрлэн авчрах юм уу, хүлээн авдаг гэсэн үг. Мөн автомашины аккумлятор, зузаан хуванцар сав, торх зэргийг цуглуулж, борлуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүдээс ч түүхий эд авдаг. Зүй нь аюултай хог хаягдал үүсгэдэг компаниуд хуулийн дагуу, тодорхой хөлс төлж, тухайн хогоо зориулалтын үйлдвэрт хүргэх, ачуулах ёстой. Эл үүргээ зарим аж ахуйн нэгжийн удирдлага биелүүлдэг ч нэг хэсэг нь мэдэхгүй, үл тоох хандлага бий.
-Танайхаас гаргаж буй үрлэн бэлдцийн эрэлт хэр байна вэ?
-Эрэлт ихтэй шүү. Бид дотооддоо “Ан Сэ Хэ”, “Хэв хашмал хуванцар” компанитай хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Хэв хашмал хийн, явган хүний зам барьж, талбай тохижуулдаг аж ахуйн нэгжүүд манай бүтээгдэхүүнийг авах боломжтой. Мөн БНХАУ-аас худалдан авах саналаа ирүүлж, харилцан тохиролцсон юм билээ. Тяньжин хот дахь лабораториор үрлээ шинжлүүлж, бүтээгдэхүүн хийх боломжтой гэдгийг нь тогтоолгосон. Хил нээж, үйлдвэрүүд хэвийн ажиллаж эхлэхээр экспортоо эхлүүлнэ. Одоогоор 150 тонн орчим үрэл урд хөрш рүү гаргахаар хадгалж буй. Ер нь бүтээгдэхүүнийхээ 60 хувийг дотоодод, үлдсэнийг нь экспортлох төлөвлөгөөтэй.
-Үйлдвэрийн ойр орчмын айлууд танай үйлдвэрийг хэр мэддэг болов. Айлууд хог хаягдлаа авчирч өгөх боломж бий юү?
-Энэ бол тусгай зориулалттай, үйлдвэрийн онцгой орчин тул нэг, хоёр хүн хог авч ирснийг нь аваад, боловсруулаад байна гэсэн ойлголт үгүй. Харин хороо, дүүргийн хэмжээнд үүсэж буй хаягдлын тооцоог гаргуулж, гэрээ байгуулан, татан авах боломж бий.
-Аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэрийн онцлог нь юу вэ?
-Хог хаягдлыг хүлээн авах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах үйл явцад аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын нарийн чанд дүрэм баримтлах шаардлагатай байдаг. Тоног төхөөрөмж маань шинэ, хүмүүс ч ийм үйлдвэрт анх удаа ажилллаж байгаа тул дарга, инженерийн байнгын хараа хяналт хэрэгтэй. Одоо ажил зүгшрээд, эхний үеэ бодвол илүү дадлагажиж байна гэсэн юм.
Тус үйлдвэрийг эко, байгальд ээлтэй хэмээн тодотгох өөр нэг үзүүлэлт нь саарал ус ашигладагт байх болов уу. Эднийх хэрэглэсэн бүх усаа саармагжуулж цэвэршүүлэх, 394 шоо метр багтаамжтай автомат ажиллагаатай байгууламж барьжээ. Уг байгууламж нь ашигласан усны механик хольцыг тунгаан, тунгааж шүүсэн усан дахь химийн бодисын хэмжээ, төрлийг тогтоон, шаардлагатай уусмалаар халдваргүйжүүлдэг аж. Үүний дараа жижиг оврын бассейнуудаар дамжуулан, цэвэршүүлсний эцэст дахин ашиглах боломжтой болдгийг үйлдвэрийн ерөнхий технологич, инженер Г.Лхагвадорж тайлбарлав. Олон дахин цэвэршүүлж, ахин ашиглах боломжгүй болсон усыг унд, ахуйн хэрэгцээнд хэрэглэж болохгүй ч зүлэг, мод услахад хор нөлөөгүйг тэрбээр дурдлаа.
Гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт босгосон дээрх үйлдвэрт өдгөө 20 орчим хүн ажиллаж байна. Бүрэн автоматжсан үйлдвэр тул төдийлөн олон хүн ажиллуулах шаардлагагүй аж. Нийт 10 га газрыг хашиж, үйлдвэрийн байр, оффис, агуулах зэргийг барьжээ. Нэмээд хүнд даацын автомашинуудын гарааш, агуулах барихаар төлөвлөсөн гэнэ. Мөн шатаах зуух барьж буй юм билээ. Уг зуухыг зургадугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар зорьж буй аж. Ингэснээр цагт 150-200 кг тостой, химийн хортой бодисоор бохирдсон ажлын хувцас, алчуур, даавуу, синтетик эдлэлийг шатаах юм байна. Тухайн эдийг 800 градусын халуун хэмд шатаах бол шаталтаас ялгарсан хийг 1600 хүртэлх темпаратурт ахин шатааж хоргүйжүүлдэг технологи суурилуулсан аж. Зуухны яндангийн өндөр нь 15 метр байх тул орчин тойронд нь тоосонцор буухгүй гэлээ.
Энэ төрлийн үйлдвэрлэл явуулах, аюултай хог хаягдал боловсруулахад тулгардаг бэрхшээл, цаашид хийхээр зорьж буй ажлынхаа талаар “Цэцүүх трейд” компанийн ерөнхий захирал Ц.Намжил “Бид 20 гаруй жил химийн аюултай, хортой бодис, ийм найрлагатай бүтээгдэхүүн импортлон, борлуулж байна. Энэ хугацаанд манай улсын үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас гадна иргэдийн ахуйн хэрэглээнд аюултай, хортой материалаар хийсэн хувин, сав, торх, сандал зэрэг нь ихээр нэмэгдсэн нь анзаарагддаг. Орон нутагт бараг айл болгон хуванцар бидон, шанага хэрэглэдэг. Түүнчлэн уул уурхайн салбарт төрөл бүрийн бодис ашиглан, хог хаягдал хуримтлуулдаг. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд, бизнесийн ашиг орлогоо бодсон ч энэ төрлийн хогийг дахин боловсруулах, бүтээгдэхүүн хийх боломжийг эрэлхийлж, анхны үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь энэ. Албан ёсоор олон нийтэд мэдээлээгүй ч хагас жил гаруй ажиллуулж байна. БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан гээд холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, санал зөвлөмж солилцдог. Цаашид өөрийн үйлдвэрлэж буй хуванцар үрлээр бүтээгдэхүүн хийх төлөвлөгөө бий. Ингэснээр аюултай түүхий эд, бодис импортолж буй ч хог хаягдлаа цуглуулж, ахин боловсруулж, бүтээгдэхүүн хийн, байгальд ээлтэй, цогц үйлдвэрлэлийг бий болгоно” хэмээн ярив.