Засгийн газар иргэд, ААН-ээ дэмжсэн чиглэлд үндсэн 7 арга хэмжээ авч ажиллахаар болсон гэдгийг өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлсэн билээ. Тухайлбал 4 дүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл ААН-үүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, мөн 6 сарын турш иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй бүрэн чөлөөлөхөөр болсон.
Тус шийдвэр гарч ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж байгаа учраас ажилтныг 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож бичилт хийх арга хэмжээг авна. Учир нь ажилтан тэтгэвэрт гарахад нийгмийн даатгалын 6 сар нь шимтгэл төлөөгүй тасрах юм.
Иймд засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцуулъя:
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид:
Хувиараа хөдөлмөр эрхэлж буй 250 орчим мянган иргэн улсын хэмжээнд байдаг. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сарын хугацаанд чөлөөлөхөөр болсон. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг дордуулахгүй байх үүднээс 6 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ.
Хувийн хэвшлийн аж ахуй байгууллага:
Засгийн газраас шийдвэр гараад ажил олгогчдыг дэмжиж, ажилтны болоод ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сарын хугацаатай чөлөөлж байгаа учраас ажил олгогчид энэ хугацаанд ажлын байрыг цомхтгохгүй, ажилтныг ажлаас нь чөлөөлөхгүй байх, цалинг нь бууруулахгүй байх, ажлын байрыг хадгалах үүргийг Засгийн газрын өмнө хүлээж буй.
Төрийн болоод төрийн өмчит байгууллагууд:
Төрийн болоод төрийн өмчит байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэлийг энэ 6 сарын хугацаанд чөлөөлөх арга хэмжээнд оруулахгүй юм байна. Энэ нь үндсэн төрийн өмчит байгууллагууд өөрсдөө Засгийн газрын дэмжлэг авч ажиллаж байгаа байгууллага учраас үйл ажиллагааг хэвийн явуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ хэвийн төлөөд явах нөхцөл боломж байгаа гэж үзжээ.
Харин хувь хүний орлогын албан татварыг 6 сарын хугацаатай чөлөөлөх асуудал яригдсан. Энэ асуудалд хувийн хэвшил, төрийн болон төрийн өмчит байгууллагууд, төсвийн байгууллагуудын ажиллагсад 100 хувь хамарна.