Засгийн газрын өнөөдрийн/2020.04.15/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.
Хуралдааны эхэнд Ковид-19 цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт УОК-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг сонсож, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаврыг УОК-ын дарга болон гишүүдэд өгөв.
Тэрбээр, Монгол Улс Ковид-19 цар тахлын дэгдэлтийг дотооддоо хязгаарлаад байгаа ч нийтийн дунд халдвар тархахгүй гэх баталгаа хомс, эрсдэл маш өндөр байна. Иймд болзошгүй эрсдлийг тооцож бид бэлэн байдлаа хангах ёстой. Дараах дөрвөн арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүл гэв.
- Бүх нийтийн бэлэн байдлын сургуулилалт хийх. Нийтэд вирус тархсан тохиолдолд ямар зохион байгуулалтад орж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэх.
- Эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдал, дайчилгаа, судалгааг нэгтгэх. Шуурхай томилгоонууыг хийх. 1,000 хүн халдвар авсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургуулилалтыг эрүүл мэндийн салбарынхан дотроо явуулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгох
- Яармагт баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг Ковид-19 цар тахлын дэгдэлт үүссэн үед ашиглахаар бэлэн байдалд шилжүүлж, бэлтгэн тоноглох.
- Дээд, дунд шатны удирдлагууд, шийдвэр гаргах түвшнийхэн, албан тушаалтнууд мэдээллээ нэг урсгалаар гаргаж байх. Ажлын хариуцлагатай, байх, олон нийтийг талцуулсан ойлгомжгүй мэдээлэл албан болон албан бусаар түгээхгүй байхыг тус тус анхааруулж байна гэв.
Газар тариалангийн салбарт 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор шийдвэрлэлээ
- Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулга хийв. Улсын хэмжээнд тус салбарт төрийн 40, төрийн бус 910 нийт 950 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны статистик мэдээгээр улсын хэмжээнд 17,818 спортын цол зэрэгтэй тамирчин, 2,565 дасгалжуулагч, багш ажиллаж, 1,017 спортын заал, 765 спортын гадаа талбай байгаа нь тоологджээ.
- Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. Тогтоолын хүрээнд үр тариа, тос тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамж үнийг тогтворжуулах зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор шийдвэрлэлээ. Зээлийг нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн хүүгийн 13.5 тэрбум төгрөгийн зөрүүг төсөвт тусгахаар болов.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Үндэсний геологийн албыг байгуулав. Алба нь 6 хэлтэстэй байх ба түүний гадаад нэгж болох Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах хадгалах үйлчлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм.